Categories
мэдээ цаг-үе

Казахстан: Зэвсгээ хаяагүй хүн бүрийг устгана гэж анхааруулав

Казахстанд нэгдүгээр сарын таванд дэгдсэн эмх замбараагүй байдалтай холбоотойгоор Казахстаны Ерөнхийлөгч Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас дэмжлэг хүсэн, улмаар ХАБГБ энхийг сахиулагчдыг илгээх шийдвэрийг гаргаж байлаа.

Улмаар нэгдүгээр сарын зургааны өдөр Казахстанд Оросын энхийг сахиулагчдын эхний ээлж болох Агаарын десантын тусгай зориулалтын 45 дугаар бригадын цэргийн алба хаагчид очсон юм. Мөн Беларусь улс ч энхийг сахиулах ротоо Казахстан руу илгээжээ. Энхийг сахиулах ажиллагаанд Армени, Тажикистаны цэргийн алба хаагчид ч оролцож байгаа юм. Харин Киргиз улс цэргээ илгээхийг ард түмэн нь эсэргүүцэн жагссан тул энхийг сахиулагчдаа Казахстан руу илгээхээс татгалзсан байна.

Казахстанд болсон үйл явдлыг хүчирхийллийн замаар тус улсын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг алдагдуулах гэсэн гаднаас хийсэн оролдлого хэмээн Оросын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Эмх замбараагүй байдлын үеэр Казахстанд 2298 хүн саатуулагдсан бол мянга гаруй эсэргүүцэгч гэмтэж бэртсэн байна. Харин эсэргүүцэгчид болон энгийн иргэд дундаас хичнээн хүн амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Алматы хотод болсон мөргөлдөөний улмаас хууль сахиулах байгууллагын 18 ажилтан амиа алдаж, 700 гаруй нь шархаджээ. Түүнчлэн хууль сахиулах байгууллагын хоёр ажилтны толгойг тасдсан байсныг олсон байна. Одоо хотын гудамжийг цэвэрлэсэн, төрийн байгууллагуудын барилгыг эрх баригчид бүрэн хяналтдаа авчээ.

Мөн Казахстаны цагдаагийн газар жагсагчид зэвсгээ хаяхгүй бол шууд буудна хэмээн сүрдүүлсэн байна. Энэ талаар Алматы хотын цагдаагийн газрын албан ёсны төлөөлөгч Салтанат Азирбек мэдэгджээ.

“Зэвсгээ хаяхаас татгалзсан хэн бүрийг устгана” хэмээн цагдаагийн газрын төлөөлөгч “Хабар24” сувгаар мэдэгдсэн байна.

Казахстаны Прокурорын газар олныг хамарсан эмх замбараагүй байдал, терроризмын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ хэрэгт оролцогчдыг найман жилээс бүх насаар нь хорих ялаар шийтгэж болзошгүй гэнэ.

Казахстаны нийслэл Нур-Султанд хяналтын зургаан пост гарсан, нэгдүгээр сарын зургааны өдөр ямар нэг эсэргүүцэл, жагсаал гараагүй байна.

ХАБГБ-ын 2500 энхийг сахиулагч Казахстанд ажиллана

Казахстанд энхийг сахиулагчид хичнээн хугацаагаараа үүрэг гүйцэтгэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Энэ нь нөхцөл байдал болон Казахстаны удирдлагын байр сууриас хамаарна гэж ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зась мэдэгдсэнийг Lenta.ru мэдээлсэн байна.

Түүний өгүүлснээр, Хамтын аюулгүй байдлын энхийг сахиулах хүчний 2500 цэрэг Казахстанд ажиллагаа гүйцэтгэх гэнэ. Гэхдээ шаардлагатай бол хүч нэмэгдүүлнэ хэмээн тэрбээр онцолжээ.

Пүрэв гаригт энхийг сахиулах хүчний Оросын бие бүрэлдэхүүн Казахстанд очон бол мөн өдрийн үдэш Беларусийн цэргүүд очсон юм. Харин өнөөдөр буюу нэгдүгээр сарын долооны баасан гаригт Армени, Тажикистаны цэргүүд газардах юм байна.

ХАБГБ-ын цэргүүд төрийн болон стратегийн чухал объектууыг хамгаалах, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хэв журам сахиулахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд харин жагсаал цуглаан тараах зэрэг ажиллагаа явуулахгүй гэж Ерөнхий нарийн бичгийн дарга онцолжээ. Гэхдээ шаардлагатай тохиолдолд энхийг сахиулагчид зэвсэг ашиглах эрхтэй гэдгийг дурдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *