Categories
мэдээ нийгэм

Савада Хидеогийн гомдлоор гишүүн Ч.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэв үү

Монголын хамгийн том банк болох Хаан банкны хувьчлал УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын анхаарлыг ихээхэн татаж байгаа нь түүний үг, үйлдлүүдээс тодорхой харагдаж байгаа. Японы хөрөнгө оруулагч Савада Хидео өөрийн хувиа Японы компанид зарах болсонд тэрбээр таатай хандаагүй. Худалдаж авч байгаа мөнгийг нь шалгахыг шаардаж, УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, өөрөө ч ажлын хэсэгт нь орсон.

Тэгвэл Хаан банкны хувьчлал Ч.Хүрэлбаатарын сонирхлыг яагаад тэгж их татаж байгаа вэ гэдгийг үйлдэл, баримтууд дээр тулгуурлан тайлбарлая. Ямартай ч Хаан банкны хувьчлал эрүүл, шударга яваасай гэж хүссэндээ “шалга” гэж орилоод байгаа юм биш гэдгийг нэн түрүүнд тодотгоё.

“АШИГ ӨГДӨГГҮЙ” ТОМ БАНК

Хаан банкны 40 хувийг Ц.Баатарсайхан, 60 хувийг Савада Хидео эзэмшдэг. Гэвч өнөөдрийг хүртэл 60 хувийг эзэмшигч Савада Хидео ногдол ашиг авч байгаагүй ажээ. Монгол хамгийн том банкнаас ногдол ашиг хүртэж байгаагүй гэдэгт итгэмээргүй. Гэхдээ Савада Хидео өөрөө энэ тал дээр ихэд гомдолтой явдаг.

Ц.БААТАРСАЙХАНЫ “ЗАЛИЛАН”

60 хувийн хувьцаа эзэмшигч яагаад ногдол ашиг хүртэж чаддаггүй байсан бэ гэдэг асуултын хариулт нь өнөөдөр үүсээд байгаа маргааны гол зангилаа юм. Тодруулбал, Хаан банк Монгол орон даяар нийт 547 салбар нэгжтэй, 7500 гаруй ажилтантай, үндэсний хэмжээний том банк. Салбар нэгж, ажиллах хүчний тоотойгоо дүйцэхүйц өндөр худалдан авалт хийдэг гэсэн үг. Уг нь аливаа аж ахуйн нэгж худалдан авалт хийхдээ аль болох зардлаа хэмнэдэг. Харин Хаан банк тэгдэгтүй. Зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдаж авдаг. Ингэхдээ гол худалдан авалтаа Таванбогд группээс хийдэг ажээ. Ингэснээр банкны зардал нэмэгдэнэ. Зардал нэмэгдвэл ногдол ашиг буурна. Гэхдээ зөвхөн 60 хувийг эзэмшигч Савада л ашиг хүртэхгүй үлдэж, харин Ц.Баатарсайхан Таванбогд групп компаниараа дамжуулан хүртэх ашгаа хүртчихнэ.

Ц.БААТАРСАЙХАНЫГ “ХАЗААРЛАХ” ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

Залилан гэж тодорхойлж болох энэ тогтолцоог шинээр батлагдсан банкны тухай хууль үгүй хийх зорилготой. Банкны хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлж, арилжааны банкны зардлыг бууруулах замаар зээлийн хүүг бууруулна. Тэгэхээр доод тал нь 5 хувьцаа эзэмшигчтэй болчихвол Ц.Баатарсайхан дураараа дургиж, өөрийнхөө компаниар үнэтэй бараа шахаж, Хаан банкны зардлыг хиймлээр нэмэгдүүлэх боломжгүй болно. Ялангуяа хувьцаа эзэмшигч дунд гадаадын хөрөнгө оруулагчид олон байх тусмаа Ц.Баатарсайханы дураараа дургих боломж хумигдаж, эрүүл зарчим баримтлахыг шаардах юм. Энэ бол Савада Хидео өөрийн эзэмшлийг Японы хөрөнгө оруулагчдад зарж байгааг эсэргүүцэж байгаа гол шалтгаан гэсэн үг.

Ц.БААТАРСАЙХАН БОЛОН Ч.ХҮРЭЛБААТАР НАРЫН “АШИГ СОНИРХОЛ”

Ц.Баатарсайхан болон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын ашиг сонирхол ил цагаан биш. Гэхдээ Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Чимэдийн Гантулга Ц.Баатарсайхантай хамт Би Жи Пит нэртэй компанийг 2010 оноос хойш эзэмшиж байна.Тэгэхээр тэдний бизнесийн сонирхол сүүлийн 12 жил үргэлжилж байгаа гэсэн үг.

Ц. БААТАРСАЙХАНЫ “БИЕ ХАМГААЛАГЧ” Ч.ХҮРЭЛБААТАР

Хэдийгээр нэг хүн дээд тал нь 20 хувийг эзэмших хуулийн зохицуулалттай хэдий ч бусдаар дамжуулан нөлөөллөө алдахгүй байх сонирхол Ц.Баатарсайханд байх боломжтой. Тэгэхийн тулд гаднын хөрөнгө оруулагчдыг замаасаа зайлуулах ёстой. Гэхдээ банкны хувьцаа эзэмшигч өөрөө ил гарч ирээд дайтаад байж болохгүй. Тийм учраас УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг өөрийн “бие хамгаалагч”-аар сонгосон. Ч.Хүрэлбаатар ч ажилдаа оров.

“Бохир мөнгөөр Хаан банкийг худалдаж авах нь”, “Улс төрчид хувьчлалд оролцож байна” гэх мэтээр чуулганы танхимд орилж, улс төржүүлж эхэлсэн. Магадгүй Ч.Хүрэлбаатарт Хаан банкны хувьчлал хуулийн дагуу эсэх нь огт хамаагүй. Зүгээр л ажлыг гацааж, хөрөнгө оруулагчдыг залхаах зорилготой байж мэдэх юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ “ДАРАМТАЛСАН” НЬ АНХНЫХ БИШ…

Ц.Баатарсайхан, Ч.Хүрэлбаатар нар Хаан банкны хувьцаанд шуналын нүдээ унагаасан нь 3 жилийн өмнөөс эхтэй. Ноён Савада өөрт нь ногдол ашиг өгдөггүй хувьцаагаа зарах оролдлогыг 2019 оноос эхлүүлсэн. Гэвч түүний залхахыг Ц.Баатарсайхан, Ч.Хүрэлбаатар нар алгаа үрэн хүлээж байсан мэт хөдөлж эхэлжээ. Тодруулбал, 2019.01.25-ны өдөр тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй хууль бус албан бичиг Савада Хидеод очсон байдаг. “Хувьцаагаа Таванбогд групп компанид зарахыг Монгол Улсын Засгийн газар дэмжинэ. Харин өөр бусдад худалдахыг дэмжихгүй. Асуух зүйл байвал биечлэн уулзах боломжтой” гэж төрийн сайдын албан бланк дээр бичигдсэн. Уг нь Сангийн сайд банкны хувьчлалд огт хамаагүй. Гэвч тэрбээр хууль зөрчсөн үйлдлээ нуухын тулд Савада руу явуулсан бичигтэйгээ ижил дугаартай албан бичиг гаргаж, Сангийн яамны архивт хадгалуулсан байдаг.

Ч.Хүрэлбаатар дарамтлуулсан анхны хөрөнгө оруулагч нь Савада биш. Үүнээс өмнө 2010 онд Ч.Хүрэлбаатарын ах нар Хотгор шанагын уурхайг Солонгосчуудад зарсан. Энэ харилцаанд орсон БНСУ-ын иргэд ялаа эдэлж байгаа. Харин Ч.Хүрэлбаатар болон түүний ах нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир “амь мултарч” өнөөдөр гишүүний сэнтийд заларч байна. Тэрээр энэ хэргээ нуухын тулд БНСУ-ын парламентын гишүүнийг “өөрийн биеэр дарамталсан” тухай БНСУ-ын эрэн сурвалжлагч сэтгүүлч баталсан байдаг.

Ч.ХҮРЭЛБААТАРЫН МОНГОЛ БАНК ДАХЬ “ХАР ГАР”

Өөрийн хувьцаагаа хэнд зарах нь Ч.Хүрэлбаатарт огт хамааралгүй гэдгийг Савада Хидео мэдэж байсан учраас “дарамталсан” албан бичгийг огт тоогоогүй. Хуулийн хүрээнд бол Савада Хидеогийн зөв. Гэхдээ бодит байдал дээр Ч.Хүрэлбаатарын “хар гар” хувьцаагаа шилжүүлэх ажиллагаанд 3 жил тушаа болжээ.

Тодруулбал, Савада холдингс компанийн ТУЗ-өөс өөрийн хувьцаагаа Upsilon Fund, meta capital хэмээх 2 компанид худалдах шийдвэр гаргасан. Монгол банкнаас 2020 оны 2 сарын 20-ноос 4-р сарын 20-ны хооронд худалдан авалтыг зохион байгуулахаар товлосон байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилж нийт 35 удаа хойшилсны эцэст 2021.06.29-нд худалдан авалт цуцлагджээ. Үүнээс хойш Монголбанк хувьцаа худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүй гацаасаар байгаа. Магадгүй хувьцаагаа Таванбогд группт зарахыг зөвшөөрсөн бол асуудал аль эрт шийдэгдэх байсан биз. Тодорхой шалтгаангүй, далд нөлөөгөөр гацаасан хүн нь Ч.Хүрэлбаатар байх магадлал өндөр. Учир нь 2019.01.25-ны өдөр Савада Хидео руу явуулсан хууль бус албан бичигт “Таванбогд группт хувьцаагаа зарахгүй бол дэмжихгүй шүү” гэдгээ сануулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, хууль бус албан бичиг зүгээр нэг сүрдүүлэг байгаагүй, бодит үйлдэл байж мэдэх юм. Учир нь Ч.Хүрэлбаатарын хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүд Монголын банк санхүүгийн салбарт шигдсэн байдаг. Хамгийн энгийн жишээ нь гэвэл Ч.Хүрэлбаатарын эхнэр Саранцэцэг нь Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирлаар одоо ч ажилласаар байна.

САВАДА ХИДЕОГИЙН ТЭВЧЭЭР “ТАСРАВ”

Ашиг өгдөггүй хувьцаагаа зарах гэсэн оролдлого гурван жил саатсан учир Савада Хидеогийн тэвчээр тасарч, АТГ-т гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Тус гомдолд Ч.Хүрэлбаатарын “дарамт”, нөлөөллийг нэг нэгэнгүй бичиж, шалгаж өгөхийг хүссэн гэв. Гэхдээ Ч.Хүрэлбаатарын “хар гар” санхүүгийн салбараас хальж, хуулийн салбар руу орчихгүй бол илтэд албан тушаалын гэмт хэргийн шинжтэй эдгээр үйлдлийг хуулийн байгууллага шалгах ёстой юм.

Б.ДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *