Categories
мэдээ нийгэм

ДЭМБ: “Омикрон” хувилбарыг хөнгөн гэж тодорхойлж болохгүй

ДЭМБ-аас “омикрон” хувилбар дэлхийн ихэнх оронд бүртгэгдэж, улмаар нас баралт бүртгэгдэж байгаа тул энэ хувилбарыг хөнгөн гэж тодорхойлж болохгүйг анхааруулж байна. Мөн шинэ он гарсаар дэлхий даяар коронавирусний шинээр бүртгэгдэж байгаа тохиолдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн тухай мэдэгдлээ.

ДЭМБ-ын үзэж байгаагаар “омикрон”-ыг “дельта” хувилбартай харьцуулахад хүндээр өвчлүүлэх магадлал бага, ялангуяа вакцинд хамрагдсан хүмүүсийн хувьд ийм байдал ажиглагдаж байгаа боловч энэ нь “омикрон” хувилбарыг хөнгөн гэж тодорхойлох боломжгүй. Учир нь сүүлийн хагас сарын хугацаанд энэ хувилбараар өвчлөөд нас барсан тохиолдол хоёр дахин нэмэгджээ. Нас баралтаас гадна эмнэлгийн ачааллыг хэд дахин нэмэгдүүлж байгааг онцолж байна.

Үүний зэрэгцээ дэлхий нийтийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт 10 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын үеийн түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн байна. Өчигдөр л гэхэд зөвхөн АНУ-д нэг сая гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус “Вакцинжуулалтын тэгш бус байдал нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг алдагдуулж байна. Нөгөө талдаа вакцинжуулалтын тэгш бус хуваарилалт нь “дельта”, “омикрон” зэрэг хувилбарууд дэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг нь одоогийн нөхцөл байдлаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдаагүй олон тэрбум хүн байсаар байгаа нь харамсалтай. Энэ нь уг вирус тархах боломж хангалттай хэвээр байна гэсэн үг юм. Тиймээс бид вакцины хүртээмж, шударга хуваарилалт нь дэлхий нийтийн нэн тэргүүний шийдвэрлэх асуудал гэж харж байна” гэлээ.

Түүнчлэн ДЭМБ-аас эмнэлгүүд ачаалал ихтэй, боловсон хүчин дутмаг болж байгааг анхааруулж, халдвараас урьдчилан сэргийлэх нарийн арга хэмжээ авахыг улс орнуудад уриаллаа.

Эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг бууруулахад вакцинжуулалт өндөр үр дүнтэй хэвээр байгааг тэрбээр мэдэгдэлдээ онцолжээ.

Вакцинжуулалтын өнөөгийн үйл явцыг харахад, 109 улс 2022 оны долоодугаар сар гэхэд нийт хүн амын 70 хувийг вакцинд хамруулна гэсэн зорилтыг хэрэгжүүлэх боломжгүй болно. Тиймээс вакциныг бүх улс оронд тэгш хуваарилахын тулд нэн даруй хүчин чармайлт гаргахыг уриалжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *