Омикрон хувилбараар өвдсөн хүмүүсээс гол төлөв өндөр настай, суурь өвчтэй хүмүүс хүндэрч байгааг анхааруулж буй. Учир нь халдварын нууц хугацаа богиносч, халдварлах чадвар өндөр байгааг судалгаагаар тогтоосон. Вакцин хийлгээгүй хүмүүс энэ хувилбараар өвдсөн тохиолдолд уушгинд халдвар орж хүндрэх, нас барах эрсдэл өндөр байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм. Тиймээс цэртэй ханиалгаж, үе мөчөөр нь өвдөж байгаа иргэд заавал эмнэлэгт хандах хэрэгтэй гэж зөвлөжээ.
Омикрон нь томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байгаа учир заавал PCR шинжилгээ өгөх нь зүйтэй. Тэр дундаа цэртэй ханиалгаж, үе мөчөөр нь өвдөж байгаа иргэд өөр шинж тэмдэг илрэхгүй байсан ч эмнэлэнт хандах нь зөв аж.
Covid-19-ийн олон хувилбараас омикрон нь хоолой өвдөх, сөөх шинжээр давамгай илэрч байгаа. Мөн хоолой сэрвэгнэж ханиах, ядрах, сульдах, хөлрөх шинж тэмдэг илэрч байна. Мөн үе мөч өвдөх нь бусад хувилбараас илүү байгаа юм. Халуурахгүй, цээж өвдөхгүй байгаа хэрнээ халдвар авсан тохиолдол нэмэгдсэн. Тэгэхээр 5-7 хоногт цочмог болон огт шинж тэмдэг илрэхгүй байгаа хэрнээ бие нь тавгүйрхэх шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөх нь зүйтэй. Удаан хугацаанд зовиур ихтэй байгаа хүмүүсийн тухайд өндөр настай болон илүүдэл жинтэй хүмүүс багтаж байна.
Үүнээс гадна чихрийн шижинтэй, дархлаа дарангуйлагдсан хүмүүс өртөж байгааг анхаарах хэрэгтэй. Уушгины хатгалгаа болж хүндэрсэн тохиолдолд заавал эмнэлэгт хэвтэх нь зүйтэйг анхааруулж байгаа. Өвдсөн хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар 14 хоногт халдварын шинж тэмдэг багасч байгаа ч цаашид 3-6 сар халдварын дараах хүндрэлүүд үргэлжилж байна. Энэ бол түгээмэл шинж тэмдэг. Covid-19-өөр өвдсөн хүмүүсийн 59-80 хувьд нь ханиалга намдахгүй байх тохиолдол их байгаа юм байна.
Вирусийн халдвар хүний цусанд орсноор өвчлүүлэх, хадгалагдах эрсдэл их. Өвдөөд эдгэсэн иргэд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, уушгины рентген зураг авахуулах, спирограмма, цусны хүчилтөрөгчийн хангамж тодорхойлох шинжилгээ, эхокардиографи зэрэг шинжилгээг хийлгэх хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Эдгээр шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар эмнэлгүүд үнэ төлбөргүй хийдэг давуу талтай.
Цэртэй ханиалгаж л байгаа бол эмчид хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс утлага болон ханиалга дарах цай уух нь зөв. Учир нь бактерийн халдвараар өвдсөн бол даруй эмчилгээг эхлэх чухал байна. Омикрон хүндрэх эрсдэл бага ч биеийн байдал хүнд хүмүүс богино хугацаанд нэн хүнд болж муудаж байгаа болохоор иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, нэмэлт тунгаа л сайн хийлгэхийг зөвлөж ЭМЯ, ХӨСҮТ-өөс зөвлөж байна.