Нийслэлд 400 орчим мянган өрх гэр хороололд амьдардаг. Тэдгээрийн дийлэнх нь хашаандаа нохой тэжээнэ. Сүүлийн үед гэр хорооллын айлууд нохойгоо сул тавьснаас үүдэн бага насны хүүхдүүд хазуулах тохиолдол олширч байна. Зөвхөн он гарснаас хойш 223 хүн нохойд хазуулж, ГССҮТ-д ирсэн статистик байна.
Хоёрдугаар сарын 14-нөөс ЕБС-ын сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудын хичээл эхэлж хүүхэд багачуул өглөө найман цагаас хичээлтэй тул түүнээс өмнө бүрэнхийд гарч орой бүрэнхийд гэр рүүгээ явах юм. Орой сурагчдыг харих замд олон асуудал байхын нэг нь айлуудын сул нохой юм. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны гудмуудаар явахад айлын тэжээвэр нохойнууд ихэвчлэн сул атлаа айл өрхүүдийн хашаа битүүмжлэл муу ангархай, цоорхой их байх аж. Энэ нь иргэд нохойнд хазуулах эрсдэлийг дагуулна. Нийслэлийн айл өрх бүр нохой тэжээх эрхтэй ч тухайн нохойныхоо эзэн нь байж хариуцлага хүлээх үүрэгтэй юм. Нохойд хазуулсан хохирогчдын 70 гаруй хувь нь хүүхэд, 30 гаруй хувь нь насанд хүрсэн иргэд байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар ГССҮТ-д нохойд хазуулсан 1421 тохиолдол ирсэн байна. Үүнээс 5-9 насны 266 хүүхэд нохойд хазуулсан байжээ.
Тохиолдол нэг: Хан-Уул дүүргийн VI хорооны иргэн Г-ийн нохой тус хорооны иргэн А-ийн зүүн гар хөлийг хазаж гэмтээсэн.
Тохиолдол хоёр: Сонгинохайрхан дүүргийн XIV хорооны иргэн Б-ын “Дундаж ази” үүлдрийн нохой тус хорооны иргэн Г-ын мөр, гуяыг хазаж гэмтээсний улмаас хохирогч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад амь нас нь хохирсон.
Тохиолдол гурав: Чингэлтэй дүүргийн XII хороонд хоёр настай охин хашаандаа тоглож байгаад хашааны завсраар хоёр нохой орж ирж охиныг их хэмжээгээр гэмтээсэн байна. Тус гэмтлийг хөнгөн гэж үзсэн тул нохойны эзнийг 100 мянган төгрөгөөр торгохоор болсон. Гэвч охины биеийн байдал хүнд байв.
Тохиолдол дөрөв: Баянзүрх дүүргийн II хороонд бага насны хүүхэд сул явж байсан нохойд хазуулсан. Ингэхдээ хүүхэд толгойдоо 15 оёдол тавиулсан ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн гэж гарсан тул нохойн эзнээс 160 мянган төгрөг авсан байна.
Тохиолдол тав: Улиастай орчимд 12 настай хүүхдийг дэлгүүрийн хажуугаар явах үед айлын сул хүүгийн гуянд хазаж гэмтээсэн байна.
Тохиолдол зургаа: Чингэлтэй дүүргийн VII хорооны оршин суугч Б гэх эмэгтэйн зөөлөн эд бүхэлдээ зулгаагдсан буюу уруулсан шархтай нас барсан байдаг. Энэ мэтчилэн амь, нас эрүүл мэндээ эрсдэлд автуулан гэр хорооллын гудмаар түгшүүртэйгээр иргэд явах аж.
Монгол Улсын иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна. Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах. 201.1-т Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 201.2-т энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Гэвч энэ нь мөрдөгддөг эсэх нь эргэлзээтэй. Иргэд нохойнд хазуулж эсвэл хөөгдсөн тохиолдолд нохойны эздэд иргэд цагдаад мэдэгдэж гомдол гаргахад ихэвчлэн хоорондоо тохир хэмээдэг байна.
Дарь-Эхийн дунд буудлын Сэлбийн гудамжаар явж үзэхэд адаглааад хашааны дотор биш гадна хэд хэдэн нохой сул хэвтэж байв. Ноход хашааны хажуугаар явах хүмүүс рүү ганц, хоёр хуцах аж. Тус газрын ойролцоо амьдардаг гэх 102-р дугаар сургуулийн 5-7 ангийн дөрвөн хүүхдээс тодруулахад гурав нь ямар нэг байдлаар нохойнд хөөгдөж байсан. Гэр рүүгээ явах замд нэгээс хоёр сул нохойтой байнгын тааралддаг тухай ярив. Хазуулаагүй хэдий ч тэд биш юмаа гэхэд өөр нэгэн гэмтэж, бэртэх эрсдэлтэй юм.
Дарь-Эхийн дунд буудлын автобусны буудал дээр зогсох өсвөр насны хоёр охин “ Өдрийн ээлжинд ордог тул хичээл ихэвчлэн 18.00 цагт тардаг. Тийм болохоор заримдаа гэрийнхэн ах, ааваараа тосуулдаг” хэмээв. Эцэг эхчүүд өдөр бүр хүргэж өгч, авах боломжгүй ямар нэг байдлаар ганцаар явах хэрэг гарна. Харин тэр үед айлуудын сул нохойноос хэн хамгаалах вэ?
Энэ бүхэн дан ганц хүүхэд залуучуудын асуудал биш юм. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй бүгд хэн нэгний хариуцлагагүй байдлаас үүдэж өглөө оройдоо түгжүүртэй гэрийн зүг явна. Ихэнх нохойгоо сул тавьсан эздийн “нохойгоо уяач” гэх шаардлагад өгөх хариулт нь “Дайрахгүй ээ зүгээр. Хөгшин нохой яав л гэж” хэмээн хэнэггүйхэн хариулдаг байна. Мэдээж өдөр тутамдаа харж, хоол өгөх эзэн рүүгээ ямар нохой дайрах билээ. Тоомжиргүй байдлаас болж хэн нэгний амь нас эрсдвэл эдгээр эзэд л лав хариуцлага хүлээнэ гэдэг эргэлзээтэй.
Хэрэв та хашаандаа нохойтой бол нохойгоо сул тавихгүй байх, хаалга хашаандаа анхааруулсан таних тэмдэг байршуулах, мал эмнэлэгт бүртгүүлж, вакцинд хамруулах, хамгаалалтын хошуувч, уяаг шалгаж байх нь зүйтэй. Хэрэв иргэн нохойнд хажуулж, шүлсдүүлсээн тохиолдолд шархыг таван минутын турш сайтар савандаж, усаар урсгах маягаар угааж анхан шатны арга хэмжээг авах нь зүйтэй юм.