Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев баасан гаригт тус улсын ихэнх нутаг дэвсгэрт Үндсэн хуулийн дэг журам сэргэж, орон нутгийн эрх баригчид нөхцөл байдлыг хянаж эхэлсэн гэж мэдэгдлээ.
Тэрээр терроризмын эсрэг ажиллагааны хуралдаанд оролцсоныхоо дараа “Бид терроризмын эсрэг ажиллагааг эхлүүлж, хууль сахиулах хүчнийхэн идэвхтэй ажиллаж байна. Ихэнх нутаг дэвсгэрт Үндсэн хуулийн дэг журам сэргэсэн. Орон нутгийн эрх баригчид нөхцөл байдлыг хяналтдаа оруулсан.
Гэвч зэвсэглэсэн алан хядагчид манай ард түмэн, иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсаар байна. Тиймээс алан хядагчдыг бүрэн устгаж, цэвэрлэх хүртэл терроризмын эсрэг ажиллагааг үргэлжлүүлнэ” гэсэн байна.
Алматы хотод гурван өдрийн турш үргэлжилсэн мөргөлдөөний үеэр олон зуун жагсагч болон олон арван цагдаа, цэргийн алба хаагчид нас барсан.
Эх сурвалж: TASS