Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ипотекийн зээлийн санхүүжүүлтэд 43.6 тэрбум төгрөг олгожээ

БХБЯ-наас мэдээлснээр оны эхний сарын байдлаар нийт 540 иргэнд 43.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгоод байна. Үүний 74 хувь буюу 32.7 тэрбум төгрөгийг нийслэлд 356 зээлдэгчид, 26 хувийг буюу 10.9 тэрбум төгрөгийг аймаг, орон нутгийн 184 зээлдэгчид олгожээ. Нийт 43.6 тэрбум төгрөгийн 26.2 тэрбумыг Монголбанкны эх үүсвэрээс, 17.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаас гаргажээ.

Ташрамд мэдээлэхэл, УИХ-ын өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин 6 сарын хугацаагаар сунгасан.

Хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагатай хамтран дахин 6 сарын хугацаагаар буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлээд байгаа юм.

Дээрх шийдвэрийн дагуу зээлдэгчдийн гаргасан хүсэлтийг үндэслэн ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах боловч зээлдэгч төлбөр хойшлуулах хүсэлт гаргалгүйгээр зээлийн төлбөрөө төлөх нь зээл хугацаандаа дуусах, ирээдүйн зээлийн дарамт буурах зэрэг эерэг талтай юм.

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оныг дуустал хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн хуулийн хугацаатай уялдуулан сунгах юм.

Харин ипотекийн хөтөлбөрийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны 6 дугаар сарын 30-ныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуулт, хариулттай энд дарж танилцана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *