Categories
мэдээ улс-төр

МАН-ын гишүүнээс хасагдах зургаа дахь хүн нь Ч.Хүрэлбаатар бололтой

Увс аймагт сонгогчид нь санал өгөхдөө заавал мөнгө авч байж саналаа өгдөг жишгийг Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар эхлүүлсэн. Аймгийн төвийн худалдааны зах дээр 20 мянгатын дэвсгэртүүд хүмүүст өөрийн биеэр тарааж, хээв нэг зогссон бичлэгүүд нь одоо сошиалд бий. Сонгуулийн хууль зөрчсөн энэхүү хуулийн хариуцлагыг Ч.Хүрэлбаатарын бие төлөөлөгч залуу нь үүрч, шоронд ачигдсанаар Ч.Хүрэлбаатар гэж Монголын төрийн өндөр албанаас өнөөдрийг хүртэл буухгүй яваа нөхрийн тарыг монголчууд таньж эхэлсэн. МАН-ын залуу гишүүдийн дунд Ч.Хүрэлбаатараас л холхон байх ёстой шүү гэх үг тэр үед хүчээ авч байлаа. МАН-д, маньд гай болох хүн намаас хамгийн том албан тушаалуудад томилогдож ирлээ шүү, ийм хүнээс салах цаг болоогүй юм байх даа гэсэн яриа хаалганы цаана өрнөх болсон нь Ч.Хүрэлбаатарын хүйтэн харьцаа, өөдгүй хандлагаас намын гишүүд нь хүртэл залхсан, ад үзэх болсны шинж юм.

Өөрийнхөө өмнөөс бие төлөөлөгч залуугаа шоронд явуулчихдаг Ч.Хүрэлбаатар юуны хүчинд УИХ-ын гишүүн, сайд дарга хийсээр өнөөдрийг хүрэв. Мэдээж МАН-д шүдний өвчин болж нэлээн хэдэн жилийн нүүр үзэж байгаа Сү-гийн фракцийн гол төлөөлөл юм. Сү.Батболдын энэхүү фракцид Орост их сургууль төгссөн, сүүлд баруунд мэргэжил дээшлүүлсэн нэр бүхий, боловсролтой гэдэг нөхдүүд бий. Бүгдээрээ гишүүн, сайдын суудлаас бүх цаг үед салдаггүй. Хамгийн гаслантай нь Монгол Улсын зүгээс бүгдийг нь гадаадад боловсрол эзэмшүүлж, төрийн ажлын маш их туршлага суулгасан болохоор улс орноо хөгжүүлнэ гэж найдсан. Гэвч нөхдүүд олсон боловсролоо эх орноо хөгжүүлэх үйлсэд биш, харин боловсрол мэдлэгээ эх орноо тонон дээрэмдэхэд зориулсан юм. Түүний нэг жишээ нь, Ч.Хүрэлбаатарын Хотгор шанагын уурхайг солонгосчуудад сая сая доллараар зарсан явдал. Энэ түүхийг их олон хүн мэдэх учраас ингээд орхиё.

Одоо ид дуулиан шуугиан болж байгаа Хөгжлийн банкны асуудал байна. Үүнд хамгийн их оролцоотой хүн бол Ч.Хүрэлбаатар. Мань эр 2017 оноос эхлэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хөл нүцгэн хүүхнээр далимдуулж огцрох хүртэлх хугацаанд Сангийн сайдаар ажилласан. Өнөөдөр Хөгжлийн банкнаас хамгийн өндөр дүнтэй баталгаагүй зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нөхдүүдийн 70 хувь нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллаж байх үед олгогдсон байгаа юм. Хөгжлийн банкинд хамгийн нөлөөтэй албан тушаал бол Сангийн яам. Нөхөр Сангийн сайд болонгуутаа “Монгол Улс чинь дөрвөн тусдаа төсөвтэй болчихож. Түүний нэг нь Хөгжлийн банк. Үүнийг эмхэлж авахгүй бол болохгүй нь” гэсэн сүртэй мэдэгдэл, мессэжүүдийг нийгэмд өгч, тархи угааж байгаад Хөгжлийн банкны бүх эрх мэдлийг өөртөө авсан. Ингээд юу хийсэн байх вэ. Тодорхой шүү дээ, өөрийн гар хөлөө байршуулж, Хөгжлийн банкаар тоглож өгснийг шинжээчид одоо ярьж байна. Гэвч нийгэмд гарч ирж дуугарч чадахгүй байгаа нь анхаарал татах асуудал. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур, бантан зуурагч Ч.Хүрэлбаатарын нэр Хөгжлийн банкин дээр тийм тод биш байгааг МАН-ын Хяналтын хороо ч дотроо ярьсан байна. Ажлын хэсгийнхэнд анхааруулсан байна. Үүний нэг тод жишээ бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдрөөс эхлэн “Хөгжлийн банкны захирлуудыг томилсон, томилуулсан хүмүүсийг хамгийн сайн шалгах ёстой юм байна” гэсэн үгийг хэлэх боллоо. Энэ нь Ч.Хүрэлбаатар нарыг шалгаж эхэлсэн гэсэн үг. МАН-ын удирдах зөвлөл дээр Хөгжлийн банк яагаад ийм байдалд хүрсэнд хамгийн тодорхой хариулт өгөх хүн бол Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар гэдэг үгийг тодорхой хүмүүс хэлжээ. Ингээд сая намаас сануулга өгөх хүмүүсийн нэрст түүний нэрийг оруулахыг, бүр зарим гишүүд нь МАН-ын гишүүнчлэлээс хамгийн эхэнд түдгэлзүүлэх ёстой хүн бол Ч.Хүрэлбаатар гэсэн санал гарч эргэн ярилцахаар болжээ. Ч.Хүрэлбаатарыг ийнхүү намаас хөөх, түдгэлзүүлэх асуудал дээр ордонд байгаа нэгэн мэнгэтэй хүн түгжээ болж байгаа гэсэн яриа ч байна.

Ч.Хүрэлбаатарын хууль бус үйлдэл, албан тушаалын хэтрүүлэлтийг хамгийн ихээр илчлэн ил цагаан нийгэмд мэдээлдэг Увсын Засаг дарга асан Д.Цэндсүрэн үүний үнэрийг авсан бололтой сая хэвлэлийн баг хурал хийхдээ түүний Увсад хаанчлалаа хэрхэн тогтоосон, 10 гаруй жил Увс аймгийг тонон дээрэмдэж байгааг зарлалаа. Түүний яриагаар бол наад зах нь гэхэд түүний сонгуулийн штабын ажилтан байсан Б.Дүгэрээ гэж нөхөр Увсын Драмын театрын барилгын ажлыг 6.8 тэрбумаар барина гэж аваад 3.6 тэрбумыг төсөвт нэмүүлсэн нь Ч.Хүрэлбаатарын нөлөө гэнэ. Одоо хүртэл театрын барилга нь ашиглалтад ороогүй байгааг баримтаар зарлалаа. Цаашилбал, Увс аймагт царцсан бүтээн байгуулалтын олон ажил болох Усан бассейн барилга, Чандманы автозамын тендерүүдийн ард Ч.Хүрэлбаатар байгаа гэв. Тэр ч бүү хэл тендерийн таван давхрын барилгыг дөрвөн давхар болгон барьж, барилгаас давхраар нь иддэг нөхөд ямар ч гэм зэмгүй явааг Ч.Хүрэлбаатартай холбон баримт дэлгэлээ… Энэ мэтээр Ч.Хүрэлбаатарын хууль зөрчсөн баримтууд, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлүүдийн баримтууд МАН-ын цагаан байр руу урсаж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Энэ бүгдийн эцсийн үр дүн нь МАН-ын гишүүнчлэлээс Ч.Хүрэлбаатарыг түдгэлзүүлэх, улмаар гишүүнээс хасах, АТГ-т баримт нотолгоо батлагдвал УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлууд шил шилээ даран шуугиан болохоор хүлээгдэж байгаа бололтой. Угаасаа ч УИХ-ын нэр бүхий гишүүдэд АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Түүн дотор Хаан банкны хувьчлалтай холбоотойгоор Японы иргэн Савадагийн гомдлоор Ч.Хүрэлбаатарт хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм билээ. МАН-ын шинэчлэгдсэн дүрмээр хэн нэгэн гишүүн нь хуулийн байгууллагад шалгагдаж эхэлбэл намын гишүүнчлэлээс шууд түдгэлзүүлнэ гэсэн заалт үйлчилж эхлээд яг 10 хонож байна… Зөвхөн Хаан банкны хувьчлалтай холбоотойгоор албан тушаалаа урвуулан ашигласан нь нотлогдвол намын гишүүнчлэл байтугай юм болох биз дээ.

Б.Сэлэнгэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *