Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Маргад: Миний нөлөөллөөр бусад хүмүүс баярлаж байгааг харахад аз жаргалыг илүү мэдэрдэг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оны шилдэг хүүхэд” шагналыг гардуулсан билээ. 2021 оны улсын “Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс” төрөлд шалгарсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн 12А ангийн сурагч Ч.Маргадтай ярилцлаа.


-Юуны түрүүнд баяр хүргэе. Орон нутгаас хэзээ ирсэн бэ?

-Баярлалаа, Дундговь аймгаас 28-ны өглөө үүрээр ирсэн. Өнөөдөр орой буцах гэж байна даа (инээв).

-Улсын “Онцлох хүүхэд” болсон тухай мэдээг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Анги, сургууль, аймгаасаа шалгараад улс руу материалаа явуулсан. Амжилтаа бичиж байхад миний хийсэн ажлууд бага биш юм байна гэдгийг анзаарсан. Яг шалгарсан гэдгээ сонсоод энэхүү шагналыг хүртэх эрхтэй болов уу хэмээн бодсон.

-Хүмүүнлэгийн ямар ажлуудыг хийж байв?

-Бага ангийн сурагч байхаасаа л сайн дурын ажил хийж эхэлсэн. 2013 оноос эхлээд гурван жил аймгийнхаа Скаутын салаан дарга байсан. Тэр хугацаанд “Эх орон-36” үндэсний хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлсэн. Энэ нь улсдаа хайртай, чадварлаг иргэнийг бүтээх зорилготой богино хугацааны сургалт юм. Скаут байх хугацаандаа олон хүүхдүүдтэй уулзаж, ажиллаж өөрийгөө нээсэн гэж боддог. Ялангуяа ярианы чадвараа хөгжүүлж, юу хийх ёстой, юунд дуртайгаа багаасаа эрэлхийлсэн. 2017-2018 онд Өсвөрийн аврагч бүлгэмийн ахлагчаар ажиллаж байсан. Өсвөрийн аврагч болоод ахуйн осол гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах тухай “Амар мэндийн анхны алхам” сургалтыг цэцэрлэгийн хүүхдүүдэд орж, үе тэнгийнхэндээ байгалийн гамшиг, гал түймэр гэх мэт ослоос өөрийгөө хэрхэн хамгаалах, ямар арга хэмжээ авах ёстой талаар сургалт зохион байгуулсан. Харин ахлах ангид ороод “Open mic movie night” хэмээх арга хэмжээг санаачлан зохиож, олсон ашгаараа зорилтот бүлгийн хүүхдүүдэд тусалж, урам зориг өгсөн. Мөн цар тахлын үед эдийн засгийн хэцүү байдалд байгаа айл өрхүүдэд ахуйн туслалцаа үзүүлэх гэх мэт өөрийн байгаа газарт бага ч болов нөлөөлөл үүсгэж, аз жаргал түгээх ажлуудыг хийсээр байгаа. Миний хамгийн том ажил бол НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 17 зорилт” хэмээх хичээлийг аймгийнхаа таван сургуулийн хүүхдүүдэд орох байлаа.

-Танай сургуульд өөртэй чинь ижил сайн дурын ажил хийдэг сурагч олон байдаг уу?

-Би өөрийгөө оролцооны хүүхэд гэж боддог. Оролцооны байгууллагын ямар ч ажлыг ганцаараа хийдэггүй, хийж хүчрэхгүй. Надтай хамт баг болоод ажилладаг олон хүүхэд байдаг.

-Яагаад сайн дурын ажлыг хийх болсон юм бэ?

-Миний нөлөөллөөр бусад хүмүүс баярлаж байгааг харахад аз жаргалыг мэдэрдэг. Жишээлбэл, шинэ жилээр хүүхдүүдэд бэлэг өгөхөд тэр хүүхдүүдийн баярласан царайг харах маш сайхан. Хүн ямар нэг газарт өөрийн санаачилгаар сайн дурын ажил хийхэд тэнд байгаа бүх хүний дунд аз жаргал, энх тайван бий болдог юм байна гэдгийг ойлгосон.

-Сайн дурын ажилд цаг зарцуулахад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ?

-Аав, ээж маань жаахан хүүхэд байж гадуур их цагийг өнгөрөөж байна, хичээлээ цалгардууллаа гээд дэмждэггүй байсан. Бага ангид байхдаа л дунд, ахлах ангийнхантай Төв аймаг руу явчихдаг. Дунд ангиас сошиал медиа хөгжөөд миний хийсэн ажлын үр дүнг гэр бүл эргэн тойрныхон маань хардаг, дэмждэг болсон. Одоо бол дэмждэг.

-Хичээлээ орхигдуулахгүйгээр хүмүүнлэгийн ажлуудыг яаж амжуулдаг вэ?

-Орчин үед цаг төлөвлөлт сайтай хүн л амжилттай явдаг болсон. Өдөр тутмын бүх ажлаа цаг минутаар нь төлөвлөж бичдэг.

-Үеийнхэндээ болон дүү нартаа юу гэж зөвлөмөөр байна?

-Хийж байгаа зүйлдээ дурлах нь чухал. Би маш олон зүйлийг оролдож үзсэн. Олон зүйлийг турших явцад аль нь гоё мэдрэмж төрүүлж байна гэдгийг олоод тэр зүйлдээ цагаа зарцуулаарай. Бас олон зүйл амжуулж, танихгүй хүмүүстэй ажиллаж, харилцаж үзээрэй гэж хэлмээр байна.

-ЭЕШ-ын бэлтгэл эхэлсэн үү, ямар мэргэжлээр суралцахаар зорьж байна?

-Би хүний их эмч, мэс засалч мэргэжлийг эзэмшихээр зорьж байгаа. Яагаад гэвэл багаасаа л сайн дурын ажил хийж байхдаа миний бяцхан үйлдлээр хэн нэгэн аз жаргалтай болоход би илүү их аз жаргалыг мэдэрч байгаагаа олж харсан. Насан туршдаа бусдад дэм болж, урам зориг өгч амьдармаар байна.

-Ирэх онд ямар төлөвлөгөөтэй байна?

-Би төгсөх ангийн сурагч, шалгалтуудаа сайн өгч, АНУ-д эмч мэргэжлээрээ суралцаж дэлхийн иргэн болох зорилготой байна. Мэдээж сайн дурын ажил хийхээ зогсоохгүй. Энэ бол миний хобби болчихсон зүйл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *