“Бурхан гурвын тоонд дуртай”. Христийн шашинтнуудын дунд хамгийн түгээмэл хэллэгийн нэг бол энэ. Тэд залбирахдаа ч бурхан эцэг, хүү, ариун сүнс гурвыг л дурддаг. Ер нь өрнөдийнхөн, европынхон бүх зүйл нэг бус, хоёр ч бус, гурвантаа тохиосны эцэст л бүрэн гүйцдэг гэж үздэг улс.
Тэнгэрийг шүтдэг монголчууд ч ялгаагүй гурвын тоог балар эртнээс шүтсээр иржээ. Монгол бөөгийн ёсонд хүний орой зулайд оршдог тэнгэрээс заяасан оюуны сүнс, сүүж аарцагт хоргоддог эцгээс заяасан ясан сүнс, уушиг зүрхэнд хоргоддог эхээс заяасан махан сүнс гэж гол гурван сүнс бий гэдэг. Үндэснийхээ гол баяр цэнгэлийг эрийн гурван наадам гэж нэрийдсэн нь ч учиртай.
Тэгвэл урд хөршид боловсроод хүн төрөлхтөн даяар нөмөрсөн аюумшигт “Ковид-19” цар тахлаас үүдэн монгол түмэн тун удахгүй гурав дахь Цагаан сараа хөл хөөрцөггүйгээр, нэг нэгэндээ таахалзаж баярхахгүйгээр даруувтар тэмдэглэх гэж байна. Монголчуудын дийлэнх нь бэл муутай, цалингаас цалингийн хооронд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж л амьдардаг.
Тэдэнд сүүлийн хоёр жилд цагаан сар тэмдэглэхийн тулд золгох нэгэндээ харилцан өгөлцөх хэрэгтэй, хэрэггүй баахан бэлэг сэлтийг урд хөршөөсөө зөөж, ууц, өвчүү, ул боов зэргийг ширээндээ тавих гэж бөөн өр ширэнд орох асуудал гараагүй гэж хэлбэл үнэнээс нэг их хазайхгүй биз. Цагаан сар маань титэмт хэмээх өргөмжлөлтэй вирусээс үүдэн өрнөдийнхний зул сарын баяр шиг гэр бүлийн хүрээний л баяр болон хумигдаж байх шиг.
Уг нь хол ойрын хамаатан садантайгаа нүүр учирч, нэг нэгнээ мэдэлцэх боломж олгодог цорын ганц баяр бол яах аргагүй Цагаан сар. Гэхдээ хэдийнэ XXI зуун гарсан урбанист хотжсон өнөөгийн нийгэмд бид байдаг мөнгөө шавхан байж энэ баярыг аль дундад зууны үеийнх шиг өргөн хүрээнд тэмдэглэх гэж тэмүүлэх хэрэг байна уу. Ураг төрлөө мэдэлцэх үүнээс өөр бишгүй л арга бий шүү дээ. Аав, ээждээ л очиж золгоод айл хунараар хэсч хүндрэл үзүүлэлгүй Цагаан сарыг гэртээ л тэмдэглээд хэвшчихвэл зүгээрсэн. Тэгээд ч минут, хором бүр алтнаас үнэтэй болсон өнөө үед ингэхээс өөр аргагүй мэт. Хаа байсан эртний Ромын яруу найргийн алтан үеийн нэрт төлөөлөгч Хораций “Бүх юм хэм хэмжээтэй, эцсийн тодорхой хязгаартай. Түүнээс хэтрэхэд ямар нэгэн зүйл зайлшгүй буруу болдог” гэж хэлсэн нь оргүй зүйл биш дэг.