Шинжлэх ухаан техникийн хувьслын нөхцөл дэх шинжлэх ухааны байр суурь, нийгэм соёлын үүргийг тодорхойлох шаардлагаар шинжлэх ухааны философи гэсэн шинэ салбар бий болсоор хагас зуун жил илүү өнгөрсөн. Шинжлэх ухааны философи нь шинжлэх ухааны мэдлэгийн бүтэц, хөгжлийн тухай судалдаг. Хүн төрөлхтөн байгалийн төлөвөөс нийгмийн төлөвт улам бүр шилжиж буй түүхэн тодорхой нөхцөл бүхэнд философи тодорхой байдлаар зохицож, хөгжиж ирсэн. Монголын Их, дээд сургуулийг төгсөгчдийн дэлхийд өрсөлдөх чадвар хаанаас эхлэх вэ гэвэл их сургуульдаа үзэж судалсан системтэй мэдлэгээс эхэлнэ. Монгол Улсын дээд боловсролын системийн өнөөгийн сул талыг харуулах нэгэн үзүүлэлт бол академик сургалт, эрдэм шинжилгээний судалгаанд философийн ач холбогдол маш бага байгаа, хатуухан хэлэхэд бараг байхгүй гэж үзэж болохоор байна. Философи дам утгаараа шинжлэх ухааны шинжлэх ухаан хэмээн хэлэгддэг төдийгүй шинжлэх ухааны бүхий л судалгаанд харилцан хамааралд оршдог, тэрээр салангид зүйлийг анхаарахгүй, түгээмэл холбоонд байдаг мөн чанараар илэрхийлэгддэг. Иймээс Монгол Улсын дээд боловсролын системд байгаа алдаа дутагдлыг зөв оношлон, цаашдын чиг хандлагыг олон улсын Их, дээд сургуулийн хөгжлийн зүгт чиглүүлэхэд одоо харагдаж буй оновчтой аргын нэг бол шинжлэх ухаан ба философийн хамаарлыг бий болгох эхний алхамуудыг хийх зайлшгүй шаардлага байна. Энэ бүхэн сургалтын системд орох, хэлбэржиж үр дүнгээ үзүүлэх үйл явц улс орнуудад дунджаар наад зах нь 10 жил шаарддаг гэдгийг Олон улсын дээд боловсролыг магадлан итгэмжлэх тайланд бичсэн байна. Энэ хэзээ Монголд эхэлж, бодит биеллээ олох нь өнөөдрөөс эхлэн Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт хийхээс, шууд утгаараа биднээс бүрэн хамаарна. Дээд боловсрол нийгэмд үйлчилдэг, суралцахуй, сургалтын нийлмэл цогц. Мэдлэг нь системтэй, тодорхой, уялдаа холбоотой, нэг нь нөгөөгөөсөө урган гарч урагш тэмүүлж байдаг. Шинжлэх ухаан бол нэгдмэл, бүхэл байдлаар хөгжиж байдаг мэдлэгийн хэлбэр, салангид мэдлэгийн цуглуулга бас нийлбэр ч биш, харин эдгээрийн харилцан үйлчлэлд буй нэгдмэл, бүхэллэг системтэй чанараар илэрхийлэгддэг. Шинжлэх ухааны мэдлэгийн онолын түвшин дээшлэх тусам философийн агуулга нь ихсэж байдаг зүй тогтолтой гэдгийг олон эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг ба философитой нягт уялдаж байж шинжлэх ухааны бүтээлч байдал нэмэгддэг болно. Улс орон бүр дээд боловсролын системийг баталгаажуулах өөрсдийн тогтсон тогтолцоо, онцлог бүхий чадамжтай байдаг. Монгол Улсад дээд боловсролын бүтэц, чанарын тухай байр суурь төлөвшөөгүйг илтгэх нэг баримт бол сүүлийн 15 жилийн дотор Монгол Улсын бүртгэлтэй 100 хувийн дээд сургууль дампуурсан байна. Өнөөдөр Монголын боловсролын сайд, дарга өөрчлөгдсөнөөр боловсролын тогтолцоонд шинжлэх ухаанч биш өөрчлөлтүүдийг хийдгээс боловсролын систем бүхэлдээ тогтворгүй, үндэсний өвөрмөц онцлог нь алдагдсан хэмжээнд хүрсэн байна. Тухайлбал, Монголын боловсролын тогтолцоо улс төрөөс хараат оршдог, үндэсний уламжлалт залгамж чанараа алдсан, ялангуяа бакалавраас дээш түвшний сургалт, судалгааны үндсэн үйл ажиллагаа, хичээлийн агуулга нь судлаач багш, судлаач оюутнуудад нээлттэй байдаггүй явдал юм. Шинжлэх ухааны философи бол шинжлэх ухааны үр дүн, арга барилыг дүгнэдэг философи сэтгэлгээний хэв маяг. Энэ нь нэг талаар шинжлэх ухааны хөгжил нь цаг ямагт философитой холбоотой байсан төдийгүй оюун ухаан, онолын танин мэдэхүйн асуудлыг өөртөө багтаадагтай холбоотой. Философийг шинжлэх ухааны бүхий л салбарын судалгаанд оруулж өгснөөр тодорхой, бодит, шүүмжлэлт сэтгэлгээний үр дүнд боловсруулагдсан цогц судалгааны үр дүнгүүдийг хүлээж болно. Мэдлэгийн ийм системийг Их, дээд сургуульд ялангуяа магистр, докторын түвшиний сургалт, судалгаанд төлөвшүүлэхгүйгээр хувь хүний, судлаачийн бүтээлч сэтгэлгээг бий болгох боломжгүй юм. Дэлхийн бүх улс орнуудад өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжлийн дээд боловсролтой хүмүүс нь тухайн нийгмийн хөгжлийн хурд, тогтвортой байдлын чадамжийг тодорхойлж байдаг. Дээд боловсролтой мэргэжилтэн, шинжлэх ухааны судлаач хүний түүх нийгмийн үйл явцад нөлөөлөгч нийтлэг шинж чанар нь “чөлөөт байдал, чөлөөт сэтгэлгээний тухай ойлголт” бөгөөд энэ нь философитой салшгүй холбоотой юм. Дахин тэмдэглэхэд, шинжлэх ухааны мэдлэгийн онолын түвшин дээшлэх тутам философийн агуулга нь ихсэж байдаг гэдгийг олон эрдэмтэн судлаачид тэмдэглэсээр ирсэн. “Философигүй орчин үеийн шинжлэх ухаан хана мөргөх болно” гэдгийг олон улсын шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа судлаач эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Шинжлэх ухааны салбар тус бүрийн доторхи өгөгдлийн үер, зах хязгааргүй цахим мэдээллийн өгөгдөл нь судалгааны талбарыг улам хүндрүүлж, судалгааг улам өнгөц, хөнгөн, утгагүй болгож байна. Үүний нэг жишээ бол шинжлэх ухаанд ач холбогдолтой багатай ном, гарын авлага, судалгааны бүтээлийн хэвлэх тоо утгаа алдсан, ном зүй гэхэд л боть ботиороо “Номын сан дахь номын санг” үүсгэх болсон байна. Баримт мэдээллийн тоо хэмжээ нэмэгдсэн ч чанар уруу шилжээгүй. Шинжлэх ухааны судалгаа нь хэт өргөн хүрээг хамрах, түүхийг үл тоомсорлох, цахимаас оруулсан баримтын цуглуулга болж буй өнөөгийн судалгааны хандлагыг өөрчлөх өөрчлөлтүүд дэлхийн ихэнх их дээд сургуулиудад аль хэдийн эхэлсэн, Монголчууд бид ч бас энэ зүгт чиглэх нийгмийн шаардлага бий болсон байна. Дэлхийд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн шинжлэх ухааны философийн хичээлийн цагийг нэмэгдүүлэх замаар судалгааг өргөжүүлэх, туршилтын хөтөлбөрүүдийг сүүлийн 10 жил буюу 2010-2020 онд хэрэгжүүлсэн үр дүнгийн талаарх мэдээллээс авч үзвэл:
•Цахим ертөнцийн инженерүүд, техникийн мэргэжилтнүүдийг өөрийгөө болон өөрийн хийж буй ажлын талаар дахин эргэцүүлэн бодох, хандлагаа өөрчлөх, технологийн гаж нөлөөний парадокс, төөрөгдөл, тодорхойгүй байдлыг арилгах нэгэн чиглэл бол философи юм.
Ангела Гимарас. Испра дахь Европийн комиссын судалгааны төв. 2020 он
•Философитой нягт уялдаатай байхын ач тусыг бидэнд буцааж өгөх шинжлэх ухааны судалгааг бүх төвшинд сэргээх, хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Судлаач философийн тодорхой онол, бат итгэл үнэмшлээ хөгжүүлэн боловсруулснаар өөрийн хийж буй судалгааг утга учиртайгаар жолоодох чадамж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, судалгааны ерөнхий түгээмэл зүй тогтолыг судлаад зогсохгүй судлаж буй зүйлийнхээ гадаад, дотоод мөн чанарыг танин мэдэхүйд өөрийн оюун санаа, судлаачийн туйлын оюун санааны төсөөлөл, таамаглалыг авч үзэх, онолын хийсвэрлэлээр сэтгэх, ажиллах хэмжээнд хүрч очих болно.
Европын холбооны Horizon 2020 оны судалгаанаас
•Философийн олон талт хариултууд, нөлөө бүхий баримтууд шинжлэх ухааны хуурмаг өнгөц байдал, утгагүй туйлшрал, парадигмын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж, хараат байдлаас сэрээхэд тусалсаар ирсэн.
Синтияа Селин.
Аризона мужийн Их сургууль. 2020 он
•Шинжлэх ухаанд үүрэг хариуцлагын шинж мэдрэмжийг бий болгож, философийн хамааралтай судалгааг өргөжүүлэхийг уриалж байна. Ялангуяа сүүлийн үед шинжлэх ухааныг зовоох болсон үнэмлэхүй эрх мэдлийн төлөөх судалгааг зогсооход философи туслах нь зайлшгүй юм.
Альфред Норман. Дармштадт хотын Техникийн Их сургууль. 2020 он
•Шинжлэх ухаан, философийн чиглэлээр тэнцвэртэй тэдний хооронд жинхэнэ яриа хэлэлцээ, нягт холбоо хамаарлыг бий болгох сургалтын хөтөлбөрүүдийг бий болгох. Ийм сургалтын хөтөлбөрүүд зарим орнуудын их дээд сургуульд аль хэдийнэ хэрэгжиж, хэлбэржиж, тогтворжсон. Салбар шинжлэх ухааны сургалтын хөтөлбөрт философийн модуль сургалтууд олон цагаар багтах болсон. Эдгээрээс гарсан судалгааны үр дүнг “сэтгэл хөдөлгөм” хэмээн эрдэмтэн судлаачид дүгнэсэн байна.
Цжаллинг Свиерстра, Маастрхитын их сургууль. 2020 он
Энэ асуудлыг бодит алхам болгож, одоогийн Монгол Eлсын төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямралаас үл хамааран Их, дээд сургууль, ялангуяа дээд боловсролын төгсөлтийн дараахь түвшний сургалт, судалгаанд авч хэрэгжүүлэх, дараахь энгийн өөрчлөлтийг хийж эхлэх хэрэгтэй юм.
•Салбар шинжлэх ухааны хурлуудад философид илүү их орон зай гаргах. Энэ бол философийн ойлголтыг өөрсдийн судалгаанд хэрхэн, яаж ашиглах эсэхийг үнэлэх, судлаачдад зориулсан энгийн алхам, бодитой хэрэгжих боломжтой.
•Шинжлэх ухааны лаборатори, тэнхимд философичдыг хүлээн авах, хамтрах. Судлаачид философи сэтгэлгээнд түшиглэн судалгаандаа итгэл үнэмшилтэй болж, хүрээлэн байгаа болон гадны олон бүрхэг төсөөллөөс өөрийгөө чөлөөлж, баримтуудыг даван гарах чадамжтай болно.
•Магистр, докторын судалгааг хамтран явуулах. Философи арга нь аливаа судалгааны үйл явцад шууд бусаар нөлөөлдөг, эндээс эрдэмтэн хүн үнэнд хүрэх дөт зам, шинжлэх ухааны ёс зүйн хандлагыг өөртөө төлөвшүүлдэг ач холбогдолтой. Баялаг үзэл баримтлал бүхий сайн диссертаци бэлтгэн гаргах нь дараа үеийн философич эрдэмтдийг төрүүлэн гаргах нэг алхам юм.
•Судлаачид шинжлэх ухааны философийн талаар илүү их уншиж судлах, энэ нь тэдний судалгааг өргөжүүлэх, урагшлуулах нэгэн эх сурвалж болж, судалгааны ажлын үндсэн зарчим, ойлголтууд нь философид багцлагдана.
•Шинжлэх ухааны сонин сэтгүүлд философийн үзэл баримтлалын талаархи шинэ хэсгүүдийг нээх хэрэгтэй.
Монголын дээд боловсролын системд өөрчлөлт хийхгүйгээр Монгол улсын шинжлэх ухааны, эдийн засгийн өрсөлдөх чадварын тухай ярихад эрт буюу үр дүнгүй юм. Монгол улсын засгийн газраас 2024 он гэхэд “Монгол Улсын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 сургуулийн эгнээнд хүргэсэн байна” гэсэн зорилт дэвшүүлсэн байна. Үүнд хүрэхийн тулд Монголын их дээд сургуулийн багш, судлаачид шинжлэх ухааны судалгааны хөгжлийн мөн чанар нь философоор баяжиж байдаг сургалтын хөтөлбөрүүд, судалгааг чухалчлан авч үзэж, бодитоор хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Шинжлэх ухааны жинхэнэ судалгаа нь судлаачийн эрдэм мэдлэгийн тодорхой хэмжээний нөхцөл бүрдсэн үед л бодитой болдог. Салбар шинжлэх ухааны судалгаанд философийг ойртуулан судлах нь ертөнцөд хүний эзлэх байр суурийг судлаач хүн бүр өөр өөрийн түвшинд гаргахаас эхлэлтэй. Хүний үнэт зүйлсийн бүхий л төв цэгт хүн өөрөө байдаг. Биологийг инженерийн шинжлэх ухаан болгохыг зөвшөөрдөг, шинжлэх ухаанд амьд ертөнцийг ойлгохыг оролдохгүйгээр өөрчлөх хандлага уруу орох боломжийг олгодог нийгэм, өөрөөр хэлбэл мэдлэг бүтээж буй судалгааны байгууллага нь өөрөө аюулт ертөнц хэмээн эрдэмтэн Карл Возийн хэлснийг тэмдэглэж байна. Шинжлэх ухааны үндэс болсон системийн холбооны асуудал, баримтуудын холбоо ч энд хамгийн их хамааралтай юм. Шинжлэх ухаан дахь үндсэн өөрчлөлтүүд нь түүний философийн үндэслэл гүнзгийрч, нарийсахын хэрээр гардаг хэмээн үздэг тул шинжлэх ухааны судалгаа хийж буй судлаач бүр философийн өндөр мэдлэг эзэмших, байгалийн мөн чанарыг ойлгохыг хичээх, судалгаандаа ухамсартайгаар хандах нь зүй юм.
Сайннямбуугийн Цолмон
Хэл бичгийн ухаан доктор
Улаанбаатар хот. Төв
шуудан 15160-0026
Шуудангийн хайрцаг 1107
Email: s_tsolmon21@yahoo.com