Categories
мэдээ нийгэм

Канад улсын SEMEX компанийн төлөөлөлтэй цахимаар уулзав

Монгол-Канадын Хөдөө аж ахуйн хамтарсан хорооны III хурлын мөрөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Канад Улсын SEMEX компани хоорондын анхдугаар уулзалтыг цахимаар зохион байгуулав.

SEMEX нь Канадын фермерүүдийн санаачилгаар байгуулагдсан, 80 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолдог, Европ, Америк тивд үрийн үйлдвэрээр тэргүүлдэг компани юм. Уулзалтын үеэр SEMEX-ийн мах, сүүний чиглэлийн малын чанар, үүлдэр угсааг сайжруулах Progenesis, Boviteq, Immunity+ технологи, уугуул малын үүлдэр, омгийг үржил селекцийн технологиор гойд ашиг шимтэй болгох хамтын ажиллагааны туршлагаа Дэд ерөнхийлөгч М.Маккреди хуваалцлаа.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар төрөөс мал аж ахуйн салбарт баримтлах бодлого, малын генетик, удмын сан, эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг танилцуулсан юм.

Генетикийн салбарт хамтран ажиллахад хоёр талын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгаа аж. Дараагийн хурлаар SEMEX генетикийн бүтээгдэхүүнийг импортлох, орон нутагт түгээх, түүнийг хэрэглэх арга ажиллагааны талаар нарийвчлан хэлэлцэхээр тохиров.

Газар нутаг, байгаль, эрс тэс цаг агаарын ижил нөхцөлтэй Канад Улсаас малын генетикийн өндөр технологийн бүтээгдэхүүн импортолж нутагшуулах, мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан судалгаа, үржил селекцийн чиглэлээр ажиллах боломж байна гэж дүгнэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *