Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөшигийн хөндийд ИНЕГ-ын 600 айлын орон сууц 150 хүүхдийн цэцэрлэг байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөшигийн хөндийд өрнөх бүтээн байгуулалтын зарим ажлын зураг төсөл, газрын байршилтай танилцлаа.

Хөшигийн хөндийд баригдах Засгийн газрын нэгдсэн цогцолбор ИНЕГ-ын 600 айлын орон сууц барих, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зураг төсөл бэлэн болжээ. Тухайлбал, ИНЕГ-ын ажилтнуудын орон сууцыг дагаад 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн хотхон сүндэрлэх юм байна.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хотыг тэлэх, дагуул хот байгуулах бодлогын хүрээнд Төв аймаг, Хөшигийн хөндийд орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, оюутны хотхон, үйлчилгээний төвүүдийг БНСУ, Казахстан, Сингапур улсын загвараар барьж байгуулахаар төлөвлөж, зөвлөх үйлчилгээ авч, зарим ажлынх нь зураг төслийг гаргасан байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудлын орчимд багагүй газар иргэд, аж ахуйн нэгж авсныг Ерөнхий сайд шүүмжилж, Засгийн газрын шийдвэр албажихаас өмнө иргэд яаж мэдэж, газар авсан байх вэ. Энэ бол цэвэр авлигатай холбоотой асуудал гээд үүнийг шалгахыг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болголоо. Мөн энэ үеэр Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад хариуцлага тооцож, цаашид энд шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетынхаа бүх сайд нартай хамт дээрх ажилтай танилцсан. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа гурван удаа Хөшигийн хөндийд ажиллаж, зарим үүрэг даалгаврыг өгч байсан, өнөөдөр энэ ажлынхаа биелэлтийг шалгаж буй нь энэ юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *