Улсын Их Хурлын Парламентын сурталчилгаа мэдээллийн төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос “Иргэний мэдэх эрх” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Зөвлөгөөнд 21 аймгийн 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.
Зөвлөгөөнд ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир оролцож, ХЭҮК-ын чиг үүрэг, Комиссын гишүүний бүрэн эрх, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны талаар болон хүний эрхийн зөрчил, гомдол, мэдээлэл хүлээн авах, хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхийн түгээмэл гарч буй зөрчлийн талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Өнгөрсөн онд ХЭҮК 1118 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 868 нь нийслэлээс, 320 нь орон нутгаас ирүүлсэн.
Гомдол, мэдээллийн мөрөөр 118 удаагийн хяналт шалгалтыг хийж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Комиссын гишүүний 45 шаардлага, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахуулахаар Комиссын гишүүний 58 зөвлөмжийг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, мөн 1017 иргэнд, 352 цагийн хүний эрхийн зөвлөгөө өгч хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан талаар мэдээллээ.