Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан явууллаа.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөний онцолсон сэдэв бол өнөөдрөөс эхлэн нийслэлд хэрэгжүүлж буй зарим Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хичээл эхлэх болон тарах цагт оруулсан зохицуулалт байлаа.
Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлж, хоёрдугаар сарын 21 буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээний 59 сургуулийн хичээл эхлэх болон тарах цагт зохицуулалт хийсэн. Энэхүү зохицуулалтын дүнг тухай бүрд шуурхай тооцон ажиллаж байна. ЕБС-ийн хичээл эхлэх, тарах цагт зохицуулалт хийхийн тулд холбогдох мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн Боловсролын газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран судалгаа хийж, санал боловсруулсан. Түүнчлэн цахим орчинд олон нийтийн дунд санал асуулгыг явуулахад санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь энэхүү зохицуулалтыг дэмжсэн. Сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлсэн зохицуулалт хийснээр авто замын ачааллыг 12.5 хувиар бууруулна гэж тооцоолсон” гэлээ.
2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төрийн 152, төрийн бус өмчийн 129 сургуульд 340069 хүүхэд суралцаж байна. Үүнээс цагийн зохицуулалт хийсэн 59 сургуульд 85207 хүүхэд суралцдаг байна.
Цагийн зохицуулалтаар:
-Өглөө 07:45, өдөр 13:15 цагт төрийн өмчийн 13, төрийн бус өмчийн найм, нийт 21 сургуулийн 47330 сурагч буюу нийт сурагчдын 13.9 хувь,
-Өглөө 08:15, өдөр 13:45 цагт төрийн өмчийн ес, төрийн бус өмчийн зургаа, нийт 15 сургуулийн 26189 сурагч буюу нийт сурагчдын 7.7 хувь,
-Өглөө 09:00 цагт нэг ээлжтэй төрийн өмчийн нэг, төрийн бус өмчийн 22, нийт 23 сургуулийн 11688 сурагч буюу нийт сурагчдын 3.4 хувь хамрагдана.
Тээврийн цагдаагийн албанаас өнөө өглөөний байдлаар Нарны зам дагуух сургуулиудын хичээл адил цагт эхэлж байгаагаас түгжрэлийг бууруулахад нөлөөлж чадахгүй байна гэсэн байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, Нарны зам дагуух сургуулиуд болох Сант, Орос III, 31 дүгээр сургуулийг зорьсон хөдөлгөөний ачаалал буурсангүй гэсэн юм. Өмнөх хоёр жилд нийслэлийн хэмжээнд 281 сургууль хөл хориотой байсан бөгөөд үндсэндээ 340 мянган тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөнд оролцоогүй гэдгийг албаны эх сурвалж тодотгож байлаа.
ЕБС-ийн хичээл эхлэх цагийн зохицуулалтыг нийслэлийн хэмжээнд туршилтын журмаар хэрэгжүүлж буй бөгөөд цаашид уян хатан байдлаар хэрэгжүүлж, үр дүн өгөхгүй байгаа газруудад өөрчлөлт оруулах бүрэн боломжтой шийдвэр гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарлалаа.
Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өмнөх долоо хоногийн даваа гарагийн түгжрэлийн оргил цагийг өнөө өглөөний оргил цагтай харьцуулжээ. Өглөөний 06:00-07:00 цагт замын ачаалал өмнөх хоногоос 23 хувиар өссөн бол бусад цагуудад 17-21 хувиар буурсан байна. Цагийн зохицуулалттай холбоотойгоор энэ долоо хоногийн турш тодорхой байршлуудад ажиглалт хийж, бусад үетэй харьцуулсан судалгаа хийнэ гэдгийг албаныхан хэлж байна.
Хөрөнгө оруулалтаар хэрэгжих 22 ажлын тендер зарлахад бэлэн болжээ
Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл, зохион байгуулалтын явцын талаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван танилцууллаа.
-Нийтдээ Нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар 105 төсөл, арга хэмжээ Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжиж ирсэн. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 32 төсөл, арга хэмжээ, нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө болон нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 73 ажил байна. Эдгээрээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг ангилж үзвэл, Барилга хот байгуулалтын яамнаас 17, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 13, Эрүүл мэндийн яамнаас хоёр ажил шилжиж ирсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 32 ажлаас гурав нь дүүрэг рүү шилжиж, 29 нь нийслэлд төвлөрч буй юм. Эндээс 19 ажлын техникийн тодорхойлолт, даалгавар нь ирээд байна. Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө болон нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 73 ажлын 22 нь тендер зарлах хэмжээнд бэлтгэл хангагдаад байна гэлээ.
Нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажилтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва “Нийслэлийн хувьд зураг төсөвгүй, асуудал нь тухай бүр шийдэгдэж чадаагүй хөрөнгө оруулалтын ажлууд мэр сэр байна. Тиймээс хөрөнгө оруулалтын ажилд бүх байгууллагын дарга нар, Засаг даргын орлогч нар чиглэл, чиглэлээр анхаарал тавьж ажиллаарай” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын 98 хувийг шийдвэрлэжээ
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд 2021 онд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.
Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа алба агентлагууд зэрэг 1248 байгууллагын 3009 нэгжийн 28 мянган албан хаагч ERP системд нэгдсэн байдаг. Нийслэлийн хэмжээнд 27312 өргөдөл гомдол ирсний 98 хувийг шийдвэрлэжээ. Эдгээрээс нийслэлийн 34 агентлагт хаягласан 13685 өргөдөл гомдол ирснээс Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Авто замын хөгжлийн газарт хамгийн олон өргөдөл өгсөн байна. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн удирдах газар, Зорчигч тээвэр-3 зэрэг газруудад иргэд олноороо хандсан бол орон нутгийн өмчит төсөвт байгууллагуудаас Нийгмийн халамжийн тусгай төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Төр захиргааны авто бааз гэсэн газрууд өргөдөл гомдлын тоогоороо тэргүүлж байна. Есөн дүүргийн хэмжээнд 7200, Захирагчийн ажлын албанд 509 өргөдөл гомдол ирсэн байна.
Нийслэлийн хэмжээний нийт байгууллагад хаягласан өргөдөл гомдлын шийдвэрлэлт өндөр хувьтай байгаа ч хуулийн хугацаанд нь хариу өгөөгүй, хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн дутагдал нийтлэг байгааг дурдаж байлаа. Тиймээс энэ онд өргөдөл гомдол шийдвэрлэх хугацаанд анхаарч, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа тохиолдолд хугацааг нэг удаа 30 хоногоор сунгадаг боломжийг ашиглах нь зүйтэй хэмээн санууллаа.
Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: -Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр гаргасан. Өдөр тутмын хэвийн амьдралд шилжсэн хэдий ч халдвар хамгааллын дэглэмээ барих, амны хаалтыг тогтмол зүүхийг анхааруулж байна. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад коронавируст халдварын тоо нийслэлийн хэмжээнд 37.1 хувиар буурсан байна. Шинжилгээний эерэг тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос 8.5 хувиар буурсан. Халдварын шалтгаантай нас баралт 50 хувиар буураад байна гэлээ.
Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгов. Эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт хатгалгаа өвчний улмаас эмчлүүлэгсдийн дунд хүүхэд олон байгаа аж. Томуугийн улмаас эмнэлгүүдийн ор ашиглалт 90-93 хувьтай байна. Түргэн тусламжийн дуудлагын тоо 6.2 хувиар буурсан ч хүүхэд өвдсөн гэх дуудлага 1.9 хувиар нэмэгдсэн байна. Тиймээс хүүхдийн нэмэлт амбулаторийг ажиллуулсаар байгаа юм.
Коронавирусийн халдварыг бууруулахад хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт учраас цаашид ч байгууллага, салбарын түвшинд анхаарч ажиллахыг санууллаа.
Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн хэрэгжилтийг заалт бүрээр сайтар хангахыг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өгөв.
Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хүрээнд:
-2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, 2
-Нийслэлийн Засаг даргын 2022 оны Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавих, Шуу
Коронавируст /ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд:
-2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн халдварын тархалтын “Шар түвшин”-д шилжсэнтэй холбогдуулан “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-д заасныг баримтлан халдвар хамгааллын дэглэмийг сахиж, амны хаалт тогтмол зүүж, гараа ариутган, дархлаа сэргээх нэмэлт тунд ажилчдаа бүрэн хамруулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг уриалж ажиллах,
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчинд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах,022.02
Цаг үеийн асуудлын хүрээнд:
-Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээхийг үүрэг болгов.