Categories
мэдээ нийгэм

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тендерийг зохион байгуулахад хүний оролцоог бууруулах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, шуурхай хялбар болгох, хариуцлагажуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Шинэчилсэн найруулгын төсөлд тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх, мэдээллийн технологи, цахим шилжилтийн дэвшилтэт аргыг ашиглах талаар төсөлд тусгажээ.

Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөхөөс гэрээ дүгнэх хүртэлх үе шатны мэдээллийг www.tender.gov.mn цахим системд төвлөрүүлэн, хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгожээ. Худалдан авах ажиллагааны бүх шатанд захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийг олон нийтээс давхар хянах, тендер шалгаруулалтыг аль болох богино хугацаанд зохион байгуулах боломж бүрдэнэ.

Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

· Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн баталлаа.

· Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүллээ. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуй эрхлэгчдээс гадаад худалдаа эрхлэхэд шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналтын шалгалт, биет үзлэгийг хууль тогтоомжийн хүрээнд бууруулах, гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, бараа урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгалаа.

· Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа.

· Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар хангахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *