Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсгээс мэдээлж байгаагаар хилээр орж ирж буй ачааны 60 орчим хувийг барилгын материал эзэлж байна. Гэхдээ хилээр нэвтэрч буй чингэлэг тээвэрт багтахгүй арматур, төмөр бүтээц зэрэг барилгын зарим нэр төрлийн, овор хэмжээ их материал, тоног төхөөрөмжийг төмөр замаар тээвэрлэж байна.
Энэ асуудлыг ЗТХЯ, БХБЯ-ны удирдлага, холбогдох албан тушаалтнууд хамтран ярилцсан байна. Бүтээн байгуулалтттай холбоотойгоор барилгын материалын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар анхааран ажиллах талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар барилгын материал импортлогч нарын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр тодотгов. Уулзалтаар барилгын материалын ханган нийлүүлэлт, нөөц бүрдүүлэх, үнийн өсөлтийг бууруулах боломжийн талаар санал солилцжээ.
БХБ-ын сайдын энэ оны 19 дүгээр тушаалаар 2022 оны бүтээн байгуулалтад шаардагдах барилгын материалын үйлдвэрлэл, импортод тулгамдаж буй асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж байх үүрэг бүхий байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм. Сар бүр нэн түрүүнд шаардлагатай барилгын материалыг төмөр замаар тээвэрлэх чиглэлээр барилгын материал импортлогч ААН-үүдийн санал хүсэлтийг эрэмбэлэн нэгтгэж, ГХЯ, ЗТХЯ-тай хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд өнгөрсөн оны 12 дугаар сард 95, энэ оны эхний сард 105 вагоны тээвэрлэлтийг шийдвэрлэжээ. Барилгын материалын тээвэрлэлт, ханган нийлүүлэлт дээр БХБЯ УБТЗ-аас хамаарах тээвэр, вагон тээврийн зохицуулалт зэрэг бүхий л үйл ажиллагаан дээр хамтран дэмжиж ажиллахаа илэрхийллээ.