Яруу найрагч С.Эрдэнэбатын тухай сэтгүүлч Л.Оюунчимэгийн бичвэрийг хүргэе.
“Ай охин тэнгэр минь
Арван сарын алтан бороо мэт шивэрч
Салхины түмэн үнсэлттэй цуг сормуусыг чинь норгох сон…
Хун галуудын дуу мэт эгшиг урламуй
Хус мод мэт Тэргүүнээ өргөж
Хулсан лимбэ мэт уруулд чинь хавчуулагдах сан…
Ай охин тэнгэр минь
Гоо үзэсгэлэн чинь халгай мэт сэтгэл түлмүй
Галын бурхан байтлаа, би шатмуй…”
гэж гал цогтойгоор өөрийгөө тунхаглан гарч ирсэн Хэнтий аймгийн Батноров сумын харьяат санхүүч, сувилахуйн мэргэжилтэй Сандагдоржийн Эрдэнэбат нь 1984 оноос шүлэг зохиол оролдож эхэлжээ. 2018 онд МЗЭ-д гишүүнээр элссэн Тэрээр “Ижий совин”, “Сэтгэлийн хайлан”, “Санахын аястай гуниг” зэрэг яруу найргийн номууд хэвлүүлжээ. 2018 оны хоёрдугаар сард “Гэрэл сүүдэр” яруу найргийн наадамд тэргүүн байр, 2019 онд “Хөх сүм” яруу найргийн наадамд тусгай байр, “Монгол бахархал” яруу найргийн наадмын дэд, “Ээжээ дуулъя” дууны шүлгийн уралдаанд хоёрдугаарт, “Хаан зүгийн нутаг” дууны шүлгийн уралдаанд гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.
Урын сандаа 20 гаруй дуутай бөгөөд АЖ А. Энхтайван аялгууг нь зохиосон “Зосын хүлэг”, “Зосын гол”, “Эх орон”, “Талын түмэн адуу”, хөгжмийн зохиолч Л. Эрдэнэцогттой хамтран “Ээжээ дуулъя”, СТА Б. Бадралын аялгуу “Санасан сэтгэл”, СТА Чинбаяр “Жаргая хоёулаа” зэрэг дуутай ажээ.
Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Оюуны жимс” яруу найргийн наадам болон Монгол тулгатны “Боржигдой цэцэн” яруу найргийн наадамд амжилттай оролцсон Тэрээр сэтгэлгээний шүлгийн шандсыг илтгэсэн уран бүтээлээрээ аргагүй тод ялгардаг.Өөрийн гэх хувь тавилантай түүний шүлгүүд сэтгэлийн гэгээн уулга учирлалтай, торгомсог мэдрэмж, сэрэхүйн гижиг асаасан тод ялдамхан сонстож буйд олзуурхнам.
Зорго, зориг хоёрыг ихэрлүүлэн шүлэг бичиж эхэлсэн Энэ бүсгүйн үг бүр нь амьдралаас олж авсан туршлага нь гоо тэнүүний орчлонд адарсан, аргадсан сэтгэлийн “гуйлга” байж мэдэх юм. Хорин хэдхэн насандаа шүлгээ тэрлэж явсан Түүнийг хувь заяагаа дэнсэлж бичсэн шүлгүүдээ лааны дөлөнд шатааж л суусан гэж бодохоор халаглан харуусмаар… Алдаанаас оноог олж харах нь найрагчийн ухаарлын сэжим сэрхийлгэх цаг нарны орчил юм. Найрагчийн сэтгэлийн долгисол шүлгээрээ амилдаг. Бэхийг бэхэлж, бэрхийг туулах эрхэм замын эхэнд ирсэн уран бүтээлч бүсгүйдээ сэтгэлгээний чанадад орон зайгаа олсон мэдрэмж голлосон үгээр орчлонтой эвлэж, тэрлэж үнэн мөнийг олох гэсэн, гоо анир сонсогдох мэт шүлгүүдээрээ цахиур хагалж буйд бахархнам. Тийм ээ! “Таалагдах л гэж үгс урладаг юм уу, эсвэл төлөөлөл болгож тэнгэрийн “Хэл”-ийг шивнэдэг юм уу. Тааж мэдэмгүй.”
Тэрээр өдөр шөнөгүй цахилж одох үгсээ хаших гэж цаг хугацаатай уралдан явнам. “Харснаа л үнэн гэж бодох төөрөгдлийн манангаас хэзээ салж, хоосон хийгээд бодит чанарын ялгааг яаж таних билээ”, “…Болно доо хэмээн зүрхээ амраасан ч, Босго давах ухаан минь энд алга…” хэмээн эргэцүүлнэ. Түүнийхээр төөрөг заяаны харгуйд танилцаад явж буй хүмүүний хувь тохиолд гэрэл мэт болсоор явбал сайхан буюу. Амар амгалангийн чуулганаа наран мэт гэрэлтэж он цагийг элээвээс хичнээн сайхан, хэрхэн явсныг хүмүүн бүхэн өөр өөрийн тааллаар сонгоно буй за.
2021 онд Монгол тулгатны 221 найрагч оролцсон “Ярууслын чуулган” яруу найргийн наадмын “Шилдэг 9”-д шалгарсан ганц эмэгтэй найрагч хэмээх хүндэтгэлийг авчирч өгсөн түүний шүлгүүд ”Ассан гал шиг илчтэй, Аагсан ган шиг иртэй”.
Ертөнцийн гоо сайхныг анирлаж мэдрэх нь яруу найрагч бүрийн араншин бөлгөө.
“… Шаргал наран яаран шувуудын жигүүрт гэрлээ зүүгээд
Шангуухь ертөнцийн зүг Янжинлхам бурхны дэргэд залруулав, ай хүмүүний үрийг ээ
Тунгалаг тэнгэрийнхээ дор сэтгэлийн мөрөнг цалгиагаад
Тунгаамал орчлонг мөнхлөөд одов, ай хүмүүний үр ээ…” хэмээх мяндсан утас шиг шүлгийн мөрүүдээр нь өндөрлөхийн өмнө яруу найрагчийн шүүгч нь зүрх сэтгэл, яруу сэтгэлгээний боловсролыг цаг хугацаагаар хэмждэгийг бодолцвол оломгүй далайн оёоргүй ёзоорт оюун билгээрээ хүртүгэй хэмээн ерөөмүй.
Эцэст нь морь, бөх хоёр нарийн уялдаа холбоотой байдгийн адил, улс төр яруу найраг хоёр сүнслэг шижим барилдлагатайг бодолцвол Хэнтий аймгийн Бэрх тосгоны авьяаслаг энэ найрагч бүсгүйд “оюун сэтгэлгээний бүтээн байгуулалт”-ын он жилүүд өмнө нь дурайж байх мэт ээ. Миний төрсөн нутаг Говь-Алтай аймагт хэдхэн жилийн өмнө “Болор цом” зохиогдоход Билэгсайханыг биш, хаа байсан Ховдынхон хоёр дахь “Болор цом”-ын эзнээ төрүүлнэ… хэмээгээд Хөөдэйн Эрдэнэбаатарын дараа М. Отгонбаярыг “шовс хийтэл” татсан явдал болсон л юмдаг.
Хувилгаан шинжтэй, хутагтын хувьтай нэрт яруу найрагчийн
“…Амьдрал мөнхийн зүүд минь, Тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь…” хэмээх гайхам мөрүүдээр хөрөг нийтлэлээ өндөрлөнөм.