Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвалтай ярилцлаа.
-АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХЭСЭГ ХҮМҮҮСЭЭС БОЛООД ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛНӨ ГЭДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ-
-Ардчилсан үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Тус Үндсэн хууль өмнө нь батлагдаж байсан Үндсэн хуулиудаас юугаараа онцлог вэ?
-Хүн төрөлхтний түүхэнд ардчилсан Үндсэн хууль, ардчилсан бус Үндсэн хууль хэмээн Үндсэн хуулиудын мөн чанартай холбоотой асуудлуудыг нэлээд хөндөж тавьдаг л даа. Бидний ярьж байгаа 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн тухайд өмнө нь баталсан гурван удаагийн Үндсэн хуулиасаа зарчмын хувьд хэд хэдэн онцлог, ялгаатай зохицуулалтуудыг оруулж өгснөөрөө онцлог. Шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө дагаж мөрдөж байсан Үндсэн хуулиудын тухайд нэг намын систем ноёрхсон, тухайн нийгмийн бүтэц тогтолцоо ч өөр байсан үед мөрдөгдөж байсан. Тиймээс нийгмийн тогтолцоогоо дагаад өөр өөрийн үүргийг чамлахааргүй гүйтгэсэн. Монгол Улс 1924, 1940,1960,1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталсан түүхтэй. Тэгэхээр 1992 оны Шинэ Үндсэн хуулийн тухайд бусад Үндсэн хуулиудаас ялгагдах гол онцлог нь Үндсэн хуульт ёсыг суулгаж өгсөн. Үндсэн хуульт ёс журмыг сайтар харж, тэр хүрээнд нь Үндсэн хуулийг баталсан гэж үздэг. Үндсэн хуульт ёсонд нэгдүгээрт, хүний эрх дээдлэгдсэн байх ёстой зарчим буюу ардчилсан зарчим багтдаг. Бид хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг Шинэ Үндсэн хуульдаа сайтар тусгаж чадсан боловч түүний хэрэгжилтийг хангах механизмыг сайн олж хараагүйгээс болоод одоо зарим нэг хүндрэлтэй асуудлууд гарч ирж байгааг үгүйсгэхгүй. Үндсэн хуульт ёсны хоёр дахь ёс нь төр, иргэн хоёрын харилцаа нийгмийн хамгийн суурь харилцаа байх ёс юм. Төр иргэн хоёрын хоорондын харилцааг хуулиар зохицуулагдах ёстой гэж үздэг. Эндээс хууль дээдлэх ёс, хууль дээдлэх зарчмын тухай ойлголт үүсдэг. Үүнээс улбаатайгаар хоёр талын хоорондын харилцааг зохицуулж байгаа хууль нь ямар байх вэ гэдгийг хөндөж тавьж байгаатай холбоотойгоор хууль дээдлэх ёс, хуулийн хүрээнд байх, хуулийн дагуу байх гэх мэт зарчмыг Үндсэн хуульдаа суулгаж өгсөн. Шинэ Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр тус хуулийг дагаж мөрдөхөөр заасан нь нийгмийн суурьт харилцаагаа хуулиар зохицуулж, түүнийгээ дээдлэх зарчим хэрэгжиж байгаагийн илрэл. Гуравдугаарт, иргэн харилцааг зохицуулж байгаа учраас төр өөрийн эрх мэдлийг хязгаарлах ёс юм.
-Шинэ Үндсэн хуулиар нэг байгууллагад төвлөрсөн эрх мэдлийг саармагжуулж өгсөн гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Төрийн эрх мэдлийг нэгдүгээрт, хууль тогтоох, хоёрдугаарт, тогтоосон хуулийг гүйцэтгэж биелүүлэх, гүйцэтгэж биелүүлж байх явцад хэрвээ зөрчигдөх юм бол шүүж шийдвэрлэх гэсэн гурван эрх мэдэлд хуваасан. Зөвхөн хуваарилаад орхихгүй, нэг нь нөгөөгөө хянаад, тэнцвэрт байдлыг бий болгодог энэхүү ёс, зарчмыг бол бий болгосон. Үүгээрээ өмнөх үндсэн хуулиудаасаа ялгаатай. Шинэ Үндсэн хуульд тусгагдсан бас нэг гол ёс нь юу байдаг вэ гэхээр нийгмийн харилцаанд шударга ёсны зарчим үйлчлэх ёстой хэмээн заасан. Шударга ёсны зарчмын дагуу төрийн эрх мэдлийг шударга хуваарилснаар хүний эрхийг дээдэлж, түүнийг баталгаатай хангахыг зорьсон. Тиймээс шударга ёсны баталгааг хангадаг байгууллага байх ёстой хэмээн үздэг. Төрийн гурван эрх мэдлээс шүүх эрх мэдэл шударга ёсны, хүний эрхийн үндсэн баталгаа нь болох учиртай. Үүнээс улбаатайгаар цоо шинээр ямар ухагдахуун бий болсон бэ гэхээр Үндсэн хуулийг өөрийг нь зөрчвөл яах юм бэ гэсэн ойлголт гарч ирсэн. Үндсэн хуулийг зөрчих юм бол Үндсэн хуулийн баталгааг бий болгодог байгууллага байх ёстой гэж үзсэн.
-Үндсэн хуулийн баталгааг хангадаг олон улсын туршлага юу вэ. Манайд Үндсэн хуулийг ҮХЦ хамгаалах үүрэгтэй биз дээ?
-Манай улсын тухайд таны хэлсэнчлэн Үндсэн хуулийн Цэцийг хэлж байгаа хэрэг. Үндсэн хуулийн баталгааг бий болгодог байгууллага дэлхий дахинд гурван янз байдаг. Нэгдүгээрт, шүүхийн журмаар ажилладаг, түүн дотроо ердийн шүүх, тусгайлсан шүүх хэмээн хоёр хуваагддаг. Тусгайлсан шүүхээр зөвхөн үндсэн хуулийн маргаантай асуудлыг шийддэг.Хоёрдугаарт, шүүхээс өөр байгууллага, Үндсэн хуулийн асуудлыг хянана хэмээн үздэг. Тухайлбал, Францад Үндсэн хуулийн зөвлөл гэж бий. Тус зөвлөл нь Үндсэн хуультай шинээр батлагдан гарч байгаа хуулиуд зөрчилдөж байгаа эсэхийг урьдчилан хянадаг. Ингээд Үндсэн хуультай зөрчилдөж байгаа бол асуудлыг парламент руугаа оруулдаг. Үндсэн хуулийн Цэц нь дунд суудлын байгууллага Франц улсын Үндсэн хуулийн зөвлөлтэй адил хууль батлагдахаас өмнө Үндсэн хуультай зөрчиллдөж байгаа эсэхийг хянаж үздэг. Ингээд Үндсэн хуультай зөрчилдсөн бол ийм зүйл заалтыг ингэж зөрчсөн байна гэдэг саналаа парламентад эхлээд оруулдаг. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг УИХ хүлээж авч болно, хүлээж авахгүй ч байж болно гэж үздэг. Угтаа Үндсэн хуулийн Цэц зөрчил байна гэсэн санал гаргасан л бол хүлээж авах ёстой байхгүй юу. Гэтэл бодит байдал дээр ерөөсөө хүлээж авах боломжгүй гэчихдэг. Ямар үндэслэлээр яагаад хүлээж авах боломжгүй гэдгээ тогтоолдоо бичиж байх ёстой. Судлаад үзэхээр ихэвчлэн ийм тогтоол байдаггүй.
-Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин одоо тус нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар ҮХЦ-д зарим гишүүд гомдол гаргаад байна. Манайх Үндсэн хуульд ямар тохиолдолд өөрчлөлт оруулаад байна вэ?
-Шинэ Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайн нэмэлт, өөрчлөлтөөр 30 гаруй заалтуудад өөрчлөлт оруулсан. Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх эсэх тухай асуудал. Уг асуудал маш их маргаан дагуулдаг. Энэ асуудлаас үүдэн хоёр удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, 1999 онд шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 2000 онд дахин баталсан өөрчлөлтөөр хамгийн гол өөрчлөгдсөн зүйл заалт мөн л дээрх асуудалтай холбоотой байсан. Гэтэл Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр 39 дүгээр зүйлд Засгийн газар, Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно хэмээн заасан. Өмнө нь Засгийн газрын бүх гишүүн нь УИХ-ын гишүүн байх боломжтой байсан. Гэтэл дээр дурдсан өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын дөрвөн гишүүн нь Засгийн газрын гишүүн байхаар тоо зааж өгсөн нэмэлт, өөрчлөлт оруулчихсан. Энэ заалт өнгөрсөн хоёр жил маргаантай асуудал үүсгэж байна. Өөртөө эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн ийм санаанаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх асуудал улбаатай байдаг нь харагддаг. Үнэндээ өөрийн хүлээсэн үүрэгт ажлаа хийж чадахгүй байгаа хэсэг бүлэг хүмүүсээс болоод Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг бол байж боломгүй зүйл. Энэ асуудал намайг хамгийн ихээр эмзэглүүлдэг. Тухайлбал, 1999 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө зарим нэг хүмүүсийн давхар албан тушаал хаших санаанаас үүдэлтэйгээр УИХ-ын гишүүний Эрх зүйн байдлын тухай хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуульд ийм санаархал орж ирэхэд ҮХЦ хүчингүй болгож байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан заалтыг одоо дахиад хүчингүй болгох талаар ярьж байгаа бол төрийн бодлого харалган байгааг л харуулж байна. Энэ бол алсыг харж чадахгүй, өнөө маргаашийн өөрсдийн эрх ашгийг харж байгаатай холбоотой.
-Шинэ Үндсэн хуулийг батлахдаа 430 гаруй депутат, хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцэж, нэлээд чамбай хууль баталсан гэдэг. Тэгвэл сүүлийн үед эрх баригчид өөрсдөдөө таалагдахгүй байгаа Үндсэн хуулийн заалтыг “нэмэлт, өөрчлөлт” оруулах нэрээр дураараа өөрчилдөг боллоо. Үндсэн хуулиа байнга өөрчлөх нь зөв тогтолцоо яавч биш байх л даа?
-Дээр дурдсан хууль дээдлэх ёсны талаар зүгээр ч нэг яриагүй. Үндсэн хууль болоод бусад хуулиуд тогтвортой байх ёстой. Манайхан “20,30 жил болчихсон юм чинь өөрчилье” гээд байдаг. Энэ зөв тогтолцоо биш. АНУ-ын Үндсэн хууль 200 гаруй жил тогтвортой байна. Анх батлагдсан цагаас өнөөдрийг хүртэл 29 нэмэлт орсон байдаг. Өөрчлөлт ерөөсөө байдаггүй. Оруулсан нэмэлт нь дандаа хүний эрхийг дээдэлсэн, хүний эрхтэй холбоотой асуудлаар оруулж байгаа. Гэтэл эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн эрх мэдлийг нэмэгэдүүлэхтэй холбоотой асуудлаар л Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулдаг. Үндсэн хуулийн 1999, 2000, 2019 оны нэмэлт, өөрчлөлт мөн л гуравдугаар бүлэгт орсон. Энэ бол дахиад л эрх мэдэл хаана байна тэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаа сэдэл үргэлжилж байдгийн тод илрэл. Үндсэн хууль тогтвортой бус байх нь нийгэмд сөргөөр нөлөөлөхөөс гадна Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн хөгжилд сөрөг нөлөөлдөг. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэгчлэн нийгэмд олон сөрөг үр дагавар авчирдаг. Тиймээс аливаа улсын үндсэн хууль аль болох тогтвортой байж гэмээнэ нийгмийн харилцааг зохицуулах чадвар сайжирдаг.
-ҮХЦ эрх мэдэлтэй, эрх мэдлээ улам л лавшруулах гэж санаархаж байгаа нөхдүүдээс Үндсэн хуулийг хамгаалах учиртай. ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа хүмүүс Үндсэн хуулийнхаа хоточ нохой нь байж чадаж байгаа эсэхэд олон нийт эргэлзэж байна?
– Би ҮХЦ-ийн гишүүн байсан хүн. Тийм болохоор одоогийн ҮХЦ-ийн гишүүдийн талаар шүүмжлэх, эсвэл магтах нь ёс зүйн хувьд түвэгтэй. Ер нь ҮХЦ-ийн гишүүд ямар байх ёстой талаар санал хэлэхэд Үндсэн хуулийг сахин хамгаалдаг, Үндсэн хуулийн баталгаа болдог энэ байгууллагын гишүүн хүнд тавигдах шаардлага өндөр байх ёстой. Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн билэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн хэмээн заасан. Тэгвэл энэ баталгаа гэдэг чинь юу байх юм бэ гэдгийг хуульд тодорхой болгож өгөх хэрэгтэй. Бид Цэцийн өөрийнх нь статус, эрх зүйн байдлыг маш тодорхой болгох шаардлагатай. Цэцийн гишүүн нэгэнт Үндсэн хуулийн баталгаа болж байгаа байгууллагыг бүрдүүлж л байгаа юм бол хуульчид байх ёстой гэж боддог. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн хоёрт, Үндсэн хуулийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэжилтэй Монгол Улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно хэмээн заасан. Тэгэхээр улс төрийн өндөр боловсрол гэдэг нь өөрөө юуг хэлж байна гэдгийг тодорхойлох шаардлагатай болсон. Хэрэв УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн Цэцийн гишүүнээр сонгогдвол өөрийнхөө баталсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх нь ёс зүйн хувьд хүндрэлтэй байдаг. Тийм учраас улс төрийн өндөр боловсрол гэдэг нь УИХ-ын гишүүн байсан хүнийг хэлэх үү, магадгүй улс төрийн сургууль төгссөн хүн байх уу, улс төр судлалаар төгссөн хүн байх уу гэдгийг зааглаж, хуульчилж өгөх шаардлага. Цэцийн гишүүдийг хаанаас санал болгож сонгогдсоноос үл хамаарч тавигдаж байгаа шалгуурууд, томилогдох журмыг нь тодорхой болгочихвол иргэдийн дунд хардалт тэр бүр төрүүлэхгүй. Миний хувьд ҮХЦ-ийн гишүүнээр хуульч хүн томилдог байх нь чухал гэж үздэг.
-ҮХЦ-ийн гишүүн хүн өндөр ёс зүйтэй байх ёстой.Гэтэл томилогдсон талдаа шийдвэр гаргадаг, хэн нэгний нөлөөнд автдаг гэх асуудал гардаг шүү дээ?
-ҮХЦ-ийн гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал бол маш чухал асуудал. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэдэг бол хайчин дунд ажлаа хийдэг хүмүүс. ҮХЦ-ийн гишүүнийг УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс дэвшүүлдэг. Гэтэл дэвшүүлсэн субъекттэйгээ холбоотой хөндөгдөж байгаа асуудлыг тухайн талд ашигтай байдлаар шийдэхгүй бол дахин ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдох магадлал нь маш бага байдаг. ҮХЦ-ийн гишүүн хараат бусаар, айдасгүйгээр ажлаа хийх ёстой. Гэтэл хуулийн дагуу шударгаар ажилласныхаа төлөө дахиж сонгогдох боломжгүй болдгийг өөрчлөх ёстой. Үгүй бол томилогдсон талдаа ҮХЦ-ийн гишүүд барьцаалагдах тохиолдол анзаарагддаг.
-ҮХЦ-ийн гишүүд Үндсэн хуулийн хамгаалагчийнхаа үүргийг үнэнчээр биелүүлбэл дан болон давхар дээлний асуудлаар гаргасан гомдлыг Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн үзэх бүрэн боломжтой юу?
-Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй” хэмээн заасан. Үүнийг ҮХЦ-ийн гишүүд сайтар ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоёр жилийн дараа дахин өөрчлөх асуудал ярьж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Тус хуульд Үндсэн хуульд өөрчлөгдөж орсон заалтыг найман жилийн дотор өөрчилж болохгүй хэмээн заасан. Хууль дээдэлдэг, хууль журамтай улс юм бол үүнийгээ л барих ёстой. Хэн нэгэн хүн, би одоо дахиад нэг албан тушаал авмаар байна гэхээр нь түүнийх нь дагуу хуулиа өөрчилдөг орон хөгжиж чадахгүй. Албан тушаалын зодоон дээр улс орон маань нурна л гэсэн үг.
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой оруулсан заалтыг найман жилийн хугацаанд өөрчилж болохгүй гэдгийг мэдсээр байж өөрчлөх оролдлого хийж байгаа энэ үед ҮХЦ-ийн гишүүд чухал үүрэг хүлээх нь ээ?
-ҮХЦ-ийн шийдвэр гарахаас өмнө ямар нэгэн байдлаар тэдэнд нөлөөлөх худал үнэн нь үл мэдэгдэх мэдээлэл цацагддаг л даа. Гэхдээ би ҮХЦ-ийн гишүүдийг ийм нөлөөнд автахгүй ажиллаж, шийдвэр гаргах боломжтой хүмүүс л гэж хардаг. Манай улсад мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчноор аваад үзвэл ҮХЦ гомдлыг хүлээж авах боломжгүй. Энэ бол Монгол Улс оршин тогтнох уу, эс орчин тогтнох уу гэдэгтэй холбоотой асуудал. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг дараагийн сонгуульд ялах тухай ойлголт биш. Үндсэн хууль бол эцэг хууль. Энэ хууль тогтворгүй байх юм бол нийгэм өөрөө тогтворгүй болох аюулыг бий болдог. Ардчилсан Үндсэн хуульд улс төрийн ашиг сонирхлоор оруулсан заалтууд огтхон ч ороогүй. Тийм учраас Үндсэн хуулийг тогтвортой байлгах асуудал миний болоод, дараагийн үеийнхний үүрэг. Энэ асуудалд нийт иргэд, мэргэжлийн хүмүүс, улстөрчид бүгд нэг зүг рүү харж өөрсдийн эрх ашгаас улс орны эрх ашгийг дээгүүр тавих шаардлагатай. Бид Үндсэн хуулийн шинэчлэлээ 1992 онд хийсэн. Энэ шинэчлэл дээр тулгуурлаж цааш явна. Залуучууд юмыг шинэчлэх бол сайн. Тэгэхдээ энэ шинэчлэл хүн төрөлхтний жам ёсноос, хүн төрөлхтний явж ирсэн замналаас гажууд байх нь буруу. Хүн төрөлхтний явж ирсэн ёс журам, зам мөр гэдэг бол буруу, зөвийг өөртөө шингээж үеийн үед хөгжиж ирсэн.
П.БАТЗАЯА