Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан Дархан-Уул аймгийн удирдлага, Боловсрол, шинжлэх ухааны газар, багш нарын төлөөлөлтэй уулзлаа.
Дархан хотод 39 цэцэрлэг, 26 сургууль, 9 их, дээд сургууль бий. Эдгээр боловсролын байгууллагад нийт 1754 үндсэн багш ажиллаж байна. Аймгийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 91-97 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд ачаалал нэмэгдэж, жилд 2-3 сургууль ердийн үед гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд 2024 он гэхэд таван сургуулийн өргөтгөл барьж дуусгахаар ажиллаж байна.
Мөн багш нарын цалинг үр дүнд суурилж, нэмэгдүүлж буйг онцолсон.
“Боловсрол-2032” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгааг аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ. Хөтөлбөрийн хүрээнд оюутан, сурагчид, багш нараа хөгжүүлэх, суралцах орчныг сайжруулах чиглэлд анхаарч байгаа аж. Багшийн мэдлэг, арга зүй, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж сургалтын арга зүй, технологийг эзэмшүүлэх, инновацыг дэлгэрүүлэх, “Чадварлаг багш” бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Оюутны хотхон байгуулах ажлыг Дархан хотын дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлнэ гэв.
Дархан хот 2022 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлажээ. Энэ хүрээндээ хүүхдийн хөгжлийг дэмжиж, сургуулийн номын сангийн үйл ажиллагааг сайжруулж, цахимжуулах, оюуны спортын дугуйланд хамрагдалтыг нэмэгдүүлэх, дугуйлангуудыг өргөжүүлэх юм.
Их сургуулийг Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг аймгийн дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлнэ. Хичээлийн хоцрогдлыг арилгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аймгийн удирдлагуудтай хамтран ажиллана гэдгийг салбарын сайд хэлэв. Мөн багш нарын цалинг үр дүнд суурилж, нэмэгдүүлж буйг онцолсон.