Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдены мэдэгдэл

Украины асуудал хурцдаад буй энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийв. Тэрээр ОХУ Украины нутаг дэвсгэрт халдан дайрвал ерөнхийлөгч Владимир Путины эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ хэмээн анхааруулсан байна. Жо Байден уг сэрэмжлүүлэг огт хий хоосон үг биш гэдгийг нэмж онцолжээ.

Украины хилийн ойролцоо ОХУ-ын 100.000 цэрэг байрласнаас үүдэлтэйгээр өрнөдийн орнууд Москваг халдан түрэмгийлэх үйлдэл хийх байх хэмээн сэрдэж байгааг ОХУ-ын зүгээс эрс үгүйсгэдэг бөгөөд АНУ болон түүний холбоотон өрнөдийнхөн нөхцөл байдлыг хөөрөгдөж, хямралыг хурцатгаж байна хэмээн хариу буруутгадаг юм. Хэрэв Оросын цэргүүд Украины хилээр нэвтэрсэн тохиолдолд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн их гарз хохиролтой тэмцэл өрнөж болзошгүй юм. Хэрэв ийм зүйл болбол Москва шангаа хүртэх болно хэмээн өрнөдийнхөн анхааруулсан.

АНУ 8.500 цэргээ дайны бэлэн байдалд шилжүүлсэн бөгөөд дайн эхэлбэл энэ хүчин 10 дахин нэмэгдэх боломжтой юм. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Франц, Герман, Оросын удирдагчидтай уулзах хүсэлт гаргасан байна. Мөн НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгч Василий Небензя “АНУ Сирийн босогчдыг дэмжиж байгаагаас Арабын Сири улсын Идлиб хотод байдал тогтворгүй болоод байна” гэж мэдэгдэв. Олон улсын зарим судлаачид Украины асуудал бол зөвхөн Украины асуудал бус ардчилал, эсвэл дарангуйлал тогтох эсэхийг шийдэх дэлхий нийтийн тулгамдсан асуудал гэж үздэг бөгөөд ОХУ-ын цэрэг Украины нутагт нэвтэрвэл Оросын эсрэг байлдаан Сири, Кавказын нуруу төдийгүй жирийн иргэд байдаггүй Арктикт болж Беларусь, Казахстан улмаар ОХУ-д Оросын өнөөгийн хэт дарангуйлагч удирдлагын эсрэг иргэдийн хөдөлгөөн өрнөнө гэж үздэг юм.


БНХАУ-ын “Синовек” коронавирусийн вакцины хоёр тунг хийлгээд нэмэлт тунгаар “Пфайзер”, “Жонсон & Жонсон” эсвэл “Астразенека” вакцин хийлгэсэн хүмүүст эсрэг биетийн түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Тодруулбал, Бразил болон Оксфордын их сургуулийн судлаачдын хамтарсан судалгаагаар вирус агуулсан болон рибонуклейн хүчлийн /RNA/ вакцин нь коронавирусийн эсрэг /дельта, омикрон хувилбарууд багтсан/ сайн үр дүн үзүүлжээ. “Sinovac” вакциныг Бразил, БНХАУ, Аргентин, Өмнөд Африк, Оман, Малайз, Турк зэрэг дэлхийн 50 гаруй оронд хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Бразилийн Сао Пауло болон Салвадор хотын сайн дурын 1240 хүнд хийсэн судалгааны дүнд “Синовек” вакцины хоёр тунгийн дараа дахин нэмэлтээр “Синовек” вакцин хийлгэх нь эсрэг биетийн түвшинг нэмэгдүүлж байгаа ч нэмэлтээр өөр вакцин хийх нь илүү үр дүнд хүрч байгаа гэсэн дүгнэлт гарсан байна. Нэмэлт тунг тарихаас өмнө “Синовек” вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүсийн эсрэг биетийн түвшин харьцангуй бага байсан буюу 18-60 насны иргэдийн дөнгөж 20.4 хувь, 60-аас дээш насныхны 8.9 хувьд нь эсрэг биет илэрч байжээ. Харин дээр дурдсан өөр төрлийн гурван вакциныг нэмэлтээр хийлгэсний дараа эсрэг биетийн түвшин мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

l l l

ОХУ-тай зөрчилдсөнөөс үүдэн үүсээд буй үр нөлөөг бууруулах зорилгоор Украинд 1.2 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна хэмээн Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайен мэдэгдлээ. Яаралтай зээл, буцалтгүй тусламжаас бүрдэж буй энэхүү санхүүгийн тусламжийн багц нь ОХУ-тай зөрчилдсөний улмаас Украинд хурдацтай нэмэгдэж буй санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэхэд нь тус болох юм гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдав. Мөн тэрбээр “Европын Зөвлөл, ЕХ-ны гишүүн орнуудын Засгийн газар, Европын парламентын гишүүд тусламжийн төлөвлөгөөг яаралтай баталж, Украинд эхний 600 сая еврогийн тусламжийг шуурхай олгоно” гэдэгт найдаж байгаагаа онцолжээ.

l l l

Туркийн өмнөд нутагт орших Анталья хотын төвд сүүлийн 29 жилд анх удаа цас орсон тухай “Hurriyet” сонин мэдээлжээ. Анталья хотод хамгийн сүүлд 1993 оны нэгдүгээр сарын 7-нд ийм их хэмжээний цас орж, 5 см зузаан цасан бүрхүүл тогтож байжээ.Туркийн баруун хойд нутагт нэгдүгээр сарын 21-нээс хүчтэй цасан шуурга шуурч эхэлсэн байна. Тус улсын хамгийн том хот Истанбул шуурганд ихээр өртжээ. Мягмар гаригт эрх баригчид 15:00 цаг хүртэл хувийн тээврийн хэрэгслээр зорчихыг хориглож, хотын нисэх онгоцны буудлын бүх нислэгийг түр зогсоосон байна. Гантиг тэнгисийн зарим бүс нутагт дунджаар 50-60 см цас унажээ. Түүнчлэн төвийн нутгийн зарим муж болон өмнөд нутагт цас орсон байна. Туркийн онцгой байдлын газраас цас үргэлжлэн орж буй бүс нутгуудын оршин суугчдад онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Истанбулд цас баасан гариг хүртэл үргэлжлэн орно гэж цаг уурчид таамаглаж байна. Их хэмжээний цас орсны улмаас Туркийн гол авто замуудад түгжрэл үүсчээ. Анкара, Истанбул хотыг холбосон хурдны зам болон Истанбулын нисэх онгоцны буудал руу хүрдэг замууд хэдэн цагийн турш түгжирсэн байна.

l l l

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус ирэх тавдугаар сард болох тус байгууллагын тэргүүний сонгуулийн цорын ганц нэр дэвшигчээр тодров. Энэ тухай ДЭМБ-ын хэвлэлийн алба мэдээлжээ. Нэр дэвшигчдийн тодорхойлолтыг өнгөрсөн оны есдүгээр сарын 23 хүртэл хүлээн авсан бөгөөд Гебреисусийн нэрийг тус байгууллагын гишүүн 28 орон дэмжсэн байна. Шинэ ерөнхий захирлыг энэ жилийн тавдугаар сард Дэлхийн Эрүүлийг хамгаалахын ассамблейн 75 дугаар хуралдааны үеэр сонгох бөгөөд санал хураалт нууцаар явагдана. Тедрос Аданом Гебреисус ДЭМБ-ын ерөнхий захирлаар 2017 онд анх сонгогджээ.

l l l

Австралийн Засгийн газар тус тивийн уугуул иргэд болох аборигенуудын далбааны зохиогчийн эрхийг 20.05 сая австрали доллараар (14.4 сая ам.доллар) худалдаж авснаар хүн бүр чөлөөтэй ашиглах боломжтой болжээ. Австралийн уугуул иргэдийн төлөөлөл Харольд Томас хэмээх зураачийн 1971 онд бүтээсэн уг далбааг 2018 онд аборигенуудын бэлгэдэл бүхий хувцас үйлдвэрлэдэг боловч уугуул иргэдийн төлөөлөлтэй хамааралгүй “WAM Clothing” компани худалдаж авчээ. Тус компани уг далбааг ашигласны төлбөр шаардах болж, улмаар “Далбааг чөлөөл” нэртэй хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн байна. Харин Австралийн Засгийн газар зохиогчийн эрхийг шилжүүлэх талаар тохиролцоонд хүрснээр үнэ төлбөргүй ашиглах боломжтой болжээ. Засгийн газраас гаргасан төлбөрийн ихэнхийг далбааг бүтээгч Харольд Томас авах аж. Уугуул иргэдийн далбааг одоо хүн бүр чөлөөтэй ашиглах боломжтой боловч Австралийн далбаатай адил хүндэтгэлтэй хандах ёстой гэж тус улсын ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдэв.

BBC.CNN. REUTERS.TASS. RIA Novosti-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *