Categories
гадаад мэдээ

Ачааны хөлөг дээр шатаж буй автомашинуудын үнэлгээг 400 сая гэж тооцоолжээ

Атлантын далайн дунд хэсэгт гал түймэрт автаж, жолоодлогогүй хөвж яваа ачааны хөлөг дээр 4,000 орчим тансаг ангиллын цоо шинэ автомашин байгааг өмнө нь мэдээлсэн билээ.

Хөлөг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт шатаж эхэлсэн ба хөлгийн багийн гишүүд болох 22 хүнийг Португалийн тэнгисийн флотынхон нүүлгэн шилжүүлээд байгаа.

Felicity Ace ачааны хөлөг Porsche, Audi, Bentley, Lamborghini брэндийн өндөр үнэтэй төмөр хүлгүүдийг Германаас АНУ руу тээвэрлэж явсан юм.

Russell Group-ийн даатгалын мэргэжилтнүүд эдгээр автомашинуудын үнэлгээг $401 сая гэж тооцоолсноо өчигдөр мэдээлжээ.

Автомашинуудаас гадна ачаанд байгаа тоноглол, эд ангиудыг нэмбэл нийт үнэлгээ нь $438 сая болж байгаа гэнэ.

“Энэ тоо баримт дэлхийн бараа түгээлт, нийлүүлэлтийн сүлжээний найдваргүй, эмзэг байдлыг батлан харууллаа” гэж Russell Group-ийн гүйцэтгэх захирал Суки Баси хэлжээ.

Felicity Ace хөлгийг эзэмшигч Сингапурын MOL Ship Management компани өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “түймэр үргэлжлэн шатаж, хөлөг Азорын арлуудын өмнөд эргээс улам холдож байгаа” тухай мэдээлсэн байна.

Тус компанийн илгээсэн гал унтраагч хоёр хөлөг Даваа гарагт багтан ачааны хөлгийн байгаа газарт хүрэх гэнэ.

Роттердам хотоос гарсан өөр нэг гал унтраагч хөлөг Бямба гарагт хүрэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Хөлгийн шатахуун гадагш алдагдаж, далайн усыг бохирдуулсан шинж тэмдэг илрээгүй байгааг бас мэдээлсэн байна.

Ачааны хөлөг дээр байгаа цахилгаан хөдөлгүүрт автомашинуудын lithium-ion батарей түймрийн галыг улам нэмэгдүүлж байгаа тухай Азорын арлуудын хамгийн ойр орших боомтын ахмад Жоа Мендез Кабекас өнгөрсөн амралтын өдөр хэвлэлд ярьж байсан юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр хөлөг дээр Porsche брэндийн 1,100 орчим, Bentley брэндийн 189, Lamborghini брэндийн 21 автомашин байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *