Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” шуудангийн маркийн нээлт боллоо

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол өнөөдөр Төрийн ордонд болов. 1096 дахь сэдвийн шуудангийн үнэт цаас болж буй маркийн зураачаар “Монгол шуудан” компанийн Марк, үнэт цаасны хэлтсийн зураач Г.Баттөр, дизайнерээр Ж.Ганхуяг нар ажиллажээ.

“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт энэхүү блок марканд Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг болсон Ардчилсан шинэ Үндсэн хуулийн анхны хэвлэмэл эхийг залсан ба чимэглэл хэсэгт мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон төрийн далбааны өнгөн дээр “гал мэт мандан бадарч, наран, саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билиг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя” гэсэн гүн утгатай алтан соёмбо тэмдэг, түүний доор “Монгол Улсын Үндсэн хууль” хэмээсэн үгийг эвхмэл бичгээр бичсэн байна. Маркийн нээлтийн ёслолд Ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын бага хурал болон Улсын Их Хурлын гишүүд болон марк судлаачид, маркийг хамтран бүтээлцсэн хүмүүсийн төлөөлөл оролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *