Монгол Улсын Хөгжлийн банкны 1.6 их наяд төгрөг эрсдэлд орж, хэвийн ажиллагаа явуулахад хүнд нөхцөлд орсон. Эл банкнаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгжүүдийг зарлагдаж 66 зээлдэгчийн 75 зээл олон нийтэд ил болсон юм.
Зээл нь хэвийн төлөлттэй гэсэн ангилалд нийт 14 компани байгаагийн нэг нь “Вестерн Холд” ХХК байна. Тус компани нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий компани гэгдэж буй бөгөөд 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр Хөгжлийн банкнаас 28,025,380 ам.долларын зээл авч байжээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт эл зээлийн тухай тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Хөгжлийн банкнаас “Вестерн Холд” ХХК-ийн авсан зээл зориулалтын дагуу ашиглагдаж байгаа. Мөн 2019 онд авсан, хугацаа хэтрээгүй зээл юм билээ. Гэтэл үүнийг надтай холбож, хууль бусаар авсан юм шиг, зээлээ төлөхгүй зугтаад байгаа мэт ярьж байна. Ийм зүйл байхгүй. Энэ зээлийг авахад албан тушаалын байдлаар ямар нэгэн нөлөө үзүүлээгүй. Ховд аймагт цементийн үнийг хямдруулах зорилготойгоор авч байсан. Учир нь Улаанбаатар хотоос тээвэрлэгдэж очсон цемент 300 мянга төгрөг болж үндсэн үнээсээ хоёр дахин нэмэгддэг. Үүнийг Улаанбаатар хотынхтой адилхан 140 мянга орчим болгоё гэсэн зорилгоор энэ төслийг хэрэгжүүлэх болсон юм. Хэрэв цементийн үнэ хямд байвал барилга хямд үнээр босно. Барилга хямд үнээр босвол орон сууцны үнэ буурна” гэлээ.