Аавынхаа үргэлжлэл болж яваа Ш.Энхийн-Од Америкийн оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт урилгаар тоглосон Монголын анхны тамирчин болсон билээ. АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигт “Дэйтон”-ы их сургуулийн багт тоглож буй тэрбээр эх орондоо иржээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од сагсан бөмбөгийн IHC багт нэгдэн, Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигт өрсөлдөхөөр болов.
АНУ-ын Коллежийн сагсан бөмбөгийн тухай мэдээллийг голчлон хүргэдэг алдарт “Slam” сэтгүүл Коллежийн шилдэг 100 тоглогчийн нэгээр Ш.Энхийн-Од тодорсон.
“Аавынхаа үргэлжлэл болох ирээдүйтэй, авьяастай” гэж багаасаа үнэлэгдсэн Ш.Энхийн-Од багаасаа аав шигээ сагсан бөмбөгчин болохыг мөрөөдөн, найман настайдаа эл спортоор хичээллэжээ. Улмаар 11 настайгаасаа хойш тэмцээнд оролцож байгаа юм.
Ц.Шаравжамц гавьяат хоёр хүүтэй. Нэг нь Энхийн-Од, нөгөө нь Мөнхийн-Од. Ах Мөнхийн-Од нь мөн сагсан бөмбөг тоглодог. Тэрбээр дүүгээсээ дөрвөн насаар ах.
Ах, дүү хоёр хамтдаа УАШТ-д гурван удаа оролцож байжээ. Тэднийг, Ц.Шаравжамц гавьяатын гэр бүлийг сагсан бөмбөггүйгээр төсөөлөхийн аргагүй.
Ш.Энхийн-Од АНУ-д 2018 онд очихдоо Зениагийн “Legecy Christian” багт нэг улирал тоглохдоо 19 тоглолтод оролцон, 10.5 онооо дунджилжээ. Дараа нь Калифорнийн “Rrofic Prep” академийн багт хоёр улирал өрсөлдсөн. Улмаар энэ оны наймдугаар сард ISA багт нэгдсэн юм. Мөн тэрбээр өнгөрсөн зун “Midwest Basketball Club”-ийн “Rich Rolf”, “Centerville”-ийн “Gabe Cupps” багт тоглосон туршлагатай.