ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл коронавируст халдварын Омикрон хувилбарын үеийн эмнэл зүйн шинж тэмдэг, эмнэлгийн орны зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Омикрон хувилбарын халдварын үед халуурах, хоолой өвдөх, аргах, хуурай ханиалгах, ханиалгалт нь хэд хоногоос ханиалга цэртэй болох шинж тэмдэг илэрч байна. Хүүхдийн хувьд хоолой сөөх, зарим тохиолдолд амьсгал бачуурах шинж тэмдэг голчлон илэрч байгаа. Энэхүү шинж тэмдэг 5-7 хоног илрээд, эдгэрч байна.
Халдварын тоо ихсэж байгаа энэ үед иргэдийн эмнэл зүйн байдлыг тандах, өмнөх хувилбараас ямар ялгаатай байгааг тогтоохоор ажиллаж байгаа. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн эмнэл зүйн шинж тэмдгийг харвал хүчилтөрөгчийн дутагдалд орох, хатгаа болох эрсдэл Дельта хувилбартай харьцуулахад бага байна. Эндээс үндэслээд хүндрэх эрсдэл харьцангуй бага гэж дүгнэж болох юм.
Эмнэл зүйн хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа учраас ард иргэд маань эмчийн зөвлөсөн эмчилгээг хийж, гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд баримтлан, тайван байж эмчлүүлэх боломжтой байна. Омикрон хувилбарын хөнгөн хэлбэрийн өвчлөлийн үед өвөрмөц эмчилгээ шаардлагагүй байгаа. Амьсгалын дээд замын өвчлөлийн үеийн буюу амин дэм хэрэглэх, халуун бууруулах эм уух, хоолойн өвдөлтийн эсрэг эмчийн заавраар эмчилгээ хийхэд 5-7 хоногт гэрээр эмчлэгдэх боломжтой.
Нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 4,764 орыг коронавирусийн халдвартай иргэнийг эмчлэхэд зориулж байгаа бол орон нутгийн 42 эмнэлгийн 5,482 оронд халдвартай иргэдийг хүлээн авч байгаа. Эрсдэлт бүлгийнхэн болон эмнэл зүйн хүнд болон нэн хүнд шинж тэмдэг илэрсэн иргэдийг эмнэлэгт хүлээн авч байна.
Зарим иргэн халдвар авсан л бол эмнэлэгт хэвтэх ёстой гэж үзээд байгаа нь эмнэлэгт яг шаардлагатай хүнийг хүлээн авахад хүндрэл учруулж байгаа. Тиймээс иргэддээ аль болох хүлээцтэй байхыг зөвлөж байна.
Омикроны үед хуурай ханиалгах, хоолой зурж өвдөх улмаар цээжээр өвдөлт үүсдэг. Энэ нь уушгины хатгааны өвдөлтөөс ялгаатай буюу хавирга хоорондын мэдрэлийн цочролоос үүдэлтэй өвдөлт юм. Үүнийг хатгаа болчихлоо хэмээн айгаад заавал эмнэлэгт хэвтэх гээд байгаа. Тиймээс анхан шатны эмнэлэгт үзүүлээд 2-3 хоног эмчилгээ хийсний дараа шинж тэмдэг арилахгүй байвал КОВИД-19-ийн амбулаторид хандаж дахин үзүүлэх боломжтой бүтцийг гаргасан. Энэ амбулаториор үзүүлж болно. Амбулаторийн эмч үзээд хатгаа үүссэн байвал шууд ор зохицуулалтын албанд хандаж эмнэлэгт хэвтүүлэх юм” хэмээн ярилаа.