Categories
мэдээ нийгэм

Б.Ачбадрах амжилтаа ахиулж 65 дугаар байрт орлоо

24 дэх удаагийн Өвлийн олимпыг зорьсон Монгол Улсын тамирчин Б.Ачбадрах үндсэн төрөл болох гүйлтийн цанын 15 км-ын зайд уралдлаа.

Эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаанд нийт 99 тамирчин оролцсоноос Б.Ачбадрах 43 минут 29.9 секундийн амжилтаар 65-р байр эзлэв.

Тэрээр 99 тамирчнаас 90-рт эрэмбэлэгдэн оролцсон ч 34 тамирчныг ардаа орхиж түрүү байраас 6 минутаар хоцорлоо.

Хоёр дахь олимпдоо оролцож буй Б.Ачбадрах хоёрдугаар сарын 8-нд болсон спринт төрөлд 90 тамирчнаас 77-р байр эзэлсэн бөгөөд 2018 оны Пёнчаны олимпод 93-р байр эзэлж байв.

Эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаанд Финландын тамирчин Ливо Нисканен 37 минут, 54.8 секундийн амжилтаар тэргүүлж алтан медалийн болзол хангасан бол Оросын Александер Болшунов 38 минут 18.0 секундээр хоёр, Норвегийн Йоханнес Хоесфлот Клаебо 38 минут 32.3 секундээр гуравдугаар байрт орлоо.

Өдгөө 30 настай Ливо Нисканен 2018 оны Пёнчаны олимпын 50 км-ын төрөл, 2014 оны Сочигийн олимпын спринт төрөлд алтан медаль хүртэж байсан. Түүний эгч, Сочигийн олимпын хошой мөнгөн медальт Кертту Нисканен өчигдөр эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд мөнгөн медаль хүртсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *