“Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг ирэх ням гаригт Итали улсад бизнесийн уулзалтад оролцохоор төлөвлөжээ. Гэсэн ч ШШГЕГ-аас түүнд тавиад байсан хилийн хоригоо цуцлаагүйн улмаас явах боломжгүйд хүрээд байгаа юм. Түүний тухайд төрийн байгууллагуудын ажил хоорондоо уялдаа холбоогүй, уян хатан биш байгаа нь бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгааг онцолж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Ажил хэргийн шугамаар Итали улсыг зорихоор төлөвлөөд байсан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас танд тавиад байсан хилийн хоригоо цуцлаагүйн улмаас асуудал үүсчээ. Болж буй нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?
-2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хуульд өөрчлөлт орж 50 сая төгрөгөөс дээш өртэй хувь хүн, аж ахуйн нэгжид хилээр гарах хориг тавьсан юм байна. Өөрөөр хэлбэл маргаан шүүхээр орсон тохиолдолд хориг тавьдаг болж. Бизнес эрхлээд явж байгаа хүмүүс бие биенээсээ ч юм уу 50 битгий хэл тэрбум төгрөг зээлээд явдаг асуудал бий. Бизнес эрхлэгчид гадагшаа зах зээлээ тэлж байж л өр, зээлээ төлнө. Дотоодын жижиг зах зээлд өрсөлдөөд өр төлбөрөө барагдуулна гэдэг бараг боломжгүй. Энэ зөвхөн надад тохиолдож байгаа асуудал ч биш. Мянга мянган бизнес эрхлэгчид ийм асуудалтай хаана хандахаа мэдэхгүй явж байна.
-Таны тухайд хувь хүний өрөө төлөөд асуудлаа шийдсэн талаараа хэлж байсан. Тэгээд ямар асуудал үүссэн юм бэ?
-Г.Майцэцэг гэдэг хувь хүн 2021 онд өрөө төлөөд асуудлаа шийдсэн. Надаас авлагатай хүмүүс нь “Иргэн Майцэцэгээс өрөө авсан. Хэргийг нь хааж өгнө үү ” гэх хүсэлтийг цаасаар бичиж ШШГЕГ-т өгөх ёстой юм байна. Өнөөх хүмүүс байцаагч руу “Бид нар Майцэцэгээс мөнгөө авсан” гээд мессеж бичсэн байгаа юм. Гэтэл үүнийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй, өнөөдрийг хүртэл хориг тавьсан хэвээр явж ирж. Шүүхийн шийдвэрээс өр зээлээ төлсөн тохиолдолд
гомдол гаргасан хүнээс нь шаардаад бичиг авдаггүй юм уу гэж асуухад тэр “Чиний үүрэг” гэж хариулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар ч үүрэг хүлээдэггүй юм байна.
Хилийн хориг тавибал тавиад л. Өглөг авлагатай хүмүүс хоорондоо асуудлаа шийдчихээд байхад энэ байгууллага яхир хадам ээж шиг хооронд нь яс хаяж хагаралдуулаад сууж байна. Би өөрөө тодорхой хэмжээнд үйлдвэрлэл хийж хувийн үйлдвэрээ босгосон хүн. Зугтаагаад алга болохгүй шүү дээ. Эрх баригчид цахимжсан засаг гээд л яриад байдаг. Гэтэл хялбархан шийдэж болох асуудал дээр л заавал цаасан баримт нэхээд сууж байна. Өнөөдөр иргэдэд үйлчилдэг төр хэрэгтэй байна шүү дээ. Энэ мэт жижигхэн асуудлаар иргэн, аж ахуйн нэгжүүдээ хааж боож байгаад нь харамсах юм. Удахгүй Италид бизнесийн чухал уулзалттай байдаг. Одоогоор хаана хандаж асуудлаа шийдэхээ үнэхээр мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрийнхэн ч хэл амаараа ойлголцож болох асуудалд ямар хахир хатуу ханддаг юм байна. Аргаа бараад сууж байна.
-Таны компани татварын өртэй байсан юм уу?
-Монголд компаниа дампууруулбал өрнөөс салдаг муухай жишиг тогтоод удаж байгааг та мэдэж байгаа байх. Компани дампуурахад бүх өр тэглэгддэг. Улсад төлөх мөнгийг салхинд хийсгэж байна гэсэн үг шүү дээ. Үүнийг хүмүүс тэр бүр анзаардаггүй юм билээ. Гэтэл графикийн дагуу өрөө төлөөд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дарамтлаад байгаа нь хэцүү юм. Миний “Эксклюзив” компани аль дээр 2015 онд л дампуурчихаар байсан шүү дээ. Өнөөдрийг хүртэл графикийн дагуу өр зээлээ төлөөд дампууруулахгүйн төлөө л ажиллаж ирсэн. Хийж бүтээхийн төлөө ажилласаар байгаад өрөнд ордог нийгмийг эрх баригчид бүтээжээ. Уг нь аж ахуйн нэгжүүд зах зээлээ тэлж байж л өрнөөс гарна.
-Хувийн бизнес эрхлэх, бизнесээ тэлэх орчин л хууль эрх зүйн хувьд хумигдмал болж байх шиг…
-2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эдийн засаг хүндэрсэн үед бизнес эрхэлэгчдээ дэмжиж хилийн хоригийг нь цуцалж, хаагдсан данснуудыг нь нээнэ гээд л ярьж байсныг нь тод санаж байна. Тухайн үед аж ахуйн нэгж дээр тавигдсан өр төлбөрт хилийн хориг тавихгүй юм байна гэж л ойлгосон. Гэтэл бизнесээ өргөжүүлэхэд хууль эрх зүйн орчин нь бүр л ярвигтай болж дээ.
-Та Италид ямар уулзалттай байв. Ямар үр дүн хүлээж байв?
-Бид массын үйлдвэрлэлийг Монголд нутагшуулах зорилготой ажиллаж байгаа. Үүний тулд олон жилийн түүхтэй том компаниудаас тусламж авах хэрэгтэй байгаа юм. Миний тухайд 20 орчим жил Польшид амьдарсан. Найман жилийн хугацаанд массын үйлдвэрлэлд ажилласан. Надад тодорхой хэмжээний туршлага байна. Хажууханд ОХУ, Хятад гэсэн том зах зээл байна. Ийшээ гарахаар л төлөвлөсөн ажлын эхлэлийг Итали улсад болох уулзалтаар ярилцах гэж байлаа. Харамсалтай нь нөхцөл байдал буруугаар эргэж ийм дээрээ тулаад байна. Явж явж би өөрөө л буруутан болж байх шив дээ. Би өөрөө хөөцөлдөж бичиг баримтыг нь шүүхийн шийдвэрт авч очих байж. Төрийн нүүр царай бизнес эрхлэгчдийн нүдээр ийм л хахир хатуу, уян хатан биш харагдаж байна даа. Уулзалт хийх хүмүүстээ түр хойшлуулах хүсэлтээ сая хэллээ. Нөгөө хэд маань ч зөвшөөрсөн. Бүтэн сайн өдөр явж чадахгүй бол олон жилийн хөдөлмөр үнэгүйдэх гээд байна.