Categories
гадаад мэдээ цаг-үе

Казахстанд үймээний үеэр зэвсэг тарааж байсан этгээдүүдийг баривчилжээ

Казахстаны олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын оролцогчдод зэвсэг тараасан хэрэгт сэжиглэн Алматы хотод гурван залууг баривчилсан гэж Казахстаны Дотоод хэргийн яам мэдэгджээ.

Алматы хотын Цагдаагийн газрын мэдээлснээр, 19-20 насны залуус зэвсгийн дэлгүүрээс зэвсэг зөөн, Бүгд найрамдах улсын талбай дээр байсан иргэдэд тараасан гэнэ. Тэднийг саатуулсан бөгөөд бусад гэмт хэрэгт холбоотой эсэхийг нь шалгана гэж цагдаагийн газраас мэдээлжээ.

Сэжигтнүүд мэдүүлэг өгөхдөө автомат буу болон хутгаар зэвсэглэсэн үл таних хүмүүс тэднийг Бүгд найрамдах улсын талбай руу зэвсэг зөөхийг тулгасан хэмээсэн байна. Айснаасаа болоод хууль бус үйлдэл хийсэн гэж сэжигтнүүд мэдүүлжээ.

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын хоёрны өдөр шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийн улмаас Казахстанд эсэргүүцлийн жагсаал эхлэн, жагсагчдын шаардлагыг эрх баригчид биелүүлэн засгийн газраа огцруулж, хийн үнийг бууруулсан ч эсэргүүцэл намжаагүй юм. Ингээд нэгдүгээр сарын тавны өдөр эсэргүүцлийн жагсаал олныг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирч, Алматы хотод дэлгүүр банкийг тонон дээрэмдэж, нисэх буудал, цагдаагийн хэсэг, төрийн байгууллагуудыг эзлэн авч байлаа. Эсэргүүцлийг дарахаар арми илгээж, Казахстанд онц чухал объектуудыг хамгаалахаар Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид ирж, үүрэг гүйцэтгэж байв. Казахстанд нөхцөл байдал тогтворжин, энхийг сахиулагчид буцсан ч Казахстаны хууль сахиулагчид алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *