Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Төр-Од: Намуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлага, үйл ажиллагааны зарчмыг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлнэ


Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Уг төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн, Үндсэн хууль судлаач Л. Төр-Одтой ярилцлаа.


-Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх асуудал нэлээд олон жил яригдсан. Ирэх хаврын чуулганд өргөн баригдахаар боловсруулагдаж байна. Шинэчилсэн найруулгын төсөлд одоо мөрдөгдөж байгаа хуулиас ямар дэвшилттэй заалтууд тусгагдсан байна вэ?

-Манай улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн Хоёрдугаар бүлгийн Арванзургадугаар зүйлийн 10-т Монгол Улсын иргэн “Нийгмийн болон ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй Нам нь нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно” хэмээсэн байгаа. Ингэж иргэдийн эвлэлдэн нэгдэх, улс төрийн намыг байгуулан нийгмийн ашиг сонирхол, үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, амьдралд хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлийг анх заасан.

Харин 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гурван заалтыг шинээр тусгасан. Нэгдүгээрт, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах болон улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллахаар. Хоёрдугаарт, улс төрийн намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байх. гуравдугаарт, намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллгааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно гэж цоо шинээр тусгасан.

Шинэ хуулийн төслөөр иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор улс төрийн нам байгуулах, өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь дуусгавар болгох, улсын бүртгэлд бүртгэх, намын зохион байгуулалт, хяналт, санхүүжилт үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, үүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна. Улс төрийн намыг илүү өргөн хүрээнд тодорхойлно. Намын нийгэмд гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны зарчмыг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн хуульд шинээр болон өөрчлөн тусгана. Тухайлбал, төрөөс намын үйл ажиллагааг зохицуулахдаа баримтлах зарчмыг тогтоож өгсөн бөгөөд ингэхдээ ардчилсан нийгмийн үндсэн хэм хэмжээ, хүний эрхийг хангах нийтлэг шаардлагыг үндэслэн, нийтлэг зарчмуудыг зааж өгнө.

-Шинэ хуулиар улс төрийн намууд яг ямар чиг үүрэг хэрэгжүүлэх вэ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү?

-Монгол Улс нэг нам бүхий улс төрийн тогтолцоог халж, олон намыг анх хүлээн зөвшөөрснөөс хойш даруй 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хэдийгээр олон улс төрийн нам байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч өнөөгийн нөхцөл байдалд намуудын төлөвшилтийг дэмжсэн, институцичлэлийг хангасан хууль зүйн орчны дорвитой шинэтгэл хийгдээгүй юм. Нөгөөтэйгүүр, УИХ-д суудалтай цөөн хэдээс бусад улс төрийн намууд үзэл баримтлал, үйл ажиллагаагаараа олон нийтийг татах, манлайлах шинж чанар нь алдагдаж төлөөллийн ардчиллын гол институци байгуулалт болохын хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч байна. Улс төрийн намын төлөвшил сул, үйл ажиллагаа, санхүүжилт нь ил тод бус байгаа нь Үндсэн хуулиар бий болгосон төрийн байгуулал, түүний тогтолцоо, институцийн чадавх, ардчиллын бэхжилтэд сөргөөр нөлөөлөх болов. Монгол Улсын төрийн байгуулал институцүүдийг бүрдүүлэхэд чухал үүрэг бүхий улс төрийн намуудын чиг үүрэг, дотоод зохион байгуулалтыг ардчилсан зарчимд нийцүүлж, нийт үйл ажиллагаа, хөрөнгө, санхүүжилийн эх үүсвэр, зарцуулалтыг ил тод, нийтэд нээлтэй болгох хэрэгцээ шаардлага нийгэмд үүсээд байна. Шинэ хуулийн төсөлд улс төрийн намын чиг үүргийг анх удаа нарийвчлан зааж өгч Үндсэн хуульт байгуулал, парламентын ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг хэмээн тодорхойлсон. Тухайлбал, нам нь ард түмний хүсэл зориг, олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх, засаг төр болон ард иргэд хооронд тогтвортой, идэвхтэй, байнгын холбоо харилцаа үүсгэн тогтоох үүрэгтэй. Мөн улс төрийн алба хаах хариуцлагатай иргэдийг бэлтгэ, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцох зэрэг үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгав.

-Нам иргэдийн санаа бодлыг төлөвшүүлэх үүргээ яаж биелүүлэх ёстой вэ. Одоо манай улс төрийн намуудад энэ үүрэг их дутагдаж байх шиг?

-Өнөөгийн байдлаар улс төрийн намуудын бодлого боловсруулахад ард иргэдийн санаа бодлыг төлөвшүүлэх механизмыг бий болгоход чиглэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Намаас гаргаж буй бодлого шийдвэр нь судалгаанд тулгуурлахаас илүүтэйгүүр лидерийн мэдрэмж, олон нийтийн санаа бодол, нийгмийн цахим сүлжээ, бизнесийн бүлэглэлүүдийн захиалгад тулгуурлах хандлагатай, бодлогын намыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймээс улс төрийн намуудыг орчин үеийн олон ургальч ардчиллын хөгжилт дэвшлийг харгалзан илүү өргөн цар хүрээнд хуулийн төслөөр тодорхойлж, ард иргэдийн хүсэл зориг болон тууштай дэмжлэгт суурилж, тэдгээрийн үзэл бодлыг намаас төлөвшүүлж хөгжүүлэх эргэх холбоог шинээр хуульчилна. Намын нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлага, нийт үйл ажиллагааны зарчмыг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн хуульд шинээр болон өөрчлөн тусгана. Улс төрийн намыг “хөтөлбөрийн” буюу “бодлогын нам” болгох, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах Үндсэн хуулийн нэмэлтийн үзэл санаа, эрх зүйн зохицуулалтыг хуульд шинээр тусгана. Нам нь өөрийн улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйлдээ нийцсэн дүрэм, мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг болно.

-Намууд иргэдэд улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд ямар үүрэг оролцоотой байдаг вэ. Шинэ хуульд энэ талаар яаж заасан юм бол?

-Шинэ хуулийн төсөлд орчин үеийн улс төрийн намуудын хөгжлийн ерөнхий чиг хандлагыг тусгахаас гадна ард иргэдийн улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон төрийн үйл хэрэгт ард иргэдийн идэвхтэй оролцоог хангах чухал чиг үүргийг нарийвчлан тодорхойлж өгсөн. Энэ зорилгыг ажил хэрэг болгох үүднээс иргэдийн улс төрийн боловсрол, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хангах хамтын ажиллагааны хүрээнд олон улсын болон гадаад улсын байгууллага, дэвшилтэт улс төрийн гадаад намуудын улс төрийн боловсролын сантай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хөхиүлэн дэмжинэ. Хамгийн гол нь нийт иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх засаг төрийн бодлого боловсруулахад зориулж улсын нэгдсэн төсвөөс шууд тодорхой хэмжээний санхүүжилт олгохоор хуулийн төсөлд зааж өглөө.

-Улс төрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр сонголтгүй сонгууль болж байна гэсэн шүүмжлэл бий. Хуулийн төсөлд энэ талаар нарийн заалт байна уу?

-Хуулийн төсөлд намын үндсэн чиг үүргийг заахдаа улс төрийн бүх шатны сонгуульд гишүүд болон дэмжигчдээсээ нэр дэвшүүлж шударгаар өрсөлдөх зарчмыг чухалчилсан билээ. Улс төрийн намууд үзэл баримтлал, үнэт зүйлд суурилсан намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зохицуулах харилцааг хуульд заагаагүйгээс үүдэн намууд өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалаас хазайх, цаг зуурын шинжтэй олон нийтийг татах гэсэн популист амлалт бүхий сонгуулийн хөтөлбөр дэвшүүлдэг. Үүнээс үүдэн улс төрийн үнэт зүйлс нийгмийн харилцаанд баттай суурьших хөрсийг бүрдүүлэх боломжгүй нөхцөлийг үүсгэж байна. Иймд олон ургальч улс төрийн үзэл баримтлалтай, нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилд хүрэх арга замыг өөр өөрийн онцлог байр сууриас хандаж, улмаар сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард иргэдийн өргөн оролцоотой боловсруулж, түүнийгээ олон нийтэд тайлбарлан танилцуулж, аливаа сонгуульд чин шударгаар өрсөлдөх нь намын жинхэнэ үүрэг юм. Харин засаг төр нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийг сайн дурын үндсэн дээр өөрсдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж нам байгуулах, намд элсэх болон түүнээс гарах, тухайн намын дүрэм хийгээд мөрийн хөтөлбөр, бодлогод нийцүүлэн улс төрийн бүхий л үйл ажиллагаанд чөлөөтэй оролцох зэрэг үндсэн эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүрэгтэй юм.

-Жендерийн тэгш эрхийн оролцоог шинэ хуулиар хэрхэн хангахаар байгаа бол?

-Улс төрийн намын үзэл баримтлал, нийт бодлого үйл ажиллагааг ардчилсан зарчимд нийцүүлэн, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, түүнд суурилсан үйл ажиллагааг явуулах, жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, ахмад настан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхээр шинэ хуулийн төсөлд тусгасан. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх үүднээс улс төрийн намд улсын төсвөөс жил бүр үзүүлэх дэмжлэг, нийт санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг эмэгтэйчүүд болон дээр дурдсан иргэдийг төлөөлөх тухайн намын дотоод бүтцийн нэгж дэх нийгмийн сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангахад зарцуулахаар тусгайлан төсөлд зааж өгсөн. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчдийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчдийн тоо, сонгуульд ялж сонгогдсон эмэгтэй гишүүний тоо зэргийг харгалзан төрөөс нэмэлт төсвийн санхүүжилтийг хөшүүрэг хэлбэрээр намд шууд олгохоор зааж өгсөн нь нэн шинэлэг бөгөөд дэвшилтэт хуулийн зохицуулалт болж байгаа юм.

-Нам нь төр, иргэдийн хоорондын харилцааг идэвхтэй болгоход яаж ажиллах ёстой вэ. Шинэлчилсэн найруулгад энэ талаар нэлээд зохицуулалтууд орсон гэж байсан?

-Намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын асуудал нарийвчлан зохицуулагдаагүйгээс сахилга, хариуцлага, хяналт суларч, дур зорго, хувийн болон бүлэглэлүүдийн эрх ашиг илүү идэвхжиж, жирийн гишүүдийнх нь болон ард иргэдийн намд итгэх итгэлийг алдагдуулж байгаа нь өнөөдрийн улс төрийн бодит зураглал. Энэ учир шалтгааны улмаас улс төрийн нам нь засаг төр болон ард иргэд хоорондын идэвхтэй, байнгын тогтмол харилцаанд гүүр болон ажиллаж чадахгүй байна. Иймээс төрөөс аливаа намд үзүүлэх шууд болон шууд бус дэмжлэгийг энэхүү алдаа дутагдлыг арилгахад тодорхой хэсгийг нь зарцуулах бөгөөд намын дэргэд бодлого хөтөлбөр боловсруулж гаргахад гишүүд, дэмжигчдээс гадна нийт ард иргэдийн оролцоог хангаж ажиллах, зөвлөх, сургаж бэлтгэх улс төрийн мэдлэг боловсрол олгож дэмжих тодорхой үүрэг бүхий сан буюу хүрээлэн байгуулахаар тусгайлан шинэ хуулийн төсөлд нарийвчлан зааж өгсөн.

-Нам байгуулах хүний тоог сонирхмоор байна?

-Монгол Улсын Үндсэн хуульд оуурлсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн гуравдугаар зүйлд заасны дагуу 2028 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх ёстой “намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Гэхдээ дараагийн дөрвөн жилийн хугацаанд одоогийн улс төрийн намын тухай 2005 онд баталсан зохицуулалт буюу 801 гишүүнтэй байхаар хэвээр үлдээсэн. Энэхүү заалт нь нэн ялангуяа Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт 35 намд хамаарах нааштай зүйл юм.

-Олон намын тогтолцоотой парламентын засаглалтай хэрнээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН, АН гэсэн улс төрийн хоёр том хүчин ээлжлэн төр барьж ирлээ. Ер нь жижиг намууд яагаад томорч өгөхгүй байна вэ. Томрох онолгүй байдаг юм уу?

-Шинэ хуулийн төсөлд намын тухай хамгийн орчин үеийн ойлголтыг төсөлд анх удаа хуульчилж өгсөн бөгөөд нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг тогтмол, чөлөөтэй илэрхийлдэг улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцох арга хэлбэрээр ард түмнийг төлөөлөх, хамтын удирдлагын шийдвэр гаргаж, хариуцлага хүлээдэг, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн бүлэг иргэдийн нэгдэл мөн гэж тодорхойлсон. Харамсалтай нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй УДШ-д бүртгэлтэй бүх намууд энэхүү тодорхойлолтод багтаж, энэ шаардлагыг хангаж буй эсэх нь том асуултын тэмдэг, ан цав юм. Сүүлийн цар тахалтай жилүүдэд ихэнх намуудын үүрэг хариуцлага улам суларч, ард иргэдийн итгэл үнэмшил алдарч буурсаар байна. Тиймээс, улс төрийн намыг бүртгэх, түүний гишүүнд элсэх, улмаар нийт үйл ажиллагааг цахим орчинд явуулах орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ нийт улс төрийн намуудын хувьд парламентын засаглалыг бэхжүүлэх зорилготой, олон нийтийн оролцоог хангаж, тэдгээр намын бодлого, мөрийн хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, сургалт, судалгаа хийх үүрэг бүхий “судалгааны хүрээлэн” улс төрийн намуудын дэргэд ажиллуулах, эдгээрийн үйл ажиллагааг төр тодорхой хэмжээнд дэмжин санхүүжилт олгодог байхаар хуулийн төсөлд дээр дурдсанчлан тусгасан юм.

-Улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал нэлээд маргаан дагуулдаг. Хуулийн шинэчлэлээр бүх санхүүжилт, зарцуулалт, тайланг ил тод болгоно гэж байсан. Энэ тал дээр та судлаачийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Өнөөгийн Монгол Улсад ардчиллын гол институт болох улс төрийн намд итгэх иргэдийн итгэл буурч элдвийн амлалт, олны сэтгэл хөдлөлд тулгуурладаг популистуудад татагдах хандлага газар авч байгаа нь ардчиллын бэхжилтэд сөргөөр нөлөөлөх аюул дагуулж байна. Тиймээс намуудад төрийн шууд ба шууд бус дэмжлэг зайлшгүй чухал байгаа юм. Дэлхийн практикаас үзэхэд улс төрийн намуудад ил тод, нээлттэй байдлаар санхүүжилт хийснээр улс төрийн намуудын институтжилтийн түвшинг нэмэгдүүлдэг байна. Үүний үр дүнд иргэний оролцоо, улс төрийн үйл явцад олон түмнээс итгэл хүлээлгэх түвшин өсдөг.

Намуудад олгож буй төрийн санхүүжилтийг нэмэгдүүлснээр улс төрийн намыг хувийн хандив, санхүүжилтээс хэт их хамааралтай байхыг саармагжуулан тэнцвэржүүлж ардчилсан улс төрийн үйл явц дахь хувийн мөнгө санхүүгийн нөлөөг хязгаарлах ач холбогдолтой. Үүний үр дүнд улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, улс төр дэх чинээлэг хэсгийн давуу нөлөөллийг багасгадаг байна. Улмаар энэ нь авлигыг бууруулахад чухал нөлөөтэй. Намын санхүүжилтийн талаарх одоогийн эрх зүйн зохицуулалт нь намыг аливаа нэг санхүүгийн эх үүсвэрээс хэт хараат болгох, санхүүжүүлэгчийн ашиг сонирхолд үйлчлэх эрсдэлийг бий болгож байна. Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад өөрийнх нь хяналтын нэгж буюу дотоод хяналтаас өөр хяналт тавих хөндлөнгийн бүтэц байхгүй, дотоодын хяналтын нэгж нь үр дүнтэй байж чадахгүй байгаагаас санхүүгийн тайландаа аудит хийлгэж, олон нийтэд мэдээлэх үүргээ хэрэгжүүлдэггүй.

-Ер нь энэ хуулиар намын гишүүд ямар үүрэг хүлээх вэ. Намын гишүүдэд улс төрийн соёл гэж байна уу. Аль дуртай намдаа орж, гарах нь элбэг болж. Уг нь үзэл бодол, итгэл үнэмшлээрээ тухайн намын гишүүний батлахаа анх авдаггүй бил үү. Энэ асуудлыг шинэ хуулиар зохицуулсан болов уу?

-Хуулийн төсөлд намын гишүүн, дэмжигч гишүүн, сонгуульт гишүүн гэсэн ойлголтыг ялгамжтай тусгаснаар намын үйл ажиллагаанд идэвхтэй, эсвэл дэмжиж оролцох эвлэлдэн нэгдэх хэлбэрийн сонголтоо хийх боломжийг илүү ойлгомжтой байхаар тусгасан нь шинэ улс төрийн соёлыг гишүүдэд төлөвшүүлэх чухал ач холбогдолтой. Сонгуульт гишүүн, гишүүн, дэмжигч гэсэн байдлаар ялгамжтай тогтоосноор татвар, оролцоо, саналын эрх зэрэг ойлголтуудыг нарийвчлалтай зохицуулсан. Хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн намуудын эрх зүйн орчин улам бүр сайжирч, тэдгээрийг үүсгэн байгуулах дэмжигчид цар хүрээг нэмэгдүүлж, гишүүнчлэл цахимжиж үйл ажиллагаа, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, санхүүжилтийн шилэн стандартыг хэрэгжүүлэх, Монголын улс төрийн намуудын цаашдын төлөвшил, хөгжилт дэвшлийг хангах боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгаа хангагдаж, улс төрийн намууд аливаа нэг санхүүжүүлэгчээс хараат бус болж, бодлогын намууд болсноор иргэд улс төрийн сонголтоо хийхдээ тэдний тодорхой үзэл санаа, мөрийн хөтөлбөрийг нь харгалзан үздэг болж, ард иргэдийн улс төрийн боловсрол, соёл, эрх зүйн ухамсар дээшилнэ. Ийнхүү, ардчилсан засаглалыг улам бүр бэхжүүлж, ард түмний төлөөллийг хангах, ил тод, нээлттэй тайлагнадаг, үр өгөөжтэй байх зарчим хэвшиж, улмаар улс төрийн намын шударга өрсөлдөөнт сонгууль явуулах үндэс бэхжиж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлэх нь гарцаагүй асуудал бөгөөд хэрэгжүүлж байж цаг хугаацаа шинэ хуульд үр дүн тавина.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *