УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж буй Улс төрийн намын тухай хуулийн төслийн агуулгад намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө оруулалт, санхүүжилт болон зарцуулалтын ил тод байдлыг хангах, эмэгтэй, эрэгтэй улстөрчдийн тэгш гарааны нөхцөлийг хэрхэн хангах талаар санал солилцох “Улс төрийн нам ба тэгш гараа” уулзалт, хэлэлцүүлэг болов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Намд хэдий хэмжээний санхүүжилт орсон, хэрхэн олон нийтэд тайлагнадаг нь тодорхойгүй байна. ХҮН нам анх санхүүжилтээ ил болгож байсан бол МАН хоёрдугаар сарын 1-нээс санхүүжилтээ ил болгосон. Улс төрийн намууд санхүүжилтээ тайлагнахгүй байгаа нь хууль бусаар санхүүжих эрсдэлийг дагуулж байна. Тиймээс улс төрийн намын санхүүжилт, бүх орлого, зарлагыг ил болгох ёстой гэж үзэж байна.
Тухайн намууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн тохиолдолд нэмэлт санхүүжилтийг олгодог болно. Намын санхүүгийн дэмжлэгийг зөвхөн УИХ-д суудалтай намуудад олгодог байдлыг өргөжүүлж өгсөн.
Нам бүх зардлын тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ. Сонгуулийн төв байгууллага тухайн намуудад хэрхэн санхүүжилт хуваарилах, санхүүгийн тайланд алдаа байна гэдэгт үндэслэж дараагийн санхүүжилтийг олгоно. Намын санхүүгийн үйл ажиллагаанд намын дарга захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл, нам болгон санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан ажиллана.