Бүх шатны боловсролын байгууллага маргааш буюу хоёрдугаар сарын 14-нөөс танхимаар хичээллэж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн боловсролын газраас танхимын сургалтад хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг цэцэрлэг дээрээ өгөх шийдвэр гаргасан. Тухайн цэцэрлэгээс асран хамгаалагчдад шинжилгээ өгөх хугацааны талаар мэдээлэл хүргэж байгаа ч шинжилгээнээс болж эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ удаан хугацаанд оочерлож, халдвар тархах эрсдэл үүсгэж байна.
Өнөөдөр хуваарийн дагуу шинжилгээ авах сүүлийн өдөр бөгөөд шинжилгээ өгч амжаагүй хүүхдийг цэцэрлэг хүлээж авахгүй гэсэн юм. Цэцэрлэгийн танхимын сургалтад эхний ээлжид ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож, бүлгийн зохион байгуулалт хийж байгаа. Цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдах аж.
Бага насны хүүхдүүд танхимаар хичээллэх үед нэг бүлгээс халдвар илэрвэл тухайн хүүхдийг гэрийн эмчилгээнд шилжүүлж, анги, бүлгийг улаан бүсэд тооцож, хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж магадгүй байна. Энэ талаар нэгдсэн чиг үүрэг ирээгүй аж. Хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлж байгаа асуудал нь цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийг энэ сарын 18-24-ний өдөр бүртгэх юм.
Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ шууд бүртгэх зарчмаар хүүхдийг бүртгэж авах юм байна.
Одоогийн байдлаар 4-5 насны нийт 41 мянга гаруй хүүхэд шинжилгээнд хамрагдах төлөвлөгөө гаргасан. Шинжилгээг цэцэрлэгүүд дүүргийнхээ Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулж байна. Энэ долоо хоногийн Лхагва гаригаас эхлэн Эрүүл мэндийн төвүүдийн баг хуваарийн дагуу цэцэрлэгүүд дээр шинжилгээ авч эхэлсэн.
Хэрэв та өөрийн харъяа дүүргийн цэцэрлэгийн шинжилгээ авах хуваарийг мэдэхгүй бол дараах утас руу холбогдож мэдээлэл авах боломжтой.
- Нийслэлийн Боловсролын газар – 70113032
- Баянгол дүүрэг – 76119595
- Баянзүрх дүүрэг – 70104005
- Сүхбаатар дүүрэг – 70111606
- Чингэлтэй дүүрэг – 11-315442
- Хан-Уул дүүрэг – 11-342472
- Сонгинохайрхан дүүрэг – 88052594, 80006444
- Багануур дүүрэг – 70213815
- Багахангай дүүрэг – 99989669
- Налайх дүүрэг – 70233008