Бразилийн Петрополис хотод хөрсний нуралт болж багадаа 94 хүний амь нас хохирчээ. Петрополис хот нь Рио Де Жанейрогоос хойд зүгт оршдог бөгөөд ойрын өдрүүдэд усархаг бороо орсон нь гамшиг болоход хүргэсэн байна. Хөрсний нуралт болсон газарт барилга байшингууд нурснаас гадна үерийн гамшиг хотыг бүхэлд нь нэрвээд буй аж. Нөхцөл байдалтай холбогдуулан хотын дарга нь онц байдал зарлажээ.
Бразилийн Үндэсний иргэний хамгаалалтын алба твиттер хуудастаа бичсэнээс үзвэл гамшигт нэрвэгдсэн газраас 24 хүний амийг аварсан бол 94 хүн амиа алдсаныг тогтоожээ. Гамшигт нэрвэгдсэн газарт эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.