2022 оны нэгдүгээр сарын 3-наас эхлэн есөн дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй есөн ангиллын 74 нэр төрлийн зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган “Онлайн бизнес төвийн Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Тэгвэл энэ сарын 6-ны байдлаар буюу дөрвөн хоногийн хугацаанд 6000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус системд хандан, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авчээ. Үүнээс 162 хүсэлт нь бүртгэгдсэн байна. Дээрх хугацаанд бүртгүүлсэн иргэн, аж ахуй нэгжүүдээс худалдааны чиглэлээр 91, хоол үйлдвэрлэлд 22 , ахуй үйлчилгээнд 15, авто үйлчилгээнд 14, зочлох үйлчилгээнд хоёр, соёл урлагт дөрөв, үйлдвэрлэлийн чиглэлээр долоо, тоглоомын чиглэлээр зургаан хүсэлт тус тус ирүүлжээ.
Мөн дуудлага, мэдээллийн 11-330844, 1800-1200 утсанд 65 орчим хэрэглэгч хандан зөвлөгөө, мэдээлэл авсан байна. Өмнө нь есөн дүүргийн хэмжээнд өдөрт 5-10 хүсэлт ирдэг байсан бол цахим хэлбэрт шилжсэнээр нэг дүүргийн хэмжээнд 6-9 хүсэлт ирж байгаа юм.