ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхимийн багш, доктор Ц.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Орчин үед атомын цахилгаан станц ямар байгаа вэ?
-Одоо ерөнхийдөө хөгжингүй орнууд атомын буюу цөмийн цахилгаан станцаар эрчим хүчний хэрэгцээгээ хангаж байна. Үйлдвэрлэж буй эрчим хүч нь дэлхийн эрчим хүчний 15-20 хувийг л хангадаг. Улс орон хөгжихийн хэрээр эрчим хүч их хэрэгтэй болдог. Нөгөө талаас цөмийн эрчим хүчийг утаа гаргадаггүй, илүүдэл дулаан ялгаруулдаггүй учраас сүүлийн үед улс орнууд ногоон эрчим хүч гэж үзэж байгаа. Учир нь байгальд утаа гаргахгүй, илүүдэл дулаан үүсгэхгүй. Асуудал нь атомын цахилгаан станцын шаталтаас үүссэн түлшийн хадгалалтын асуудал байдаг. Япончууд атомын цахилгаан станцаас гарч ирсэн түлшийг дахин боловсруулан, боловсруулсан түлшээр ажилладаг реактор дахин барьчихсан. Өөрөөр хэлбэл, олон дахин ашиглах боломжтой болж байгаа юм. Бүр хэрэгцээгүй болсон өндөр цацраг идэвхт бодисын хадгалалтын асуудал гардаг. Хөгжингүй улсууд ашигласан ураныг хадгалах горим зэрэг бүх зүйлийг боловсруулчихсан байдаг. Хөгжихийн хэрээр ашигласан түлшээ эргэж ашиглах талаар яригдана.
-Хүмүүс атомын цахилгаан станцыг Чернобылээр төсөөлдөг. Энэ ойлголтоосоо салах нь дан ганц дотоодын эсэргүүцэл биш гадныхан атомын станц шар нунтаг хэрэггүй гэж үздэг шүү дээ?
-Хөгжингүй орнууд та нар шар нунтагаа өгчих, атомын цахилгаан станц хэрэггүй гэдэг, Монголд нэг гВт эрчим хүч үйлдвэрлэх реактор барихад одоо байгаа эрчим хүчтэй нийлэхээр улсын хэрэгцээнээс илүү гарч экспортлох талаар яригдана. Аль ч оронд цөмийн эсрэг бүлгүүд ажилладаг. Хүмүүс энэ асуудлыг улс төржүүлээд байдаг. Монголд атомын цахилгаан станц баривал дараагийн Чернобыль болно шүү дээ гэх зэрэг. Чернобыль нь маш энгийн атомын цахилгаан станц. Одоо орчин үеийн атомын станцад Чернобыль шиг асуудал гарахгүй. Цөмийн станцад уран нэг жил шатсаны дараа маш өндөр цацраг идэвхт элемэнтүүд үүссэн байдаг. Тэр үед хадгалалт, хамгаалалтын асуудал яригдана. Шар нунтаг гэдэг нь байгаль дээр буй ураныг анхан шатны боловсруулалт хийн баяжуулсныг хэлдэг. Дэлхий дээр байгаа бүх уран, нүүрс байгалийн шатдаг хий зэрэг нь дэлхийн хүн амын 100-150 жилийн хэрэгцээг хангах нөөцтэй. Түүний дараа дэлхийн эрчим хүчний нөөц дуусна. Бидэнд маш их эрчим хүч хэрэгтэй болно түүнийг шийдэх шийдэл нь атомын цахилгаан станц юм. Барагдашгүй их нөөцийг хэрхэн гаргаж авах вэ гэвэл дэлхийн гуравны хоёр нь ус, уснаас устөрөгчийг ялгаруулах технологи аль хэдийнэ боловсруулсан. Ялгасан ус төрөгчөөс хялбар аргаар атомын цахилгаан станцын түлшийг гаргаж авах юм. Тэгэхээр дэлхийн гуравны хоёр нь ус гэхээр маш их нөөцтэй, энэ аргаар л эрчим хүчээ хангая гэж үзэж байгаа. Бид буурай хэвээрээ үлдэнэ гэвэл нүүрсээ шатаагаад утаандаа хордоод байж байна гэсэн үг. Хөгжье гэвэл хөгжингүй орнуудын юу хийж байгааг хийх хэрэгтэй.
-Атомын цахилгаан станц барих нь ямар давуу талтай вэ?
-Атомын цахилгаан станц бий болсноор хамгийн эхэнд бидэнд тулгарч буй том асуудал болох утааны асуудал шийдэгдэнэ. Энэ нь бид үүнийг цахилгаан эрчим хүчээр, цахилгаан халаагчаар шийдье гэж бодож байгаа ч одоо бий цахилгаан станцын хүчин чадал нь хүрэхгүй байгаа. Одоо ажиллаж буй цахилгаан станцууд нь өөрсдөө нүүрс шатааж эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станц юм. Цахилгаан станц хэдийгээр бидэнд хэрэгтэй эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа ч утааг үйлдвэрлэж буй юм. Тийм учраас бид утаанаас бүр мөсөн салах нэг замыг атомын цахилгаан станц гэж харж байгаа. Атомын цахилгааны гол түлш нь уран. Атомын буюу цөмйин станцын түлшийг баяжуулах маш олон дамжлага дамжиж байж атомын цахилгаан станцын түлш бий болдог.
-Нэг кг цэвэр уран ойролцоогоор нэг сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг гэсэн энэ үнэн үү?
-Тийм. Өөрөөр хэлбэл, маш бага уранаар маш их эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Тухайлбал, Төв аймгийг дулаанаар хангахын тулд 7-8 жижиг уурын зуух ажилладаг, хоногтоо 100 гаруй мянган тонн нүүрс шатаадаг байсан. 1,500,000 гаруй хүний хэрэгцээг хангах гэж буй ажиллаж буй цахилгаан станцууд хэдэн зуун сая тонн нүүрс шатааж байгаа юм. Орчин үеийн цахилгаан станцуудад үнс баригч гэж байдаг. 98 хувь нь хамгаалахад хоёр хувь нь гэхээр нэг тонн үнснээс 200 кг үнс цацагдаж буй юм. Цацагдсан үнс нь хөрсөн дээр бууна, амьсгалаар дамжин уушиг, ходоодонд очино. Нүүрсийг шатаасны дараа үнс илүү цацраг идэвхтэй болдог. Үнс нь амьсгалаар дамжин хордуулан, хорт хавдрын голомт болгох зэрэг нүүрсний цахилгаан станц нь сул талтай. Тэгэхээр дулааны цахилгаан станц хоногтоо хэдэн зуун мянган нүүрс шатааж байж биднийг эрчим хүч дулаанаар хангаж байгаа юм. Хэдийгээр бидэнд эрчим хүч үйлдвэрлэж буй нь давуу тал боловч нүүрсээр агаарыг бохирдуулах, дулаан ялгарал үүсэх байгаль орчинд хортой сөрөг нөлөө үүсэж байгаа.
-Атомын цахилгаан станц эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Эдийн засгийн хувьд атомын цахилгаан станц барих нь маш олон хүнийг ажлын байраар хангах давуу талтай. Нэг атомын цахилгаан станц барих нь мега төсөл болдог. Атомын станц баригдах үйл явц нь 10-15 жил хугацаанд баригддаг. Баригдсан атомын станц нь 40-50 жил ажиллана, дараа нь буулгах үе нь 10-20 жилийн хугацааг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, нэг атомын станц барьснаараа 70-80 жил ажиллах хэдэн мянган хүний ажлын байр бий болно. Хүмүүс цагаан халад өмсөн маш цэвэр орчинд, өндөр цалинтай ажилладаг. Тиймээс Япон улсад атомын цахилгаан станцад залуучууд олноороо ажилладаг.
-Атомын цахилгаан станц цэвэр орчинтой гэлээ, үүний талаар ярьж өгөхгүй юү?
-Атомын цахилгаан станц нь нэг ажиллаж эхэлбэл хүний оролцоо бага байна. Атомын цахилгаан станцыг барьж буй улсууд станцыг 99 хувь найдвартай гэдэг. Үлдсэн нэг хувь нь хүнээс хамаардаг. Тухайлбал, Чернобылийн атомын цахилгаан станцын осол хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн юм. Орчин үед хүнээс хамааралтай зүйлсийг аль болох багасгаж байгаа. Атомын цахилгаан станцад ийм процессоор ажиллана. Зарим үйл ажиллагааг доголдвол зохицуулдаг операторууд ажиллана. Түүнээс бол тэнд нүүрс хүрздээд зогсох шаардлагагүй. Жилд нэг удаа станцыг зогсоох шаардлага гардаг. Цэнэглэсэн түлшний шаталт дуусах үед зогсоон түлшийг нь сольдог. Манай орны эрчим хүчний хэрэглээ маш бага. Монгол Улсын эрчим хүч нэг гв.т шаардлагатай байдаг. Японд Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослоос өмнө 45 реактор ажиллаж байсан. Ослын дараа үйл ажиллагааг нь сайжруулах зорилгоор бүгдийг нь зогсоосон ч одоо дахин асааж эхэлж байна.
-Атомын цахилгаан станцыг ямар орнуудад барьдаг вэ?
-Атомын цахилгаан станцыг ихэнх хөгжингүй орнуудад барьдаг. Тухайлбал, Франц дэлхийд эдийн засаг, эрчим хүчээрээ тэргүүлдэг орон. Гэтэл эрчим хүчнийхээ 80 хувийг атомын цахилгаан станцаар хангадаг. Монгол улс 2025 он гэхэд атомын цахилгаан станцтай болно гэж төлөвлөн 2008 онд Цөмийн энергийн тухай хууль баталж байсан. Фүкүшимагийн ослоос хойш олон орнуудад атомын цахилгаан станцын үйл ажиллагаа саармагжсан. Гэтэл БНХАУ үүнийг тоохгүйгээр маш олон атомын цахилгаан станцыг барьж байгаа. Зарим хөгжилтэй орнууд “Танайх атомын цахилгаан станцаар яах вэ, нүүрсээ шатаагаад л байж бай” гэдэг. Учир нь Монгол Улс нүүрсний нөөцөөр дэлхийд зургаад, ураны нөөцөөр дэлхийд 12-д жагсч байна. Үүнийг би “Та нар буурай хөгжилтэй хэвээрээ байж бай, хөгжөөд хэрэггүй, хөгжих болоогүй” гэсэн утгаар эмзэглэж хүлээж авдаг. Монгол Улс 1970-1980-аад онд атомын цахилгаан станцын инженерийг ОХУ-д бэлдэж байсан. Хөгжингүй орнууд бол “Та нар өөрсдөө Монголынхоо нөхцөлд тааруулан барь” гэдэг. Япончууд маш гайхамшигтай ард түмэн. 1945 онд Хирошима, Нагасаки гэсэн хоёр хотод бөмбөг хаясан бөгөөд атомын цахилгаан станцын гамшгийг маш сайн мэдэж байж 1957 онд атомын цахилгаан станц барьж эхэлсэн. Япон улсад байгалийн баялаг байхгүй учраас атомын цахилгаан станцаар эрчим хүчээ хангах шаардлага байсан. Цахилгаан эрчим хүчгүйгээр хөгжлийн талаар ярих ч хэрэггүй. Тийм болохоор эрчим хүч маш чухал хэрэгцээтэй. Улс орон хөгжих тусам дулаан, тав тухтай байх хүний хэрэгцээнд эрчим хүч маш их хэрэг болж байгаа.
-Атомын цахилгаан станц зөвхөн цахилгаан гаргах уу. Өөр хувь нэмэр байдаг уу?
-Зөвхөн цахилгаан эрчим хүчний асуудал гэлтгүй дулааны асуудлыг ч атомын цахилгаан станцаар шийдэж болно. Энэ тухай 2011 онд Монголд атомын цахилгаан станц барих талаар эрдэмтэд хуралдан, Улаанбаатар хотын дулааныг ямар хүчин чадалтай атомын цахилгаан станцаар хангаж болох вэ гэдэг талаар тооцоо гаргаж байсан. Тэгэхээр атомын цахилгаан станц нь эрчим хүч болох дулааны болон цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэдэг. Атомын цахилгаан станцыг барихын тулд судалгааны реакторыг барих шаардлагатай. Түүн дээр тухайн станцад ажиллах мэргэжилтнүүдийг бэлддэг. Судалгааны реактор нь хүртэл ашигтай байдаг. Судалгааны реактор барьсан байхад Монгол Улс гадны орноос оруулж ирдэг изтопуудыг өөрсдөө үйлдвэрлэж эхлэх боломжтой болох юм. Цацраг идэвхт изотопыг хорт хавдрыг эмчлэх, уул уурхай гээд олон салбарт ашиглаж болно.
Ц.УЯНГА