Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд Хятадын нүүрс олборлолт түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

Эрчим хүчний хямралд орсон Хятад улс 2021 онд түүхэндээ байгаагүй их хэмжээний нүүрс олборлосон байна. Өнгөрсөн онд тус улс 4.07 тэрбум тонн нүүрс олборлосон нь өмнөх оноос 4.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч болох Хятад улс зөвхөн өнгөрсөн сард 384.67 сая тонн нүүрс олборлосон нь нэг сарын хугацааны дээд үзүүлэлт боллоо. Арваннэгдүгээр сард 370.84 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх дээд үзүүлэлт нь юм.

Өнгөрсөн онд Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хомсдол үүссэний улмаас эдийн засагт нь ноцтой хямрал бий болсон юм. Хямралаас яаралтай гарахын тулд эрх баригчид дотоодын нүүрс олборлогчдод бүрэн хүчин чадлаараа ажиллах үүрэг өгч байжээ.

2020 онд цар тахлын улмаас нүүрсний эрэлт дэлхий даяар 4 хувь унасан тухай Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (ОУЭХА) мэдээлж байв.

Харин 2021 онд эдийн засаг сэргэснээр нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэйг тус байгууллага бас урьдчилан тооцоолжээ.

Тухайлбал АНУ, Европын Холбоо 2020 онтой харьцуулахад 20 хувиар илүү эрчим хүчийг өнгөрсөн онд үйлдвэрлэсэн байна. Үүний багагүй хувийг нүүрснээс гаргасан эрчим хүч эзэлж байгаа. Гэхдээ энэ өсөлт нь зөвхөн цар тахлын дараах эдийн засгийн сэргэлттэй холбоотой бөгөөд 2022 оноос нүүрсний эрэлт багасаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ үргэлжлэн нэмэгдэнэ гэж ОУЭХА тооцоолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *