Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар “Өнөөдөр хэрэглээний үнийн өсөлтийн дарамт дунд ард иргэд амьдарч байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд цалин хөлс нэмэгдээгүй. Тиймээс зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Иргэд өрхийн хэрэглээ нь хүрэхгүй болохоор зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Иймд хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна.
Иргэдийн цалин, хэрэглээний зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаах, дээд тал нь 10 хувь болгохыг шаардаж байна. 3, 4, 5 хувийн зээлийг зарим хүн хэдэн их наядаар нь авч байна.
Бид хугацаатай шаардлагыг хүргүүлж байгаа. Гуравдугаар сарын 1-ны дотор хариу өгөхийг шаардаж байна. Энэ асуудал дээр шударга хандахыг хүсье.
Нэн яаралтай хууль гаргаж, шүүхэд хандсан тохиолдолд зээлийн хүү, алдангийг нь зогсоодоггүй байдлаар хариуцлага нэхэх ёстой.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, ажлын байр бий болгодоггүй том компани, эрх мэдэлтнүүд хамгийн бага хүүтэй зээлийг авч, мөнгө хүүлж байна. Үүнийг дагаад авлига, хээл хахуулийн олон асуудал байна.
Үнэхээр зээл авах гэж байгаа бол бүгд шударга байя” гэв.