Сүүлийн үед “боов” хуга өшиглөсөн гэх бичлэг шуугиан тарьж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч эмэгтэй хүний зарж байсан самнай боовыг хуга өшиглөсөн явдал Дархан уул аймагт болжээ. Уул нь утаа, инфляци, урдаас бараа орж ирэх асуудал, цагаан сараар яажшуухан бужигнахгүйхан шиг өнгөрүүлэх вэ, Хөгжлийн банк тоносон гээд монголчуудад тулгамдсан асуудал их л байх юм. Гэтэл бид “боов хуга өшиглөсөн эмэгтэй байцаагч” гээд л шуурч байна. Тэр Дархан-Уул аймгийн хүнс хөдөө аж ахуйн байцаагч эмэгтэй “Боов” гээд гудиггүй яриад байгаа нь хөгжилтэй ч юм шиг. Яахав шилжсэн утгаар нь шоолцгоож л байна. Наргиан маягаар их явж харагдана.
Мэргэжлийн хяналт уг нь зайлшгүй байх шаардлагатай байгууллага. Монголд хэрэгтэй. Бүх зүйлд стандарт тогтоогоод мэргэжлийн хяналт стандартаа шалгаад тэрийг нь зөрчсөн байвал торгоод, зөрчөөгүй бол тэгээд л орхичохдог бол болмоор. Ямар ч хүн тэр стандартыг нь мөрдөж байвал ажиллаж, ажиллуулж болдог энгийн боломж бүхэнд олгодог болчихвол ч. Ялангуяа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгодог, ААН-үүдийг дарамталж, үндэслэлгүйгээр үйл ажиллагаа нь зогсоодог, хааж боодог, авлига нэхдэг одооны энэ Мэргэжлийн хяналтынхантай эвлэрэмгүй.
Иргэдийн хамгийн их дургүйцээд байгаа зүйл бол мэргэжлийн хяналтын байцаагчдын хандлагад байгаа юм. Хамаг юм ийш тийш нь өшигчинө. За энэ бол наад захын л үйлдэл. Цаашлаад иргэдийн юмыг хураана, хөөнө. Торгоно, авилга нэхнэ, ямарч л байсан зүгээр байлгахгүй тамыг нь цайлгаж жижигрүүлнэ. Энэ бүхнээс юу харагдаж байна гэхээр манай төр засаг ажлаа ойлгоогүйнх л юм даа. Төр ард түмнээ аюулгүй орчинд, элбэг хангалуун амьдруулахын төлөө явах ёстой. Гэтэл манай нөхдүүд ердөө бараа таваарыг нь хураах л ажил хийдэг болоод удаж байна. Энэнээс яаж мөнгө босгох уу л гэж ард түмэндээ ханддаг болсны илрэл. Жишээ нь, “боов”-нд гаргаж байгаа үйлдэл байна. Мэргэжлийн хяналтынхан торгож хөөгөөд, цагдаа нь торгож хөөгөөд, татварынхан нь торгож хөөгөөд явуулсаар л байх уу.
Алийг нь хориглож, алийг нь тавибал ард түмэн илүү зөрчих магадлалтай байна, зөрчил гаргавал торгуулийн хэдэн төгрөг нь хаа юм гэж бодож ажлаа зохион байгуулах юм. Саяын жишээн дээр авч үзэхэд цагаан идээ, мах хоёрыг л зарахыг зөвшөөрсөн бололтой юм. Харин ул боов ч юм уу ямар нэгэн “боов” зарвал, хэн нэг хөлдүү толгой зарж л таарна тэгэхлээр нь торгоод байх удирдамж гаргасан байж таараад байгаа юм. Цагаан идээ, мах зарж болдог ч яагаад боов зарах хориотойн учрыг үүнээс өөрөөр тайлбарлах арга үгүй. Ердөө ийм л маягаар ард түмнээ шулдаг аргыг л манай төр бодож олдог болсон. Үүний нэг илрэл бол саяны аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын гаргадаг авир юм. Уул нь энэ байгууллага “боов”-оор оролдож байхаар арай өөр том юмаар оролдох ёстой л доо.
За тэгээд ард түмнээ холгохын тулд ажилладаг байгууллага ганц энэ мэргэжлийн хяналтаар тогтохгүй л дээ. Наад захын жишээ болсон газар бол замын цагдаа байна. Манай төрийн нэг л салаа мөчир. Бас нэг “боов” хуга өшиглөдөг газрын л нэг. Замын цагдаа жолооч, тээврийн хэрэгслийг аюул осолгүй явуулах ёстой. Аюул ослоос урьдчилан сэргийлдэг байх үүрэгтэй. Гэтэл тэд хаана хууль зөрчиж болохоор байна, тэнд ард түмнээ хууль зөрчихийг нь хүлээгээд нуугдаад зогсож байдаг. Цагдаа тийм байх ёстой юм уу. Харин эргэж болдоггүй газар эргүүлэхгүй байх л үүрэгтэй байх ёстой биз дээ. Тэгвэл эргэдгүй газар эргээд ирэхийг нь сахиад торгуулийн хуудсаа бариад зогсож байдаг. Юү гэлээ, тээврийн цагдаагийнхан энэ жил 80 тэрбумын торгуулийн даалгавартай гэсэн шүү. Бүүр хэдээр торгож шулахаа хүртэл тооцоолоод төсөвтөө суулгачихсан байгаа нь энэ. Манай төр засгийн ажил яг ийм болчихсон. Угтаа бусад улсад жолоочтой холбоотой хууль дүрэм гарахад жолоочдод таньж мэдүүлэх ажил хийдэг гэж байгаа юм. Зогсоож байгаад л тайлбарладаг байх жишээтэй. Гэтэл манайд яаж торгохоо л эхэнд боддог байх юм. Ядахдаа нөгөө эргэхийг хориглосон тэмдэгээ хүн харахааргүй газар бараг буруу харуулаад байрлуулчихна. Тэгээд хорлогчин царайлаад хүлээж байхыг нь харахлаар хайр хүрэх үү, уур хүрэх үү ойлгомжтой.
Сүүлийн бас нэг жишээ гэвэл, эргүүлийн цагдаа гэр хорооллоор нүүрс ухаад явж байна. Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэстэй хамтран шөнийн эргүүлд гарч. Улмаар түүхий нүүрс түлсэн байна уу, үгүй юү гэдгийг шалгахаар айл бүрийг нэгжиж эхэлжээ. Үүнийгээ түүхий нүүрс түлж буй иргэд ард түмний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэж тайлбарлах байх л даа. Хар ухаанаар бодсон ч цагдаа нараар айлын гэр нэгжүүлж түүхий нүүрс түлсэн эсэхийг шалгууллаа гээд утаа арилахгүй нь тодорхой. Утаатай тэмцэх урагшгүй ажил сэдэж, иргэдээ буруутгахын оронд, мэргэжлийн хяналтын ажилтнуудын ажлыг нь хийлгэ ээ. Гэхдээ цагдаа биш ядахдаа мэргэжлийн хяналт нөгөө “боов” өшиглөдөгүүд ингэж явах ёстой юм.
Ер нь төр засаг, ард иргэд, Монгол Улс амьдарч ирсэн философио өөрчлөх хэрэгтэй. Хувь хүн бүгд бас энэ хүртэл амьдарч ирсэн философио өөрчлөх хэрэгтэй байна. Манай төр, дарга сайдуудын философи бол ердөө ард түмнээ барих, чангалах, шахах, хавьчих, дуулгавартай байлгах. Үгэнд оруулахын тулд дутуу гуцуу байлгадаг, жоохон олдсон юман дээрээ алалцдаг, эрх баригчидтай найз түнш хошуугаа худалддаг матдаг, тэр нь хождог, бие биендээ хорсож ханддаг эв түнжингүй байлгадаг гадаадын эзлэн түрэмгийлэгчдийн философиор одоо хүртэл ажиллаж ирлээ. Хоорондоо хоолоо булаалдаж л байвал, ямар нэгэн дарамтад л байвал хоорондоо эв түнжингүй, нэг үндэстэн байж бие биенээ үзэн ядаж л байвал дарлахад хичнээн амар вэ. Яг ийм байдалд ард түмнийг барьж байна. Ард түмэн ч бие биенээ нохой мэт хэмлэж байна.
Энэ ч аргагүй, манай улс сүүлийн 300 гаруй жил гадны түрэмгийлэлд байснаас тэр биз. Бас тэдний заавраар улс орноо удирдах соёлд суралцсанаас тэрнийгээ уламжлан авч явсаар байгаагаас болж байна. Тэгвэл одоо бид яах ёстой вэ. Бүх монгол хүн яавал сайхан амьдрах вэ. Ганц монгол хүн ч битгий хохироосой. Мэдэхгүйгээсээ болоод торгуул, ялд битгий унаасай. Монгол Улсын жирийн нэг иргэн мэргэжлийн хяналт, цагдаа, төр засагт мэдэхгүйгээсээ болоод торгуулчихвий, дарамт тулгалтанд орж хохирох вий гэж ажилладаг болъё. Төр засаг нь хүүхдүүдээ энэрэх эцэг мэт ажилладаг байх ёстой. Ард түмэн ч ааваа ачлах хүүхдүүд мэт байх, үндэс угсаа нэгэндээ ах дүү аав ээж нь мэт хандаж байх сэтгэлтэй болъё. Ийм философитой байж бид хөгжиж, төр засаг ч амжилттай засаглах болно.
Монголчууд, би энэ монголын эрхийг хохироочих вий, миний эрх ч энэ монголоос болж хохирчих вий гэх уур амьсгалаар ажиллаж, эрс эргэлт гаргамаар байна. Амьдралын тухай сургаалиудыг ард түмэндээ заадаг болмоор байна. Энэ бүхнийг төр засаг хуульчилмаар байна. Үнэндээ хүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулна гэж Үндсэн хуулиндаа заачихаад хамгийн харгис нийгэм рүү явж байна гэж хэлтэй болгон нь шүүмжилдэг. Тэгвэл энэ нийгэм чинь таниас эхлэн тавигддаг юм шүү гэж ухаардаг болъё. Хэн нэгэн нь эхлэх ёстой биз дээ. Тэгвэл та эхэл, бусад нь бас яг ингэж бодож амьдар. Ингэж байж хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна. Тэрнээс “боов” хуга өшиглөөд сайхан амьдрал ирэхгүй л дээ.