Categories
мэдээ нийгэм цаг-үе

П.Цагаан: Аймгуудын хөгжлийн хэмжүүрийг гаргаад өгчихлөө, ашиглаад үр дүнд хүрэх нь чухал


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021”-ийг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Тус судалгаагаар Дорноговь, Орхон, Дархан-Уул аймаг тэргүүлсэн бол Булган, Завхан, Дундговь аймгууд сүүл мушгисан байв.Судалгааны тухай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга, менежмэнтийн ухааны докто р П.Цагаантай ярилцлаа.


-Аймгуудын өрсөлдөх чадварын 2021 оны тайлан өмнөх жилүүдээс онцлогтой харагдаж байна. Судалгааны зорилго, үр дүнгийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Ер нь өрсөлдөх чадвар гэдэг хөгжих чадвар шүү дээ. Түүх ярихад, улс орныхоо хөгжил дэвшилд санаа зовнидог үндэсний компаниуд, хувь хүмүүс нэгдэн хараат бус судалгааны төв байгуулсан нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв юм. Дэлхийн улс орнууд хөгжлөө, хийсэн ажил, явуулсан бодлого үйл ажиллагааныхаа үр дүнг хэмждэг, түүн дээр суурилж алдаа оноогоо харж, оношилж шийдлийн сэдэл олж цаашаа хөгжиж явдаг. Тиймээс амжилттай хөгжиж байгаа орнуудын сайн жишиг, хөгжлийн хэмжүүрийг Монголд нутагшуулах зорилготой энэ ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ бид Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны онолыг үүсгэн байгуулсан, нэрт эрдэмтэн, загалмайлсан эцэг нь болох Проф Стефан Гаррелли гуайг, тухайн үед Монголд урьж, Сү.Батболд Ерөнхий сайд байх үед уулзуулж байсан. Нэг ёсондоо, олон улсын хөгжлийн аргачлалыг Монголд нутагшуулах зорилготой байгуулаад тасралтгүй 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Мөн дээр нь бид Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвтэй хамтран Монгол Улсыг дэлхийн өрсөлдөх чадварын тайланд оруулж үнэлгээг гаргаж байна. Тэгэхээр манай төв аргачлалын хувьд олон улсын, улс төрөөс хараат бус, мэргэжлийн, тогтвортой ажиллаж ирсэн гэсэн үг. Бусад улс оронд ийм ажлыг Засаг нь мөнгө төлж хийлгэдэг. Манайд бол хувь хүн хийгээд, төр засгаа ашиглаач гэж гуйдаг гэх үү дээ. Яах вэ, тайлан гаргаж эхлэхэд хүмүүс гайхдаг байсан, одоо бол аймгууд ашигладаг болсон шүү.

-Өрсөлдөх чадварыг яаж үнэлдэг юм бэ?

-Эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, бизнесийн үр ашиг, засаглал гэдэг дөрвөн багц асуудлаар 180 орчим үзүүлэлтээр дүгнэдэг. Тоо худлаа хэлдэггүй, хүүхэд худлаа өвддөггүй гэдэг шүү дээ. Бид Үндэсний стастикийн хороо, Монголбанк, Гаалийн ерөнхий газар гээд албан ёсны эх сурвалжаас стастистик мэдээлэл авч хэрэглэдэг. Дээр нь бид нар амжилттай явж байгаа бизнесмэнүүдээс олон улсын аргачлалаар санал асуулга авдаг. Судалгааны гуравны нэг нь санал асуулгаар явдаг. Учир нь авлигыг гэхэд шууд дүгнэхэд хэцүү шүү дээ, судалгаа хийж байж гаргана.

Өрсөлдөх чадвараар тухайн аймгийг бусад аймагтай харьцуулахаас гадна өөрийг нь өмнөх онтой нь харьцуулдгаараа сонирхолтой. Хүн хөгжье, аймаг хөгжье гэвэл өөрөө өөртэйгөө тэмцдэг, өөрийгөө ялж байж хөгждөг. Тиймээс өрсөлдөх чадварын тайлан бол олон үзүүлэлтээр өөрийгөө сайжруулах агуулгыг цогцоор нь гаргаж ирдэг.

Монгол Улс явж, явж аймгуудаас бүрдэж байгаа. Нэг аймаг, нэг айлын амьдрал сайжирч байвал Монгол Улсын хөгжил сайжирна, муудаж байвал улсаараа л муудна.

-Судалгааны тайлан руу оръё. Ерөнхий үнэлгээгээр олон жил Орхон аймаг тэргүүлж байснаа өнгөрсөн онд Дорноговь аймагт байраа тавьж өгчээ. Дорноговь аймгийн хөгжил тэр хэрээр сайжирсан гэж ойлгож болох уу?

-Энэ жилийн судалгаанаас харахад олзуурхууштай нэг зүйл бол аймгуудын 10 жилийн судалгааны дүнгийн динамик өөрчлөгдөж байгаа. Дорноговийн хувьд аажмаар сайжирсаар байгаад энэ жил 21 аймгийг тэргүүллээ. Өмнөх жилүүдэд Орхон аймаг тэргүүн байранд явдаг байсан. Гэхдээ энэ жагсаалт бол тэргүүлсэн аймгийн бүх үзүүлэлт сайн, сүүл мушгисан аймгуудынх муу гэсэн үг биш. Харилцан адилгүй.

Өрсөлдөх чадварыг дөрвөн багц асуудлаар гаргадаг гэж хэлсэн шүү дээ. Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг нэгд, бизнесийн үр ашгаараа Дархан-Уул, засаглалаар Сүхбаатар, дэд бүтцээр Дорноговь аймаг тэргүүлсэн.

Судалгааны тайланд бид аймгуудад гарын авлага болгох үүднээс тухайн аймгийн давуу болон сул талыг нь жагсаагаад биччихдэг. Тангадын Галсан гуайн хэлдгээр энэ судалгааны тайлан маань багаж ном гэсэн үг.

Улс гэдэг бол айл. Айлын хүмүүс ажил хийдэг нь олон байвал амьдрал дээшилдэг. Яг үүнтэй адил улс хөгжье гэвэл хөрөнгө оруулалт, бизнес хийж байгаа хүмүүсийг сайн татах хэрэгтэй. Түүнд нь бага саад хий, хүнд суртал битгий үзүүл, төсвөө зөв зарцуул. Мэдээж улсын хувьд шийдэх зүйл байна. Төр засаг нь ажил хийдэг хүмүүсийг дарамталдаг, дарангуйлдаг биш урам өгдөг, шударга бус өрсөлдөөнөөс хамгаалдаг байх юм бол хурдан хөгждөг. Сонирхуулахад, 1980-аад онд Хятадын удирдагч Зян Зминь яаж хөрөнгө оруулалт, технологийг улсдаа татсан жишээ бий. Тэрээр гадаад орнуудын төрийн тэргүүнийг, АНУ-ын ерөнхийлөгчийг ч ирэхэд Тяньаньмэний талбайд угтаж авдаг байсан, одоо ч мөн адил. Харин дэлхийд Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс ид мандаж байх үед Хятадад айлчилсан. Тэгэхэд нь Зян зминь төрийн протоколоос гадуур Билл Гейтсийг онгоцны буудал дээр өөрийн биеэр очиж угтаж авсан. Өөрөөр хэлбэл, АНУ-ын ерөнхийлөгчид үзүүлдэггүй хүндэтгэлээ Билл Гейтст үзүүлсэн. Хариуд нь Билл Гейтс баярласан, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингээд Хятад улсыг компьютержуулах том аяныг эхлүүлсэн. Одоо эргээд харахад 40 жилийн дараа Хятад мэдээллийн технологиор АНУ-тай өөртэй нь өрсөлдөж байна.

Улс орны хөгжил гэдэг энгийнээс эхэлдэг. Мэдээж энэ бол ганц мөнгөөр биш удирдлага, менежер, засаглал гээд олон зүйлээр урагшилна. Нийтлэг зүйлийг харахад дэд бүтэц маш чухал гэдэг нь харагдаж байна. Сая гэхэд манайд хилийн боомт хаагдаж, бүх зүйл зогссон. Бараа үнэд орж, тээврийн зардал өсөв. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам хаагдахад агаарын тээвэр хэрэгтэй юм байна гэдгээ ойлгоод агаарын тээврийг либералчилъя, хөгжүүлье гэж бодож эхлэх ёстой. Ингэж сул талаа нөхөөд тууштай яваад байвал Монгол Улс хөгжих боломжтой.

-Хамгийн сайн өсөлтийг үзүүлсэн аймгаар Говь-Алтай, Архангай нэрлэгдсэн байсан. Эдгээр аймгууд аль салбартаа анхаарч, үр дүн гаргаж чадав?

-Оноогоо сайн ахиулсан аймгууд гэвэл Говь-Алтай, Архангайгаас гадна Дундговь, Сэлэнгэ бас бий. Жишээ нь, Говь-Алтайн хувьд хойгуур байр эзэлсэн ч авууштай сайн талууд бий. Эмч, сувилагч, багш сурагчдын харьцааны үзүүлэт гээд олон сайн үзүүлэлт бий. Гэхдээ амжилтаа улам ахиулъя гэвэл боломж байж л байдаг. Тухайлбал, жилд 400 орчим тонн ноос ноолуур бэлтгэдгээрээ Говь-Алтай аймаг улсдаа хоёрт жагсдаг. Тэгсэн хэрнээ ноос ноолуураа боловсруулдаггүй. Уг нь нэмүү өртөг шингээх талд ажиллаж болмоор санагддаг.

Улс орны хөгжлийг харахаар боловсруулалтаа л гүнзгийгүүрлэх, нэмэгдүүлэх шаардлагатай. Ямаагаа бүрэн самнах, самнасан ноолуураа угаах, дараа нь ээрэх, ээрснийхээ дараа сүлжих гээд явж болно. Ингэхдээ хөрш зэргэлдээ аймагтайгаа хоршиж болно. Нэмүү өртөг бүтээгдсэнээр л улс хөгждөг. Манайх бол уул уурхай, эрдэс баялгаар баян мөртлөө шууд ухаад түүхийгээр нь экспортолдог. Сайндаа л хагас боловсруулаад баяжмал гаргаж байна шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэл ажилламаар байгаа юм. Үүний үр дүнд олон хүн ажлын байраар хангагдана. Техник технологийн түвшин ч нэмэгдэнэ. Товчдоо, түүхий эдийн хавсрага байхгүйг л хаа хаанаа хичээмээр байгаа юм.

-Ер нь бүс нутгийн онцлог өрсөлдөх чадварт их нөлөөлнө биз. Тухайлбал, таны сая ярьсан уул уурхайтай аймаг илүү чадвартай гэх мэт?

-Хилд ойр, дэд бүтэц хөгжсөн, том төсөл хэрэгжиж байгаа гэх мэт хүчин зүйлс мэдээж нөлөөлнө. Гэхдээ манай ямар ч аймагт хөгжих боломж байгаа. Засаглалаа сайжруулахад хол ойр нь ямар хамаа байна. Авлигыг бууруулахад хол ойр, байгалийн баялагтай, баялаггүй хамаагүй шүү дээ. Жишээ нь, засаглалын хувьд Сэлэнгэ аймаг жил бүр сайжраад явж байгаа. Учир нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт ISO стандарт нэвтрүүлж байна.

Нэг зүйл онцолж хэлэхэд, Монголд хөрөнгө оруулалтын үр ашиг их муу байгаа юм. Тухайлбал, Монголд суурилагдсан гурилын үйлдвэрийн хүчин чадлын 20 хүрэхгүй хувь нь ажилладаг. 80 хувь нь сул зогсдог. Гэтэл тэр 80 хувиар хэчнээн их юм хийж болох вэ. Нэг л салбар дээр уралдаад байж болохгүй юм. Нэлээд хэдэн жилийн өмнө Орхон аймгийн Жаргалант суманд нэг иргэн талхны цех байгуулаад ашигтай ажиллаж байтал өөр дөрвөн хүн нэмээд яг ижил барьчихсан. Ингээд зах зээл нь хуваагдаад тавуулаа дампуурсан тохиолдол бий. Нөгөөтэйгүүр нэг газарт мах боловсруулдаг, нөгөө аймагт ширээ боловсруулдаг, өөр нэг аймагт боловсруулсан ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр аймгууд хамтарч хоршиж ажиллах нь зүйтэй. Үүнийг төр засгаас зохицуулж өгдөг болмоор санагддаг.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн цар тахал аймгуудын эдийн засгийн бодлогод сайнгүй нөлөөлсөн болов уу. Судалгаагаар ажиглагдав уу?

-Цар тахлын үед хамгийн их хэлмэгдсэн хэсэг бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчид. Бидний энэ статистик бол 2020 оных шүү дээ. Бүх аймгуудад аж ахуй эрхлэгчдийн тоо буурсан гэсэн дүн гарсан. Нэг ёсондоо цар тахал бүх хүнд жигд нөлөөлсөн гэж харагдаж байгаа. Өртөөгүй ганц ч нэгж байхгүй. Ингэснээр орлого буурна, ядуурал, ажилгүйдэл нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. 2021 оны статистик дээр бүр илүү хүндэрсэн болов уу.

Цар тахлаар бол хил хаагдахад үндэсний үйлдэрлэл ямар хэрэгтэйг харлаа. Дэд бүтэц, экспорт ямар хэрэгтэйг улсаараа ойлгосон. Нөгөөтэйгүүр энэ цар тахлын үед дэлхий даяараа хосолсон бодлого явууллаа. Мэдээж нийгмийн халамжийн бодлого явуулсан. Бизнес эрхлэгчдээ дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгож, татварыг нь багасгах бодлого үргэлжилж байна. Манай улсад ч ялгаагүй. Саяхан нийслэлийн Засаг дарга олон бизнесийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцаллаа. Энэ бол сайн. Гэхдээ хэт ингэж туйлширч болохгүй санагдсан. Түүний оронд зөвшөөрлийн системийг нийтэд нь бүртгэлийн тогтолцоотой болгож хувиргавал илүү өгөөжтэй болмоор. Улсад бүртгэл хэрэгтэй шүү дээ. Иргэн онлайнаар аппликэйшн бөглөлөө, зөвшөөрөл авах хэрэггүй. Нэг зөвшөөрөл авдаг болоод нэг болих байдлаар савлагаатай биш, ухаалаг байдлаар шийдэх нь уг нь цаашид нэмэртэй.

Хямрал цар тахал гэдэг хятад ханзаар бол аюул занал, боломж гэсэн хоёр үеэс бүтдэг үг юм. Манайд маш их эрсдэл учирлаа, гэхдээ нөгөө талаар бодох, сэтгэх, ухаан бодлоо уралдуулах, хамтран ажиллах шаардлага, боломж бий боллоо. Эрсдэлийг яаж давж гарах вэ гэж толгойгоо ажиллуулаад хоорондоо яриад арга зам, шийдлээ олж байгаа нь хөгжлийн гарц, хөгжих боломж юм шүү дээ.

-Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлдэг болоод 10 жил өнгөрч байгаа юм байна. Энэ бол багагүй хугацаа. Энэ хугацаанд аймгуудын хөгжил, өрсөлдөх чадварт ямар өөрчлөлт, онцлог харагдах юм бэ?

-Ямартаа ч бид хөгжлийн хэмжүүртэй болчихсон нь маш чухал дэвшил. Даралтын аппараттай болох нэг асуудал. Түүнийг хэрэглэж сурахтай адилхан шүү дээ.

Нэг жишээ хэлье л дээ. Одоогийн УИХ-ын гишүүн, тухайн үед Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь анх манай тайлан гарахад авч үзээд учрыг нь олсон хүмүүсийн нэг. Тайланг хамгийн сайн ашиглаж, засаглалаа сайжруулж чадсан. Явж, явж хөгжил гэдэг хүний тухай асуудал байдаг. Тайланг 180 үзүүлэлтээр гаргадаг, тэдгээр дотор олон хүчин зүйл орно. Боловсрол, эрүүл мэнд гэх мэт. Тухайн үед Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын сургуулийнх нь сургалтын чанар муу гэж гарсан байгаа юм. Тиймээс Ж.Батсуурь дарга Улаанбаатар хотоос чадвартай багш нарыг аймагтаа уриад багш нартаа хичээл заалгасан. Ингээд аймгийн багш нь нар шинэ арга барил, мэдлэг чадвартай болоод ирэхээр дараагийн жилээс сургалт нь шал ондоо болоод эхэлсэн. Түүнээс гадна Монголын том компаниудын захирлуудтай танилцаад аймагтаа урьсан, том худалдааны компаниудын удирдлагуудыг аваачсан байдаг. Үнэхээр л Сүхбаатар аймаг нүдэн дээр өөрчлөгдсөн.

Мөн Ховдын Засаг дарга Д.Цэвээнравдан банкны захирлыг хотоос аваачаад “Манайд салбараа нээ. Аймгийнхаа төвд сайн газар өгье” гэж тохироод банкны шинэ салбар нээлгэж байсан түүх бий. Ингээд банкууд салбараа шинээр нээгээд эхлэхээр тэнд ажлын байр бий болно, хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэр нэмэгдэнэ, өрсөлдөөн бий болж, хөгжих боломж нэмэгдэж байгаа юм. Хөгжил орон нутагт хүрэхгүй бол нийслэл рүү чиглэсэн нүүдэл зогсохгүй нь ойлгомжтой.

Миний хэлээд байгаа санаа бол энэ л юм. Өрсөлдөх чадварын тайлан маань хөгжлийн хэмжүүр,багаж гэсэн үг. Аймгийн хөгжил, байгаа байдлыг нь 180 үзүүлэлтээр хэмжээд гаргачихлаа, бүр бусад аймагтай харьцууллаа, өөрийнх нь өмнөх жилүүдийн амжилтыг нь ч харьцуулаад өглөө. Энэ судалгаа, хөгжлийн хэмжүүр, багажийг ашиглаж чадсан аймаг тууштай хөгжинө, хөгжөөд явна.

Манай бүх аймгийн Засаг дарга нар тайланг захиалдаг, ашигладаг болчихсон. Тав зургаан жилийн өмнө байх, Дундговь аймаг тухайн үед сүүл мушгиж байсан санагдаж байна. Тайлангийн дараахан Дундговийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ говийн бүсийн зөвлөгөөн санаачлан зохион байгуулаад ажиллаж эхэлсэн. Өрсөлдөх чадварын хувьд Дундговь сүүлийн жилүүдэд сайжирч байгаа нь тайлангаас харагдаж байна.

-Сүүлийн байрт орсон аймгууд хөгжлийн хувьд хамгийн муу гэсэн ойлголт олон нийтийн дунд байх шиг байна. 2021 оны хувьд эдгээр аймгууд юун дээр алдав, засч сайжруулах ямар зүйлс байна вэ?

-Булган гэхэд сүүл мушгилаа гээд муу аймаг гэсэн үг биш. Булган аймаг тариалсан талбайгаараа улсад гуравт ордог байх жишээтэй. Сул талыг нь л хэлж өгч байгаа юм. Бодит байдлаа хараад сайжруулах хэрэгтэй.

Судалгааны тайлангаас харахад аймгууд засаглалаа сайжруул, төсвөө ил тод үр ашигтай зарцуул, авлигагүй, хүнд сурталгүй ажилла. Ажил хийх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүл. Битгий шалгалтаар дар, битгий дарамтал. Түүний оронд зовлон бэрхшээлийг сонс, шийдэхийг хичээ. Энэ бол маш энгийн мөртлөө зарчмын асуудал шүү дээ.

Ер нь хөгжил гэдэг зөвхөн Засаг даргын ажил биш. Бас нэг жишээ хэлье. Олон жилийн өмнө Булган аймагт яагаад бизнес хөгждөггүй нэг шалтгаан нь замын цагдаа нь дайран өнгөрч байгаа жолооч нарыг торгох зэргээр их шоглодог. Түүнээс болж жолооч нар болж л өгвөл Булганаар хурдан л дайраад өнгөрчихье, зам тавиагүй байхад бол тойруу замаар шөнийн цагаар нэвтрээд гарчихъя гэдэг байсан. Торгуулахаас айгаад шүү дээ.

Уг нь аймгийн төвөөр нь дайрвал дэлгүүр хоршоо орно, бензин шатахуун авна, буудалд нь буух зэргээр мөнгө үрнэ, нутгийн хүмүүс орлоготой болно. Тэгэхээр хөрөнгө оруулалт татна гэдэг аймгийн удирдлага, эмнэлэг, шүүх цагдаа, сургууль, нутгийн иргэд нь бүгд баг болж байж татдаг.

Өөр нэг жишээ хэлье л дээ. Орос, Монгол, Хятадаар тээвэр хийдэг байсан орос жолооч “Би анх удаа амьдралдаа “Баярлалаа” гэж хэлдэг замын цагдаатай таарсан. Тэр бол Монгол Улсад, Ховд аймагт явж байхдаа таарсан тохиолдол” гэж ярьж явдаг юм байна. Ховдод явж байхад нь замын цагдаа зогсоогоод бичиг баримтыг нь шалгачихаад “Спасибо” гэж хэлээд өгсөн юм байна л даа. Түүнийг л тэр орос нөхөр явсан газар болгондоо ярьж явдаг юм байна. Хөгжил гэдэг ийм жижиг, нарийн соёлоос, нарийн хэмжүүрээс эхэлдэг. Хэдий чинээ нарийсч жижигсэх тусам хөгжил ирнэ. Бид хөгжлийг холоос биш өөрөөсөө, сумаасаа, аймгаасаа эхлэх хэрэгтэй.

-Сонирхолтой жишээнүүд та хэллээ. Та төрийн сайд байсан хүн. Хөгжье, өрсөлдөх чадвартай болъё гэвэл засаглалыг сайжруулах ёстойг тайлангаас харж болж байна шүү дээ?

-Орчин цагт хэмжиж болохгүй зүйл гэж үгүй. Тэгэх тусмаа засаглалын чадавхи, үр ашгийг хэмжихэд амар. Засаглал гэдэгт шүүх цагдаа бүгд хамаарна. Өнөөдөр Монгол Улсын хөгжил, хөрөнгө оруулалтад саад болж байгаа нэг хүчин зүйл бол манай шүүх, хуулийн салбар. Маш энгийн жишээ хэлье. Мөрдөн байцаагч прокурорын бичиг үзүүлээд л өөрөөр хэлбэл, хувийг нь өөрт нь өгөхгүйгээр байгууллага,айл өрхийг нэгжиж, өмч хөрөнгийг хурааж, тэр бүү хэл саатуулдаг. Э.Бат-Үүл баатрыг гэхэд шүүхийн шийдвэрийг өөрт нь өгөхгүйгээр 45 хоног хорьж байна гэж ярьж байна шүү дээ. Та бод доо, яг ийм нөхцөл байдал гадны хөрөнгө оруулагчдад ч таарна. Монголын цагдаа “Баярлалаа” гэж хэллээ гэдэгтэй адилхан “Монгол чинь аюултай. шүүхийн шийдвэргүйгээр аваачаад хорьчихдог” гэсэн яриа гадаадад түймэр шиг л тархана.

Арваад жилийн өмнө манайхан гадныхныг нэлээд хорьж цагдаж байсан. Хөрөнгө оруулагчдад, ямар ч хүнд мөнгө гэхээс илүү амь нас, эрүүл мэнд нь хамгийн чухал биз дээ. Хүний халдашгүй эрх Habeas Corpus-ыг бүдүүлгээр зөрчигддөг улсаас бушуухан зугтаахыг л бодно. Тэд Монголоос яваад таарсан хүндээ юу гэж хэлэх вэ, ойлгомжтой.

Хөрөнгө оруулалт татах, улсаа хөгжүүлэх асуудал зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засаг дарга нарын ажил биш. Хуулийн салбарт ажиллаж байгаа хүн, эмнэлэг, боловсрол гээд бүх салбарынхны, хувь хүн бүр бодох ёстой асуудал. Мексик улсад нэг нөхөр халаасны хулгай хийж. Гэтэл хохирогч нь гадаад хүн байж таарсан. Дээрэм хийсэн нөхөр уучлалт гуйгаад хулгайлсан зүйлээ буцааж өгсөн гэдэг. Үүнтэй адил иргэн хүн бүр улсаа бодох ёстой. Монгол хүн бүр улсаа, “Монгол” гэдэг айлаа бодож, би авлига өгч авч болохгүй, би юм бүтээнэ, уусан архиа литрээр биш, ургуулсан мод жимсээ, уншсан номоо ярьдаг, бусдыг муулдаг биш магтдаг эрүүл сэтгэхүйтэй болох ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *