Монгол Улсын иргэн Ц.Уянгатай ярилцлаа. Түүнийг иргэд цахим орчинд Uyanga Tsoggerel хаягаар нь түлхүү мэддэг болоод удаж байгаа юм.
-Сайн байна уу. Та сар шинэдээ сайхан шинэлсэн үү?
-Сайн байна уу. Сар шинэдээ сайхан шинэллээ.
-Таныг иргэд Uyanga Tsoggerel цахим хаягаар тань мэддэг болоод удаж байна. Нийгмийн бүхий л асуудалд дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж, цахим орчинд шүгэл үлээгээд удлаа шүү дээ. Монголын нийгэм, эдийн засгийн байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Өнөөдөр Монголд өрнөж байгаа бүхий л үйл явцыг харахад сайнаар дүгнэх ямар ч боломж алга. Одоогоор болж бүтэж байгаа зүйл байтугай системийг хэвийн стандартаар авч явдаг шударга ёсны үзүүлэлтүүд тэр чигтээ манай улсад алга. Тийм ч учраас иргэд бухимдаад байгаа юм шүү дээ.
Нөхцөл байдал ийм байгаа учраас өөрийн цахим хаягаар дамжуулж дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлдэг. Намайг дэмждэг хүмүүс байхад дэмждэггүй нь ч байж л байдаг. Энэ чинь ардчилсан нийгэм шүү дээ. Мэдээж улс орныг удирдах, чиглүүлэх үүрэг хүлээж байгаа улстөрчдийн болохгүй, бүтэхгүй асуудлын талаар түлхүү дуугардаг болохоор тэдэнд энэ нь таалагдахгүй нь ойлгомжтой л доо.
-Улс төрийн соёл, улстөрчид нь өндөр ёс зүйтэй улс орнуудад дэвүүр тарааснаасаа болж иргэдээсээ уучлалт гуйгаад, албан тушаалаасаа буудаг. Харин манайд энэ мэт үйлдэл хэвийн үзэгдэл мэт болоод удлаа. Улстөрчдийг ёс зүйтэй, улс төрийн соёлтой болгоход иргэдийн оролцоо чухал болов уу?
-Монголын улс төр, улстөрчдийн ёс зүйг олон улстай харьцуулах ямар ч боломжгүй. Монголын улс төрийн соёл дэлхийн хаана ч байхгүй. Угтаа луйварчдын бүлэглэлээс гарсан улстөрчдийн төрхөнд нийгэм дасчихлаа. Энэ бол хэвийн үзэгдэл биш гэдгийг иргэд, олон нийтэд ойлгуулахын тулд маш их эсэргүүцэл, зөрчил, маргаантай асуудал руу ордог. Учир нь манайхан орчин цагийн улс төрийн зохион байгуулалт, бүтэц, эдийн засгийн жам ёсны эргэлтийн хөшүүргээ уламжлалт үзэлтэйгээ хольж хутгадаг. Өөрсдийн амьдралыг үзэх үзэлтэйгээ улстөрчдийн хувийн амбицыг уяж бодох гэх мэтчилэн асуудлууд гарч байна. Нөгөө талаас нийгэм улс төрөөс хамааралтай амьдрал руу орчихсон. Монголчууд бид цөөхүүлээ учраас таньдаг хамаатан садан, найз нөхөд, улстөрчдийн гэр бүлтэй хамаарал бүхий этгээдүүдэд өөрсдийн тааламжит харилцаагаа илэрхийлдэг. Энэ байдал нь сүүлдээ хэрээс хэтэрч бялдуучлал, бөгс долоогч, цүнх баригчийн солиорол болтлоо үргэлжилж байна. Манайхан асуудлыг шүүмжлэхээр уламжлалт сэтгэхүйгээрээ ханддаг. Ингээд ирэхээрээ бодит байдлаасаа гажаад байгаа юм.
Цахим орчин иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талбар учраас би өөрийнхөөрөө л үзэл бодлоо илэрхийлдэг. Хаяглаж байгаа асуудал маань улс төр болон шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүст боловч гарах үр дүн, хүрэх үр нөлөөг нь нийгмээрээ л хүртэх учраас цахимд идэвхтэй байдаг. Төр бол бидний байгуулсан менежмэнтийн систем. Тиймээс асуух, шаардах, хардах, мэдэх эрх нь бидэнд байгаа гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.
-Манай улстөрчид хүчин, хулгай, ЖДҮ,авлигачин гээд олон тодотголтой болсон. Сүүлийн үед Хөгжлийн банкнаас улстөрчдийн хамаарал бүхий компаниуд зээл авчихаад төлөхгүй байгаа асуудал дуулиан болж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна?
-Сүүлийн жил гаруйн хугацаанд “No Double Standart” хөдөлгөөнийг залуучууд эхлүүлж, нийгмээрээ дэмжиж байна. “No Double Standart” буюу ялгамжтай, эрх тэгш бус харилцааны үндэс нь хаанаас үүдэлтэй байгааг бид бүгдээрээ харж байна. Наад зах нь эмнэлгийн тусламж авахын тулд ном журмынхаа дагуу үзүүлье гэхээсээ илүү хамгийн түрүүнд танил тал юу билээ гэж гүйцгээдэг. Ийм болгочихсон. Энэ хэвийн үзэгдэл мөн үү. Бидний хууль ёсны төр улсад захирагдах системийг авч явах улстөрчид ямар ч буруутай үйлдэл хийж, хууль зөрчсөн хариуцлага хүлээдэггүй, тэнд үйлчилдэг хууль, дүрэм, журам нь тусдаа бий болчихсон байна. Энэ байдлыг эсэргүүцэж дуу хоолойгоо илэрхийлсэн иргэдийг эхнээс нь барьж хориод эхэлсэн. Хууль хүчний байгууллагаар иргэдээ дарамтлуулдаг. Ийм байж болох юм уу. Энэ зөвхөн Монголд байдаг үзэгдэл. Магадгүй ганц нэгхэн хөгжил буурай, бусармаг оронд байхыг үгүйсгэхгүй. Бид өөрсдийгөө заавал тийм дор түвшний байдалтай улс оронтой харьцуулах ёстой юу, эсвэл хүний эрхийг дээдлэдэг,хууль засагладаг, шударга ёс бүрдсэн улс оронтой харьцуулж одоо байгаа байрнаасаа урагш алхах ёстой юу гэдгийг бодох л хэрэгтэй. Бид уламжлалт болон хувийн эрх ашгаа хольж хутгаад байгаа учраас өөрсдийнхөө эрх ашгийг өөрсдийн гараар устгаж байна.
Манай улстөрчид хаанаас юуг идэж ууж, цөлмөх боломжтой байна тэр бүхнийг цөлмөж байна. Хамгийн сүүлд Хөгжлийн банктай холбоотой асуудал нийгэмд шуугиан болж байна. Тус банкнаас жирийн нэг ээжийн охин, аавын хүү, бизнес эрхлэгч ямар нэгэн байдлаар зээл авсан түүх байна уу. Бүгд улстөрчдийн хамаарал бүхий компани, тэдний аав ээж, ах дүү, найз нөхөд байна. Монголын бүх улстөрчид бизнес эрхэлдэг юм бол бизнесийнхээ салбараа л төлөөл л дөө. Иргэдийн дуу хоолой, эрх ашгийг хамгаалах, хууль тогтоох эрх мэдлээ хийж чадах хүнд нь өгөх хэрэгтэй. Эсвэл улс төрд орох нь тэдний бизнесээ цэцэглүүлэх, идэж уух боломжоор хангах гүүр шат нь юм бол энэ улс орон цаашид яаж хөгжих юм бэ. Иргэд нь яаж ядуурлаас гарч, улс орноороо ядуу буурай гэх статусаасаа гарах юм бэ. Ямар ч боломжгүй. Нөхцөл байдал ийм хүнд, хийх ажил, өөрчлөх асуудал олон байхад зүгээр л нэг боов боорцгоор иргэдээ хуурч, айлын дээвэр амбаар савны асуудалд санаа тавьж, “Иргэдийнхээ асуудлыг бид шийдэж, буянтай үйл хийлээ” хэмээн попрохоосоо ичих хэрэгтэй. Тэд өөрсдийнхөө халааснаас тэр мөнгийг гаргаагүй. Татвар төлөгчдийн мөнгөөр иргэдийн сэтгэл зүйгээр тоглож, ядарсан иргэдийн ходоод, сэтгэл санаан дээр нь тоглодог байдлаасаа ангижирмаар байна. Цаашлаад ЖДҮХС-гийн мөнгийг эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс яаж цөлмөснийг бид мартаагүй. Мартах ч үгүй. Тус сангаас Долоон буудлын Дорж, Дулмаа хэзээ ч зээл авч үзээгүй. Иргэд арилжааны банкнаас зээл авахад ямар их шалгуур тавьдаг билээ. Зээлийнхээ үнийн дүнгээс хэд дахин өндөр үнэлгээтэй эд хөрөнгөө барьцаалж, асар их дарамтан дор зээл авдаг.Гэтэл дарга нар ямар ч барьцаа хөрөнгөгүй хэдэн арван тэрбум төгрөг авдаг байх нь шударга ёс юм уу. Бүр цаашлаад иргэдийн татварын мөнгөөр тус зээлээ төлүүлэхийг санаархаж байна. Тэр хүмүүст битгий горьд л гэж хэлнэ.
-Ер нь манайд улстөрчдийн манлайлал, үлгэр дуурайл, ёс зүйн хэм хэмжээ алдагдаад удлаа. Энэ талаар шүүмжилбэл бусдын нэр төрд халдсан хэргээр барьж хорих нь энгийн үзэгдэл болж байх шиг байна?
-Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх шалан дээр уначихаад байхад Монгол Улсад хүний эрх хэтийдчихсэн, хэтэрчихсэн байна гэж биднийг доромжилж байна. Монгол хүн өөрөө хичээвэл сайн сайхан амьдрах боломж нь байна. Энэ боломжийг төр нь хангалттай бий болгоно гэж ярьдаг хүн алга. Өнөөдрийн байдлаар монгол хүн болж төрснийхөө төлөө нохой шиг амьдрах ёстой мэт иргэдтэйгээ харьцаж байна. Улстөрчид иргэдийг нохой шиг амьдруулж байгаагаа аз жаргалтай амьдруулж байгаа мэтээр ойлгуулчихсан. Түүнд нь талархаж, дарга нарыг шүтэж, төрийн сүлд өршөө хэмээн сүсэглэхгүй бол барьж хорьдог, ялладаг байдал хэвийн үзэгдэл болчихсон мэтээр иргэдийн тархийг угаагаад байгаад миний эгдүүцэл төрөөд байгаа юм. Над шиг гадаадад ажиллаж, амьдарч байгаа олон мянган монголчууд бий. Тэд “Хүүш ээ, манайхаан бид ингэж амьдарч болохгүй юм байна. Арай өөрөөр амьдрах эрхтэй юм байна. Төр, төрийн удирдлагууд, улстөрчид ингэж ажиллах ёсгүй юм байна. Иргэддээ эрх тэгш боломжийг нээж өгч, мэдээ мэдээллээр хангах ёстой шүү” гэдэг асуудлыг гаргаж тавихаар “Гадаадаас монголчуудыг хагаралдуулдаг муу сайн юмнууд” гэдэг. Бүх юм найруулгатай, урьдаас бэлдсэн жүжигчилсэн тоглолт шиг явдаг байж болохгүй. Бидэнд хүсч байгаа нэг л хүсэл бий. Үнэхээр иргэдийн эрх ашиг, дуу хоолойг төлөөлөхөөр дарга, сайд болж, өндөр албан тушаалд очсон бол хувийн эрх ашгаа хойш тавиач ээ. Үгүй бол дарга, сайд болохын тулд хөлөө хугалах гээд гүйгээд байдгаа л больчих. Ийм шударга бус нийгмийг бий болгочихоор энэ системийг зөв голдирлоор нь явуулахын төлөө хэн санаа тавих юм бэ. Залуучуудын хүсэл зоригийг цаанаас нь нугачин дарж байна. Манайд дарга, даамлуудад давуу эрх олгож, бурхан шиг тахиж шүтдэг боллоо. Харин ч эсрэгээрээ иргэд нь дарга нараас айх биш, дарга нар нь иргэдээсээ айдаг байх учиртай. Төрийн өндөр албан тушаалд томилогдсон бол миний хамаарал бүхий этгээдүүдийн хэн нэг нь энэ тендерээс авчихсан байх вий гэж айдаг байх ёстой. Бусад оронд сайхан сэтгэлээр өгсөн найзынхаа бэлгийг авахад л авлига авсан хэргээр албан тушаалаасаа бууж байна. Энэ стандартыг зөрчиж, өршөөл үзүүлбэл дараа дараагийнх нь дарга нарт ёс зүйгүй аашлах замыг нээж өгөх юм байна хэмээн болгоомжилж байна.
-Та Сар шинийн өмнө УИХ-ын гишүүн Н.Учралыг нэлээд шүүмжилж харагдсан. Ахмадууддаа хэвийн боов тараасан нь таны дургүйцлийг төрүүлэв үү?
-Би үнэндээ УИХ-ын гишүүн Н.Учралыг таних ч үгүй. Түүнд хувь хүнийх нь үүднээс хонзогнох, өс санах ямар ч асуудал байхгүй. Эхлээд хувь хүнтэй нь холбоотой асуудал юу ч яриагүй л байсан. УИХ-ын гишүүд элдэв боов, боорцог, эд зүйл тараадаг энэ балиар тогтолцоогоо болих хэрэгтэй гэдэг энгийн асуудал дэвшүүлсэн. Ахмад настан гэхээр Сар шинийн баяраар гишүүдээс боов боорцог горьдоод суудаг мэтээр харуулж болохгүй шүү дээ.
Харин ч 30-40 жил улс орондоо ажиллачихаад Сар шинийнхээ тавгийн боорцгийг хүнээс горьдохгүй хэмжээнд ахмадуудаа амьдруулж байгаа бол түүгээрээ улстөрчид бахархах хэрэгтэй. Гэтэл жилд ганц удаа боорцогны үртэс тарааж байгаагаа бахархалтай түгээж, би ахмад настнаа хүндэлдэг хүн гээд байж болохгүй л дээ. Би ганцаараа ч энэ талаар шүүмжилсэн юм биш. Нийгэм нийтээрээ шүүмжилсэн. Ганцхан
Н.Учрал гишүүний талаар ч бичээгүй. Бүгдийг нь л хэлсэн. Энэ бол улс төрийн маш буруу соёл. Гэтэл ганцаараа УИХ-ын гишүүн Н.Учрал бүхий л сайтаар намайг харлуулж, гутаан доромжлуулсан. Би шийдвэр гаргах, хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа эрх зүйн субъекттэй өөрийн эрхийн дагуу асуудал тавьж байхад, хэрүүлийн чанартай асуудалд хандаж байгаа бол улстөрч болж яах юм.
Асуудлын гол нь иргэд сонгогчдод аливаа хэлбэрээр бэлэг сэлт тараадаг явдал чинь сонгуулийн саналыг худалдаж авах процессын нэг шүү дээ. Түүнийг бид өөгшүүлсээр байгаад сонгууль болохоор “Хэн надад мөнгө өгөх нь вэ” гээд саналаа өгөхгүй хүлээгээд суудаг өрөвдөлтэй сонгогчдын тоог олшруулж, ядуурлын армитай болчихсон. Бид “Энэ зөв хүн шүү. Энэ намын бодлого зөв байна” гэж мянга орилоод ч иргэдийг бэлэг сэлтээр хуурдаг тогтолцоо амь бөхтэй байсаар байвал мянган сайхан сонгуулийн систем яриад яах юм бэ. Утгагүй шүү дээ. Хэр удаан ингэж явах юм бэ. намайг хүүхэд байхад л ийм байсан. Түүнээс хойш 30 жил өнгөрлөө. Бахь байдгаараа. Дараагийн үе, үр хүүхдүүд маань ийм хогийн нийгэмд амьдрах болчихоод байна. Би дүүрч гэхэд Монгол Улсын ирээдүйг ийм бүрхэг байлгаж болохгүй. Хэн надад их мөнгө өгч, хэн манай сургууль, байрны дээврийг засах бол гэсэн аж ахуйн юмуу, асрамжийн байдлаар асуудалд хандаж хүн сонгох юм бол бид яаж сайн төр байгуулах юм бэ. Мэргэжлийн улстөрчид байдаггүй, мэргэжлийн хүмүүсийг дуугаруулдаггүй, дуугараад ч нэмэргүй болгочихсон. Итгэл мөхөхөөр улс мөхдөг. Эхнээсээ итгэлгүй болчихлоо. Галзуугийн эмнэлэг шиг улс бий болж байгааг хэлэхээс өөр аргагүй. Тиймээс Н.Учралын асуудал бол түүний асуудал биш. Улс төрийн соёлыг өөрчлөх асуудал байхад хувь хүн дээрээ тусгаж аваад, өөрийнхөө арчаагүйг өөрөө нотолж байгаа нь эгдүүцэл төрүүлүүд байгаа юм.
-Сүүлийн үед эрх мэдэлтэй дарга нарыг шүүмжилсэн иргэдийг шил дараалан саатуулж шалгадаг, цаашлаад барьж хорьдог болчихлоо. Танд ямар нэгэн байдлаар дарамт шахалт ирж байна уу?
-Мэдээж эрх мэдэлтэй хүмүүс нь нүүрээ ил гаргаад “Ц.Уянгааг Монголд ирэхээр нь барьж хорино” гэдгээ ил цагаан хэлж чадахгүй л дээ. Гэхдээ манайхны байж байгаа царайнаас бүх зүйл ойлгомжтой байгаа.
Хүнийг гэрт нь очоод айлгаад, заналхийлээд, ямар ч үндэслэлгүй, шүүхийн тогтоол нь ч гараагүй байхад ганц худагт аваачаад хийчихэж байна. Хууль дүрмийг худлаа үнэн, хүчээр ч болов зохиогоод иргэдээ шийтгэдэг байсан бол одоо хууль ч үгүй шийтгэдэг боллоо. Энэ юуг илэрхийлж байна гэхээр дарангуйллын системээр шүүх цагдаагаар иргэдээ айлгаж, үзэл санаагаар нь хориглож байгаа хэлбэр. Намайг троллуудаараа элдвээр хэлүүлж байгаа нь заналхийлж байгаа хэрэг. Түүнээс би айхгүй л дээ. Нэг Уянгаагийн амыг барилаа. Зуун Уянгаагийн амыг барилаа. Мянган Уянгаагийн амыг барьж чадахгүй л болов уу. Тиймээс иргэд бид нэгнийхээ зөв үзэл санааг дэмждэг, амь нэгтэй байвал тэд яаж ч чадахгүй. Тухайлбал, Монголхүүг шүүхийн тогтоолгүй, өмгөөлөгчгүйгээр хулгайн замаар худагт аваачиж хорьсон асуудалд нийтээрээ шүүмжлэлтэй хандаагүй бол энэ асуудал дарагдаад өнгөрөх нь байна шүү дээ. Тиймээс бид бурууд хурц, зөвд зөөлөн л байх ёстой. Би Монголд амьдрахгүй байгаа болохоороо ч үгээ ил тод хэлээд байгаа юм биш. Байхдаа ч шүүмжлэх ёстой асуудлаа шүүмжлээд явж байсан. Хуулиа мэддэг бол хүн өөрийгөө хамгаална. Гэхдээ тухайн үед одоогийнх шиг дарангуйлал нүүрлэчихээгүй байсан л даа.
-Сайн засаглалыг бий болгоход иргэдийн оролцоо хамгийн чухал байна л даа. Харамсалтай нь манайд сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарахаас илүү мэдлэггүй, мэдээлэлгүй байлгах нь улстөрчдөд ашигтай байх шиг байна?
-Яаж ч бодсон иргэдийн 70-80 хувь нь сайн засаглал, иргэдийн оролцооны талаар ойлголтгүй байвал улс төрийн ахиц дэвшил гарахгүй. Ялангуяа том аппарат машин ажиллаж байгаа тохиолдолд масст үнэн зөв мэдээлэл өгнө гэдэг бол урт хугацаа шаардана. Тийм учраас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал ямар ч улсад чухал байдаг. Ямар ч асуудал байсан иргэд өөрсдөө оролцох ёстой. Манайхан “Төрийн төлөө оготно боож үхэв” гэгчээр надаар л дутав гэж боддог. Үгүй л дээ. Танаар дутдаг л байхгүй юу. Тэнд хэн нэгний эрх зөрчигдөж байгаа бол дараа нь таны эрх зөрчигдөх л болно.
-Нийгэмд дуу хоолойгоо хүчтэй илэрхийлдэг, нөлөөлөгч, шүгэл үлээгчдийг хэн нэгний захиалгаар дуугарч байна гэж хардах хүмүүс байдаг. Танд ийм хардлага ирж байсан уу?
-Тухайлбал, хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Учралтай холбоотой асуудал дээр би хэний эрх ашгийг хамгаалж дуугарсан болж таарах вэ. Манайхан нэг асуудлыг хэн нэгэнд нялзаавал муухай харагдуулж, нөгөө асуудлыг нь үнэ цэнэгүй болгох гэж оролддог. Тэглээ гээд тэр асуулдал нь алга болчихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр хэн хэлж байна гэхээсээ илүүтэй ямар асуудлыг хөндөж байна гэдгийг анхаардаг болчихвол асуудлыг шийдэхэд амар болно. Асуудлаа л ярих ёстой. Хэлж ярих, үзэл бодлоо илэрхийлэх нь хүн бүхэнд хуулиар олгогдсон эрх.
-Нууц биш бол хаана, ямар чиглэлээр ажиллаж байгаа талаараа манай уншигчидтай хуваалцаж болох уу?
-Манайх үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагчдад зуучлал хийдэг. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, судалгаа хийдэг учраас хот төлөвлөлтийн төслүүдэд олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ чиглэлээр мэргэшсэн байгууллага.Улаанбаатар хотод алслагдсан гэр хорооллын амьжиргааг сайжруулах төсөл дээр манай компани судалгаа хийж байсан.
Одоогоор Тайландад үл хөдлөхийн үнэлгээ судалгааны чиглэлээр ажиллаж байна.