Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2021 онд 16 тэрбум ам.долларт хүрсний 6.9 тэрбум доллар нь импорт байв. Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад буурсан ч 2020 оныхоос 29 хувь өссөн үзүүлэлт юм.
Импортоор нийлүүлэгдсэн барааны
- 96 хувийг валютын төлбөртэй худалдаа
- 1.4 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа
- 0.6 хувийг гадаадын тусламжийн бараа
- 1.9 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа
- 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлжээ.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.3 тэрбум ам.доллар буюу 18.2 хувийг эзэлсэн байна. Энэ нь импортын дүнд эрдэс бүтээгдэхүүний дараа бичигддэг гол төрөл юм.
Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2021 онд Монгол Улс нийт 770 сая ам.долларын үнэ бүхий 81,763 суудлын болон ачааны автомашин импортолжээ. Импортолсон машины тоо хэмжээ 2020 онтой харьцуулахад 7.7 мянгаар өссөн бол үнийн дүн 36% буюу 204 сая ам.доллароор өссөн байна.