ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “ Омикрон хувилбар 149 улсад бүртгэгдээд байна. Сүүлийн долоо хоногуудад тохиолдлын тоо манай улсад нэмэгдэж байна. 2000-3000 болж нэмэгдсэн. Нийт илэрч байгаа тохиолдлын тоог илэрхийлдэг хэд хэдэн шалгуур үзүүлэлт бий. Эдгээр шалгуур үзүүлэлтээс хамгийн мэдрэг нь PCR шинжилгээнд илрэх эерэг үзүүлэлт юм. Оны өмнө шинжилгээнд эерэг эзлэх хувь 4-5 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 5 дахин нэмэгдэж 25 хувь болжээ.
Нийслэлд тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Түүнчлэн Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт тохиолдлын тоо нэмэгдэж байгаа. ХӨСҮТ үндэсний хэмжээний датаг боловсруулж, тандалт судалгаа хийдэг. Судалгаагаар таваас дээш өвчлөл бүхий кластер 32 бүртгэгджээ. Ажлын байр болон гэр бүлийн хүрээнд халдвар авах тохиолдлууд өндөр байна. Мөн сүүлийн тав хоног зорчсон тэмдэглэлийг харвал дэлгүүр, эмнэлэг, нийтийн тээвэр, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байх үедээ 63 хувь нь халдвар авсан байна.
Омикрон хувилбарын үед хүүхдийн өвчлөл нэмэгдэж 21.7 хувь болжээ. Нийт өвчлөлийг насны бүлгээр нь харьцуулж харвал,
- 0-4 насны хүүхэд 26.6 хувь
- 5-11 насны хүүхэд 46.3 хувь байна. 0-11 насны хүүхдүүд коронавирусийн вакцинжуулалтад хамрагдаагүй бүлэг юм.
Түүнчлэн томуу томуу төст өвчний дэгдэлтийн улирал эхэлсэн байна.
Энэ бүхнээс харвал, дархлаажуулалтын ажлаа сайжруулах, нэмэлт тунд идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Мөн цагаан сараа гэр бүлийн хүрээнд бус гэр гэртээ тэмдэглэх шаардлагатай” гэж мэдээллээ.