АНУ-ын биотехнологийн “Novavax” компанид гарган авсан “COVID-19”-ийн вакцины хоёр тун 12-17 насны хүүхдүүдэд 80 хувийн үр дүн үзүүлжээ.
Өнгөрсөн оны 5-9 дүгээр сард буюу АНУ-д “дельта” хувилбар давамгайлан тархаж байх үед явуулсан туршилтад өсвөр насны 2247 хүүхдийг хамруулжээ. Вакцин “дельта” хувилбарын эсрэг 82 хувийн үр дүн үзүүлсэн байна.
Ийнхүү “Novavax” компани вакцинаа өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлтээ улс орнуудын эрүүл мэндийн байгууллагуудад энэ оны эхний улиралд гаргахаар төлөвлөж байгаагаа мэдээлжээ.
Тус компани нь АНУ-ын эрх баригчдад вакцинаа насанд хүрэгчдэд хэрэглэх хүсэлтээ өнгөрсөн сарын сүүлээр гаргасан бөгөөд одоогоор Европын Холбоо, ДЭМБ болон Их Британи, Шинэ Зеландад ийм зөвшөөрлийг авчээ.
“Novavax” АНУ, Мексикт насанд хүрсэн 30 мянга орчим хүнийг хамруулан туршилт явуулахад вакцин нь 90.4 хувийн үр дүн үзүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн юм.