Categories
мэдээ нийгэм

Аваргуудын шагналыг малчны хотонд нь очиж гардуулна

Аймгийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хурлаар аймгийн аварга малчин өрх, аварга саальчин, аварга тариаланчийг шалгаруулах, тухайн шагналыг ямар байдлаар гардуулах тухай болон аймгийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг шалгаруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Жил бүрийн сар шинийн босгон дээр хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг тодруулан шагнадаг уламжлалын дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 100 шахам хүний материал иржээ. Салбартаа үр бүтээлтэй ажилласан жил, сум орон нутагтайгаа хамтарч ажилласан байдал, татвар, даатгалын төлөлт, малын тоо,чанар бусад малчдыг малжуулсан байдал зэрэг 10 гаруй үзүүлэлтийн дагуу хэлэлцэж, “Аварга малчин өрх”-өөр 53, “Хошой аварга малчин өрх” 1, “Аймгийн аварга саальчин” 1, “Аймгийн аварга тариаланч”-аар 2, “Аварга тариаланч хамт олон” 1 тус бүрийг шалгаруулав.

Аварга малчдын шагналыг хотонд нь очиж хүндэтгэн гардуулдаг байсан бол цар тахлын улмаас сүүлийн хоёр жил энэхүү уламжлал тасалдаад буй. Энэ удаа нэгдүгээр сарын 25-ны өдрийн дотор хотонд нь очиж гардуулж өгөхөөр шийдвэрлэв.

Дараа нь, Хөдөлмөр бүтээлээрээ салбараа манлайлж, аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг алдаршуулах зорилгоор шалгаруулдаг аймгийн “Хөдөлмөрийн аварга”-д нэр дэвшсэн хүмүүсийн тодорхойлолтыг хэлэлцэж, үхэр жилийн ажил үйлсээрээ салбар салбартаа тэргүүлсэн 22 хүнийг Хөдөлмөрийн аваргад тус бүр тодрууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *