Categories
мэдээ нийгэм

БОАЖ-ын сайд нар сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн процесстой танилцжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар өчигдөр орой “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.

Энэ үеэр Сайжруулсан шахмал түлшний чанар, технологийн талаар олон нийтийн дунд үүсээд байгаа асуудлаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар нараас тодруулга авч үйлдвэрлэлийн процесстой танилцлаа.

Зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцад хяналт тавьж, сайжруулсан түлшний хэд хэдэн дамжлагаас чийглэгийн хэмжилтийг хийв.

Шахмал түлшний MNS5679 стандарт 2019 онд батлагдсан. Уг стандартаар түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байгаа нь стандартын шаардлага хангасан гэж үзэж байгаа ч стандартыг шинэчлэх, технологи, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг энэ үеэр хэлэлцэв.

Түлшний стандартыг нэг шат ахиулахаар бол түүхий эд болон зуухны стандартыг мөн сайжруулах шаардлагатайг холбогдох албаныхан дурдлаа.

Зүүн бүсийн үйлдвэрийн 8 шугамын 6 нь өнөөдрийн байдлаар хэвийн ажиллаж байна. Тогтвортой ажиллагааны горимд өөрчлөлт оруулж үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүнийг 24-48 цаг хадгалаад борлуулалтын цэгүүдэд хүргүүлдэг байсан бол уг горимд өөрчлөлт оруулан 7 хоног хадгалсны эцэст түгээлтэд гаргахаар шинэ технологийн картыг баримтлан ажиллаж байна. Ингэснээр түлшний асаалтад өөрчлөлт гарах эсэхийг тогтоох юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ баруун бүсийн үйлдвэрт ажиллаж дараах үүрэг, чиглэлийг өглөө.

Шинээр барих үйлдвэртэй зэрэгцүүлэн асаалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, галлагааны үед үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх,

Баруун бүсийн үйлдвэрлэлийн ойр орчмын орчны бохирдлыг багасгах, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, оршин суугчдын гомдол саналыг сонсож, тусгах,

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг ирэх хоёрдугаар сарын 15-наас эхлэн байгуулах, ажлын хэсгийг Дэд сайд Г.Түвдэндорж ахлан, ирэх оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах,

Баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх, шинэчлэн барих ажлыг 5-6 сарын хугацаатай шуурхай зохион байгуулах,

631 мянган автомашин хөдөлгөөн оролцож байгаа. Үүнтэй холбоотой мэдээлэл судалгааг бэлтгэн, танилцуулах,

Нам даралтын зуухны яндангуудад тавьсан шүүлтүүрийн ажиллагаа стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх болон бусад асуудлаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.

Мөн шийдвэрлэх ёстой асуудлыг хариуцлагаас айлгүй тухай бүрд нь шийдвэрлэж, аюулгүй ажиллагааг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг онцгойлон анхаарууллаа.

БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баасан гарагт Баруун бүсийн үйлдвэрт ажиллана гэж тус яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *