ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр зэвсэгт хүчиндээ цөмийн дайны сургуулилалт эхлүүлэх тушаалыг өгсөн байна.
Тэрбээр сургуулилалтын ажиллагааг Москва дахь удирдлагын төвөөс Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хамт ажиглаж байгааг харуулсан гэрэл зургийг Кремлиэс тараажээ.
Сургуулилалтад цөмийн болон цөмийн бус зэвсгүүдийг ашиглаж байгаа юм байна.
Энэ үеэр хэд хэдэн төрлийн баллистик болон далавчит пуужинг ашиглах тухай ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Сургуулилалтад Умард тэнгис, Хар тэнгисийн флот, агаарын хүчний анги нэгтгэлүүд оролцохоор болсон байна.
Тухайлбал Оросын баруун хойд бүсийн Плесецк агаарын баазаас харвасан РС-24 Ярс тив алгасах баллистик пуужин 5,700 км орчим зам туулж, алс дорнодын Камчаткийн хойг дахь байнд цохилт өгчээ.
Умард туйлын Баренцын тэнгист байрлаж буй Карелия шумбагч хөлгөөс харвасан Р-29РМУ Синева баллистик пуужин мөн Камчаткийн хойгт хүрсэн байна.
Умард болон Хар тэнгис дэх байлдааны болон шумбагч хөлгүүдээс Калибр далавчит пуужинг харважээ. Эндээс дайсны тэнгисийн хөлөгт цохилт өгөх зориулалттай цоо шинэ Циркон дуунаас хурдан пуужинг мөн харвасан байна.
Ту-95 стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцнууд Камчатка болон Оросын баруун бүс нутаг дахь байнуудад цохилт өгчээ.
Оросын өмнөд бүсийн Астрахань мужийн нутгаас хөдөлгөөнт харвагчид 9К720 Искандер баллистик пуужингаар ойрын зайд цохилт өгсөн байна.
Өрнөдийн орнууд ОХУ-ыг Украин руу халдан довтлохоор бэлтгэж байна хэмээн буруутгаж байгаа. Харин Москвагийн эрх баригчид цэргийн сургуулилалтаа Украины нутаг дэвсгэрт халдах зорилгогүй, ердийн төлөвлөгөөт арга хэмжээ хэмээн няцааж байна. Пүрэв гарагаас Украины салан тусгаарлагчдын хяналтад байгаа Донецк, Луганск мужуудад байлдааны ажиллагаа эрчимжиж, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрчүүдийг цэрэгт дайчлах ажлууд эхэлжээ. Эдгээр мужуудтай хил залгаа ОХУ-ын Ростов мужид онц байдал зарлаж, Донецк, Луганскаас ирсэн дүрвэгчдийг хүлээн авч эхэлсэн байна.
Эх сурвалж: Russia Today