Тээврийн цагдаагийн албанаас сар шинийн нэгэн буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-ний өдрийн зам тээврийн нөхцөл байдлын мэдээг танилцуулж байна.
Шалган нэвтрүүлэх цэгийн долоон цэгээр Улаанбаатар хот руу нийт 6,575 тээврийн хэрэгсэлтэй 17,390 иргэн орж, 11,792 тээврийн хэрэгсэлтэй 31,093 хүн гарчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 зөрчлийг илрүүлж ажиллаа, орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалтыг тавьж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж.
Хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутаг руу зорьж байгаа хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурдыг зам орчныхоо нөхцөлд тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашины жолооны ард суухгүй байхыг анхаарууллаа.