Categories
мэдээ нийгэм

Б.Амгаланбаатар: Албаны маань нэр төр, өнгө төрх мөрдэстэй бүхнээс шууд хамаардаг

Зэвсэгт хүчний Жанжин штабаас “Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт”-ыг энэ сарын 17-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа. Цугларалтыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан дөрвөн байрлалаас цахимаар явуулж, төгсгөлд нь нэгдсэн дүнг гаргасан юм.

Тэгвэл Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын захирагч нарын цугларалт Хуурай замын цэргийн командлалд энэ сарын 21-ний өдөр үргэлжлэн явагдав.

Уулзалтын эхэнд Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн 2021 оны ажлын дүн, 2022 оны зорилго, зорилтыг танилцуулж, цаашид сахилгын зөрчил, хөдөлмөрийн болон ахуйн хүрээний осол, зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар үүрэг, чиглэл өгөв. Үргэлжлүүлэн тус командлалын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн сургалтын ахлах офицер, дэд хурандаа Б.Адьяа Хуурай замын цэргийн сургалтын тогтолцоо, 2021-2022 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн талаар мэдээлэл хүргэж, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа С.Жаргалсайхан нэгтгэл, ангиудын 2021 оны гүйцэтгэлийн тайланд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээг танилцуулан, 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилтэд хэрхэн анхаарах талаар зөвлөмж өгсөн юм.

Үүний дараа Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар тодорхой чиглэлүүдээр үүрэг өглөө. Тэрээр “Та бүхнийг энэ жил маш их ажил хүлээж байна. Бүтээн байгуулалтад оролцохоос эхлээд цэргийн сургалт бэлтгэлээ чамбайруулах, штабын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх гээд үндсэн үүргээс гадна цаг үеийн шаардлагаар дэвшигдэн гарч байгаа олон ажил байна. Юуны өмнө цугларалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын өгсөн үүргийг биелүүлж ажилла. Ялангуяа, цэргийн алба, сахилга хариуцлагыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэхэд онцгой анхаар. Хоёрдугаарт, манай захирагч нар бүрэлдэхүүнээ мэдэрч ажилламаар байна. Нэг л үүрэг өгсөн, ажил шалгасан хүн байж таарахгүй. Хэн нь сэтгэл зүй нь гундуу явна, тэр нөхрөө олж хараад урам зориг өгч сур. Цэргийн сэтгэл зүйчдээ сайн ажиллуул. Цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдал яагаад алдагддаг гэхээр их мэдэгчдээс болдог. Ингэхээр тэгдэг юм, би мэднэ гэдэг нөхдөөс. Одоо тийм юм байхгүй. Зөвхөн дүрэм журам, стандартыг мөрдүүлж ажиллана. Өнгөрсөн жил ЗХЖШ-аас офицер, ахлагчийн түвшин тогтоох үзлэгийг зохион байгуулж явууллаа. Энэ үзлэгт манай Хуурай замын цэргийн бүрэлдэхүүн нэгдсэн үнэлгээгээр тийм ч хангалттай оролцоогүй. Үүнд анхаар. Миний бие удахгүй хоёрдугаар сараас эхлэн харьяаныхаа бүх нэгтгэл, ангид очиж ажиллана. Алба хаагчидтайгаа уулзаж ярилцана.

Гуравдугаарт, та нар дотоод хяналт шалгалтаа сайжруул, тогтмол явуулж хэвш. Хугацаат цэргийн алба хаагчидтай тулж ажилладаг жагсаалын дарга, салааны захирагч нартайгаа эргэх холбоотой бай. Ер нь заримдаа ангийнхаа хашаанд байгаа офицер, ахлагч, ажилтан албан хаагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдаа ахын ёсоор зөвлөгөө өгч, сонсож бай. Би залуудаа тэгж л ажилладаг байсан. Энэ жил нэгтгэл, ангиудын Эрүүл мэндийн төвийг бүгдийг нь магадлан итгэмжлүүлнэ. Үүнд захирагч нар анхаарч ажиллаарай” гэв.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Хуурай замын цэргийн 2022 оны зорилго бол “Мэдлэг, дадлага, чадварт суурилан Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлнэ”. Үүний тулд алба хаагчдынхаа бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтээс нь эхлээд хувь хүний хөгжилд нь зайлшгүй анхаарна гэсэн үг. Хувь хүний мэдлэг, дадлага, чадвараас Хуурай замын цэргийн хөгжил шууд хамааралтай гэж ойлго. Төлөвлөж сурга, гүйцэтгэж сурга. Залуучуудынхаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, аль болох дэмжээрэй. Эцэст нь хэлэхэд Зэвсэгт хүчинд хэмээх том айлд Хуурай замын цэрэг хамгийн чухал үүргийг гүйцэтгэсээр ирсэн, цаашид ч гүйцэтгэсээр байх болно” гээд захирагч нарын цаашдын албанд өндөр амжилт хүслээ.

Мөн энэ үеэр Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд 2021 онд цэргийн албаны зохион байгуулалт, сахилга хариуцлагаар бусдыгаа манлайлсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнханд “Өргөмжлөл”, Зэвсэгт хүчний 123, 234 дүгээр ангиудад “Талархал”, ЗХЖШ-аас зохион байгуулсан цугларалтад оролцсоны “Гэрчилгээ” болоод бүтээн байгуулалтад манлайлагч ангиудад ЗХЖШ-ын даргын “Талархал”-ыг тус тус гардуулан өглөө. Төгсгөлд нь захирагч нартай Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулж, баталсан юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *