Ардын багш Л.Дашнямтай ярилцлаа.
-Ардын багш цол хүртсэнд тань баяр хүргэе. Шагнал хүртсэн мөчөөсөө хуваалцаач?
-Ардын багш гэдэг гайхамшигтай сайхан цол. Би багш нэрэндээ их дуртай. Одоогоос 61 жилийн өмнө Эдийн засгийн дээд сургуулийн багш болохоор нөгөө алдарт алтан Москваг нь зорьж байжээ. Төгсөж ирээд багш болсонгүй. Өөр чиглэлээр ажиллаад 15-16 жил явчихаж. Тэгээд 1983 оноос хувь заяаныхаа дуудлагаар багшийн ажилдаа орсон. Одоо эргээд харахад 39 жил болчихсон байна. Энэ хооронд олон сургуульд янз бүрийн хэлбэрээр л багшилж дээ. Диплом дээр нь гарын үсгээ зурсан оюутан, магистр, доктор бараг 6000 -аад хүн болсон байх шүү. Боловсролын салбарт хувийн хэвшлийн сургалтыг үүсгэлцсэн хүний нэг юм даа, би. Тэр бүхнийг л Төрөөс үнэллээ гэж ойлгож байна. Багш хүний ажил ямар дуусах биш дээ. Өөрийгөө дуустал л ажиллана. Монголын ирээдүйг үүрэлцэж яваа болохоор ачаа маань хүнд ч урамтай, сайхан байдаг юм. Шагнал аваад зогсож байхдаа “Төр минь миний хийж бүтээснийг мөн ч өндөр үнэлж байна даа” л гэж бодож зогссон.
-Ер нь шинжлэх ухааныг улс удирдахад яагаад ашиглахгүй байна вэ. Аж ахуйн ажил, утаа, түгжрэл зэргийг эрдэмтдээр шийдүүлбэл зохилтой бус уу?
-Ер нь шинжлэх ухаан нарийндаа амьдралтай тийм ч их ойрхон “эд” биш шүү. Чухамдаа ойрхон хэсгээс нь л ашигладаг, ашигладаг ч биш, тус дэмийг нь л авдаг юм. Ач тусыг нь авах арга ухаанаа бид муу олж байна. Харамсалтай нь, бидний хажууханд зарим нэг нь өөрийгөө шинжлэх ухаанаас том гэж бодоод явж байх шиг байна. Яг үнэндээ нийгмийг, ялангуяа өөрийн нийгмийн үндэс суурь, учир ухааныг нарийн олж, шинжлэх ухаанаа удирдахуйн ухаан болгож чадахгүй л байгаад байна л даа. Ний нуугүй хэлэхэд, бид өнөөдрөөрөө л амьдраад байна. Уг нь маргаашаа жаахан ч гэсэн хардаг болох хэрэгтэй юм. Тэнд л шинжлэх ухаан бүр ч их хэрэгтэй. “Суурь судалгааг ойлгосон Төр буурь суудаг” гэдэг нэг үгийг би хэлдэг. Утаа зэргийг бол ухаанаар биш аргаар, арчаагаараа дийлж болно шүү дээ. Утааны ард байгаа бэлэнчлэлийг л харахгүй байна.
-Монголын сэхээтнүүд өнөөдөр юу хийж байна, төр засаг сэхээтнээ яагаад анхаарахаа больчихсон юм бэ?
-Чанга хэлбэл бидэнд сэхээтэн дутагдаад байна. Сэхээтэн гэдэг чинь сэхээрсэн хүн, нийгмийн хүн байдаг. Улс орныхоо төлөө чин зүтгэлийг гаргаж, холын бодлоо яруу тод харуулж байгаа сэхээтнүүд үгүйлэгддэж байна. Тэгэхээр сэхээтний ажил, сэхээтэн өөрөө харагдахгүй байна. Арчаа муутайхан тийшээ л байна. Төрийн хувьд бол нийгмийнхээ оюуны чадавхыг тоохоо, хэрэглэхээ болиод удаж байгаа шүү дээ. Монголд хамгийн моодны юм улс төр л байгаа. Оюуны чадавхаа сул зогсуулсан нийгэм яаж хөгждөгийг харуулж л байна л даа. Харин сэхээтэн гудамжинд гарч байгаа нь бол тэр нь Төрийн гэхээсээ илүү сэхээтний өөрийнх нь ажил шүү.
-Дарга сайдууд дандаа чадамжгүй хүнээр төрөө дүүргэсэн горыг та юу гэж харж байна. Дандаа өөрийгөө магтуулсан, долдойдсон хүнээр яам агентлагууд нь дүүрчихсэн, ажил хийдэг, шударга хүмүүсийг холдуулсан гэж ярих болж?
-Гор нь бидний өнөөдрийн байж байгаа царай. Та нар сайн ажиглаж, ямар нэг дүгнэлт хийж байгаа бол нийгмийн маань тодорхой нэг хэсэг нь өөрийгөө дөвийлгөх, гадна холынхныг дуурайх, дагаж давхих л ажил хийж байна шүү дээ. Сонгогдоно гэдэг нэг юм гол зорилго,зорилт болсон. Сонгогдоод яах гээд байна гэхээр бараг л мөнгө олох л гэж хариулдаг болсон нь худлаа биш. Таны хэлдгээр чадамжгүй хүмүүс биднийг удирдаад байгаа бол бид сонгож чадахгүй байна, эсвэл сонгуулахгүй байна. Ер нь сүүлчийнх л байх. Тэгээд хаана чадвар султай дарга байна, тэнд авлигын үндэс бий болж байна. Даргын юмуу шийдвэр гаргагчийн царайг “дэвсгэртээр” хардаг болоод хэвшиж байна. Тэгэхээр тийм даргаа дууссан цагт л бид авлигын ард гарна. Сав муу юмаар дүүрсэн бол түүнийг асгаж байж л саваа цэвэрлэж авна. Одоо бид тийм л юмтай ноцолдоод огт нэг дуусгаж чадахгүй байх шиг байна. Уг нь цаашаа явмаар байна л даа. Бид юу болохгүй байгааг олж харж чадаж байгаа хэрнээ засаж залруулж чадахгүй байгаа юм. Ус хол урссан бололтой. Гэвч усыг тээрэмд зүтгүүлдэг ухаан хүмүүнд байдаг даа.
-Ер нь монголчууд ямар хүмүүс юм бэ. Ажлыг яагаад хар ажил гээд байдаг юм. Нөгөө боолууд байшин барьдаг гэдгээс л эхтэй юү?
-Одоо бол монгол хүнийг “түүхэн” монгол хүнтэй жиших юмуу, зүйрлэхийн аргагүй болсон. Ер нь монгол хүнээс багахаан юм үлдээд байгаа байж ч магадгүй. Ажил хийдэг хүнгүй, нэхдэг, бэлэн юм шаарддаг хүн олон болж. Гол нь төр нь хүнээ ийм болгосноо олж харахгүй, ухаарахгүй байгаад учир байгаа юм. Хүн чинь ний нуугүй ярихад чичүүлж байж л юм хийдэг амьтан шүү дээ. Одоо бол ташуур ч алга, жолоо ч алга. Би л лав энэ олон ажил голсон, бэлэнчлэгчдийг хараад “Өө эд чинь монгол хүмүүс байна” гэж хөөршөөж, олигтой үг хэлж чадахгүй.
-Яагаад бид юу ч бүтээж чадахгүй байна вэ, ер нь юм бүтээж чадах улс уу?
-Чадахгүйдээ, мэдэхгүйдээ биш хүсэхгүйдээ байна. Буруу бодол, ухааралтай болсон байна. Хөрсөн дээрээ буухгүй хүнийг, бусдыг дуурайж байна. Бодлого алга. Өөрсдөө юм хийж, бүтээж байж л улс орноо хөгжүүлж,сайхан амьдарна.
-Юмыг өнгөрөөж сур гэж хөгшид их хэлдэг байсан даа?
-Тэр бол тайван цагийн үг. Одоо цагийн хөл маш түргэн болсон. Өнгөрөөх юм, өнгөрөөхгүй юмаа маш түргэн ялгах шаардлагатай цаг ирсэн. Юутай ч юманд бодолтой хандах хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал. Ер нь аливаа зүйлд хүлээцтэй, тайван, ултай хандах сайхан л даа. Юманд түргэдэж болохгүй гэдэг унаган монгол ухаан. Түүнийг л хөгшид, ахмадууд сургаж хэлдэг байсан. Муу юм хэвшдэг. Хэвшихээрээ танигдахаа больдог. Түүнийг бодох, яаж өнгөөрөөхөө ухаарах хэрэгтэй.
-Талын хүний зан авир бидэнд үлдсэн үү, хонзон авах гэж хүмүүс их гүйлдээд байгаагийн учир юунд байна?
-Бид бол дандаа ч талын хүмүүс биш ээ. Яагаад талынхнаар жишээ болгодог гэвэл сэтгэлгээний хэв загвар нь илүү ултай, тайван байдаг гэдэг. Хач авах гэдэг эртний монгол үг хариу авахаас лавшраад бүр өшөө авах тийш утга салаалсан юмсанж. Гэтэл мөн тэр л үг явсаар хариу авах, хариу өгөх санаа нь ач тийшээ явж сайхан үг болж хөгжсөн гэдэг. Хорлонтой, өс боддог биш ач боддог л байхсан. Хорон бодолтой хүн олширно гэдэг хүн болоод нийгэм эвдэрч л байна гэсэн үг. Манайд эвдэрхий юм ер нь их болж байгаа даа. Одоо жаахан хүн рүүгээ хандахгүй бол оройтох гээд л байна шүү.
-Хүний дор орохгүй гэж л тэмцэлддэг болж дээ?
-Хүний дор орохгүй гэдэг бодол өөрөө муу юм биш. Тэр чинь хичээ, өөрийгөө хөгжүүл гэсэн санаа. Хүнд нэрнээс эрхэм зүйл байхгүй. Тийм учраас монголчууд “нэр хугарахаар яс хугар” гэж ярьдаг шүү дээ. Нэр хэзээ бүтэн үлддэг вэ гэвэл юм бүтээж хийж байж л бүтэн үлдээнэ. Хийх юм хүнд түм бум бий. Хийх хийх ажлаа л зөв олох хэрэгтэй. Хийсэн шиг хийх хэрэгтэй. Тэр л дутаад байна.
-Хүмүүс их л уур уцаартай байдаг болж. Юундаа тэр вэ?
-Одоо бол эд юмтай хүнийг баян гэдэг болсон. Юмтай хүн яагаад ч юм харам, юманд голцуу уур уцаартай ханддаг. Манай хөгшчүүл түүнийг “эдийн хорлон” гэдэг дээ. Уг нь монголчууд эдтэй хүнийг адаг баянд оруулдаг: Эрдэм номтой хүн их баян, үр хүүхэдтэй хүн дунд баян. Эддээ эзэн болж чадахгүй хүн ч бишгүй л байна даа. Өөртөө эзэн болж чадсан хүн л эддээ эзэн байдаг даа. Тэр хүн эх орондоо ч эзэн байна. Одоо хүний хүн, тэр тусмаа өөртөө эзэн болоогүй хүн олон байна. Залуу хүн олон байгаадаа тэр биш шүү. Харин ч залуу хүн бол өөртөө эзэн болохыг хичээдэг хүн. Эзэн болох юмныхаа дэсийг л зөв олох хэрэгтэй.
-Улс орон яавал хөгжих юм бэ. Өнөөгийн нийгэм яагаад ийм болчихов оо?
-Бид бүгдээрээ ажилсаг, өөртөө, аав ээж, ах дүү нартаа, хань ижил, хамаатан садан, гол нь хүнд хайртай болсон цагт улс орон маань хөгжинө. Хамгийн гол нь хийж, бүтээх нь чухал.