9к ангийн 35 жилийн уулзалт
Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Монгол Улсын гавьяат багш Базарын Гомбын нэрэмжит Говь-Алтай аймгийн лаборатори нэгдүгээр сургуулийн 1987 оны 34 дэх төгсөлт “9к” ангийнхан оролцлоо. Тэднийг сурагч байхад Б.Гомбо сургуулийн захирлаар ажилладаг байжээ. Энэ тухай ангийн багш Л.Оюунчимэг “1985 онд Багшийн дээдийн монгол хэл, уран зохиолын ангийг төгсгөөд нутагтаа ирж “9к” ангийг нэг жил дааж байлаа. Тухайн үед есийн “А” бүлгээс эхлээд манай анги 11 дэх буюу “К” бүлэг байсан юм. Алтайн ихэнх сумдын сургууль найман жилтэй байсан учир ийнхүү олон бүлэгтэй байсан билээ. Б.Гомбо захирал эхийн хэвлийд байхдаа нэрээ олж авсан гэдэг, миний хувьд нагац ах минь. Эмээ хүүгээ гэдсэнд байхад аргал түүж яваад нэг “устай” чулуу олсон гэдэг. Түүнийгээ нутгийн мэдлэгтэй ахмад хүнд үзүүлтэл “Энэ их учиртай хүүхэд төрөх нь байна, Гомбо гэдэг нэр хайрлаарай, унаган нутагтаа ээлтэй, эрдэм ном түгээх хүүхэд төрнө өө” гэж хэлсэн гэдэг. Иймээс нутгийнхан түүнийг эхийн хэвлийд байхдаа нэрээ олсон юм гэлцдэг. Түүний нэгэн насны амьдралаа зориулсан эрдмийн өргөө- нэгдүгээр сургууль минь Алтайн үе үеийнхний оюуны боловсролд үнэтэй хөрөнгө оруулсаар түүхэндээ 70-аад удаагийн төгсөлтөөр 100-гаад мянган төгсөгчдөд эрдэм хүртээжээ” хэмээн ярианы эхэнд хуучиллаа. Физикийн багш, сургалтын менежер У.Энхтуяа сургуулийн 70, 80 жилийн ойн номыг өндөр түвшинд эмхэтгэн хэвлүүлжээ. Ялангуяа 80 жилийн ойн номонд сургуулийн бүх төгсөгчдийн нэрийг оруулсан нь мартагдашгүй сайхан үйл явдал болсныг ч хуваалцлаа.
“9к” ангийнхан 32-уулаа суралцаж, аравдугаар ангид дэвшихэд ангийн багш нь шилжиж тэднийг үлдсэн 10 бүлэгт хоёр, гурваар нь хуваасан байна. Тэднээс Я.Тайвантуяа Алтай сумандаа цэцэрлэгийн багш, Г.Гантөмөр аймагтаа, В.Баттулга Тонхил суманд, Ц.Ариунтуяа Сүхбаатар аймагт бизнес эрхэлдэг, Т.Эрдэнэтуяа Халиун суманд, Л.Туяа Гуулин тосгонд сургуулийн тогооч, П.Нарангэрэл Алтай суманд Хязгаарын цэргийн ангид бэлтгэл офицер, Д.Ганчимэг Цээл суманд сургуулийн бичиг хэргийн ажилтан, Ц.Энхцэцэг аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагч, Сономын Тунгалаг Улаанбаатарт “Jobi” төвд барилгын худалдаа эрхэлдэг, Ч.Мөнхөө нүүрс тээврийн туршлагатай жолооч, Б.Бат-Очир Цээл суманд малчин, Д.Дарьрагчаа Улаанбаатарт үзмэрч, Ш.Наранцэцэг Төгрөг сумандаа ажиллаж амьдардаг. Хөдөлмөрийн баатар, Улсын аварга малчин Дорж гуайн охин Долзодмаа нь удам залган Улсын хошой аварга малчин болж нутагтаа амьдарч байгаа. Л.Отгонцэцэг, Д.Эрдэнэчимэг, Б.Алтантуяа, Б.Дэвэрцоо, Т.Нямцэцэг нартаа ангийн андуудын зүгээс мэнд дэвшүүлж байна.
“Манай анги эвтэй, юуг ч бүтээж чадах хамт олон байсан. Ангийнхнаа бодохоор хайр хүрдэг. Бид өөр өөр ангид орсон ч биесээ, багшийгаа их үгүйлдэг байсан. Монгол хэл, уран зохиолын залуухан багш биднээс дөрөвхөн насаар эгч сайхан эмэгтэй ирж байлаа. Багшийг хараад л ямар гоё эмэгтэй вэ гэж гоо сайхны таашаал, үлгэр авдаг байсан. Бидэнд Монголын нууц товчоо, урлаг утга зохиолын тухай их ярьж өгнө. Багшаасаа хүнлэг байх, утга уран сайханд дурлахыг маш сайн суралцсан. Нэг насны амьдралын минь их том “оюуны цэнэг” байсаан” хэмээн ангийн дарга Д.Чимгээ хэлж байлаа.
Ангиараа Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд манжин хураахаар хөдөөг зориход ангийн багш нь, оюутан насны дурсамж, утга уран зохиол гээд олон зүйлийн тухай нээлттэй ярилцаж охидоо “манаад” хонодог байжээ. Энэ ярианаас багш, сурагчдын холбоо ямар ойр дотно, халуун дулаан найзууд шиг байсныг ажигланам.
Ангийн дарга Д.Чимгээ нь Анагаах ухааны сургуульд суралцаж, Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ангийг дүүргэн өнөөг хүртэл 33 жил Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарт зүтгэж байгаа аж. Багшийн “баруун гар” ангийн сайхан бичигтэн Ц.Жавзандулам бичиг хэргийн худалдаа эрхэлж, Чандмань сум нэгдлийн дарга Аварзэдийн хүү Батбаяр Канад улсад 15 дахь жилдээ ажиллаж амьдардаг, Дэлгэр сумын дарга Базарын хүү Цэнгүүнжав аймагтаа аялал жуулчлалын компани байгуулан ажилладаг, ангийн хамгийн даруу хөвгүүн Ж.Ядам Монголын цахилгаан барааны зах зээлд томоохон байр суурь эзлэх бизнесмэн болжээ, Тайшир сум нэгдлийн даргын хүү Ц.Болдбаатар Өвөрхангай нутгийн бүсгүйтэй ханилан хоёр сайхан хүүтэй болж барилгын салбарт, С.Цагаанбаатар аймгийнхаа нийгмийн бодлогын хэлтсийн даргаар олон жил ажиллаж одоогоор Соёлын хэлтсийн даргын албыг ангийнхнаа холбох албатай зэрэгцүүлэн хашдаг. Харин Ц.Баасансүх нь Бугат сумын багийн дарга, буянт сүргээ өсгөн эх нутагтаа сайхан амьдардаг бөгөөд ангийн найзуудаа урьсан мянгат малчин болжээ. Ангийн хөвгүүн Ч.Хүрлээ “Боржигон хийморь”, “Учирсан сэтгэл”, “Монгол заншил”, “Баярлуулж яваарай”, “Өссөн нутаг” зэрэг олон сайхан уран бүтээлээ туурвиж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч болжээ. “1987 онд “Эхийн сэтгэл” хэмээх анхны дууны үг, аяыг зохиосноос хойш өдгөө урын сандаа 170 орчим дууны шүлэг, 50 гаруй дуутай болжээ. Хамт олноо дурсан “Насан туршийн андууд” дуугаа зохиож сонсогч олонд хүргээд байна. “Боржигон хийморь” хэмээх дууг МУАЖ А.Энхтайван гуайтай хамтарч хийсэн нь одоогоор миний хамгийн оргил бүтээл болоод байна. Саяхан бяцхан авьяастан Б.Бат-Энэрэлээр дуулуулсан “Баярлуулж яваарай” дуу маань нийтэд өргөн түгээд байна” хэмээн Ч.Хүрлээ дурслаа. Эл хамт олноос салбар салбарын шилдгүүд, алтан гадас одонт, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт олноор төржээ. Харин шавь, ангийн анд Т.Цэнгэлмаа, Ц.Батцэнгэл хоёрыгоо арай л эрт хорвоогийн мөнх бусыг үзсэнд харамсаж байгаагаа хэлж, “Батцэнгэлийг гитар дарж байхыг араас нь харсан хэн ч дурлахаар хүү байсан” хэмээн дурсацгааж байсан юм. Ингээд шавь нар нь “Багш аа, та манай ангийг төгсгөсөн бол ангиас хоёр, гурван “хос” төрөх байсан шүү” гээд инээлдэж байлаа.
“Бид 10 жилд байхдаа ийм гоё багштай таарсандаа баярладаг. Хэрвээ оюутан насандаа таарсан бол нэг их ач холбогдол өгөхгүй өнгөрөх байсан байх аа. Яг шохоорхлын насан дээрээ царайлаг, эмэгтэйлэг, чөлөөтэй, гоё багш ороод ирэхээр бүгд үлгэр авч, дуурайж байсан” хэмээн ангийн охид хэлэв. 1986 онд Багш нарын баяраар тэдний урласан ханын сонин нэгдүгээр байранд шалгарч байж. Бөөндөө суугаад ангийн багш зөвлөж, цоо шинэ санаа гаргая гээд л ярилцаж одоогийнхоор комик ном шиг л ханын сонин хийж байсан тухайгаа дурсав. Ангийн хөвгүүн Ц.Болдбаатар маш сайхан зурдаг, С.Цагаанбаатар, ангийн дарга Д.Чимгээ нар ховор шүлгүүдийг цуглуулж бичих даалгаврыг биелүүлж байжээ. Ирэх онд эрдмийн сургуулиа дүүргэсний 35 жилийн ой болно. Ангийн багш нь аравдугаар ангиа төгсгөлгүй явсанд ангийнхан нь “гомдолтой” байдаг учир тэр орон зайгаа нөхөн, хойч үе үр хүүхдүүддээ зориулан ангийн хэмжээнд есөн үеийн ураг удмаа тодотгосон дурсамжит ном гаргах ажилд ханцуй шамлан оржээ. Л.Оюунчимэг багшийнх нь хэлснээр “Энэ ном бол бидний үлдээх цор ганц оюуны өв” гэдгийг онцолж байсан юм.
А.Батбаяр “Бид ямар гайхалтай багш нараар хичээл заалгаж байснаа гадны орноор аялж байхдаа ойлгосон. Атлантын далайн энэ түүхт газар бол Эрнест Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр” зохиолыг бичсэн дурсгалт газар, энэ зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн, зохиолын гол санаа нь өвгөн, загас, тэнгис гурав биш, хүн төрөлхтний дотоод оршихуй, амьдралын мөн чанарыг харуулсан… гэдгийг багш маань нүдэнд харагдтал тайлбарладаг байсан сан. Тиймээс бүх зохиолыг эхээр нь өөрийн эрхгүй уншдаг байлаа” гэсэн юм.
“Би хувь заяаны төөргөөр хоёр л анги дааж удирдсан байдаг. Эхнийх нь энэ 9к ангийнхан, дараа нь Дархан-Уул аймгийн Салхит тосгоны сургуулийн наймдугаар анги. Өнгөрсөн жил Салхитын сургуулийн 40 жилийн ой болж, ойн номын редактораар ажилласан. Тэр ангиас төмөр замын мэргэшсэн инженер Тунгалаг, Монголын “Кофены хатан хаан” Л.Дэлгэрмаа, хэлний мэргэжилтэн Д.Энхтуул зэрэг олон сайчууд төрсөн байдаг. Уран зохиолын хичээл дээр гэхэд “Жангар” баатарлагийн туулийг нийтээрээ гурван удаа чанга дуугаар уншаад сурагчид цээжилнэ. Эхлээд харж уншина, хоёрдугаарт нүдэндээ төсөөлж, гуравдугаарт сэтгэлдээ төсөөлж уншина. Ингээд л цээжилнэ дээ. Нийтээрээ гурван удаа уран яруу унших явцад хичээлд идэвхигүй оролцдог хүүхдүүд ч өөрийгөө шинээр нээж урам авдаг. Тэр үед 45 минутаар хичээллэдэг байлаа. Монгол хэлний хичээл дээр тухайн өдрийн цаг агаарыг холбоо үгээр хэлүүлнэ, тэдгээр үгсийг оруулсан долоогоос арван өгүүлбэр бичүүлдэг. Эхлээд хүүхдүүд тулгамддаг ч оюун санааны хувьд маш хурдан өсдөг. Өвлийн өдөр, борооны ус гэж хэлдэг байсан хүүхдүүд тугалган хүнд саарал үүл, борооны нүсэр үүл… гэх зэргээр үг сонголтын хувьд хурдан хөгждөг. Энэ бүхэн таван минутад багтдаг. Олон давтагдах тусам хүүхдүүдийн үгийн сонголт, найруулга сайжирдаг. Орчин үеийн Монгол хэл, уран зохиолын багш нар энэ аргыг дэлгэрүүлэн хэрэглэдэг байгаасай. Хожим шавь нартайгаа галт тэргэнд таараад багш нь сэтгүүлч болсон гэтэл “Та багшаараа ажиллаж байсан бол аль хэдийнэ гавьяат багш болох байсан” гэж хэлэхэд нь омогшиж л суулаа. Одоо бодоход шавь нар маань бүгд бичиг соёл, утга зохиолтой ойр яваа. Утга зохиол, номын амтанд орж, хүн байхын мөн чанарыг ойлгуулж өгсөн та үнэхээр үнэ цэнэтэй гэж ангийн дарга Д.Чимгээгийн маань хэлсэн үг миний нэг бахархал байлаа. Би Монголын утга зохиолд хэд хэдэн сайн яруу найрагч, сэтгүүлчдийг төрүүлсэн юм билээ. Шинэ үеийн соён гэгээрүүлэгчдийн нэг гэж нэрлэгдсэн Баасангийн Номинчимэд бол миний шавь. Есдүгээр ангид байхад нь гадаадын уран зохиолын хичээл дээр билетээр улсын шалгалт авах болов. Номио гаднаас ороод ирэв. “Бүх эх зохиолыг уншсан хүүхэд” гэж хэлтэл, Номио билетээ сугалаад би бэлтгэлгүй ярья аа гэж байсан. Ийм л хүүхэд байсан. Номио маань аравдугаар ангиа онц төгсөөд үеийнхнээ уриалж илгээлтээр гурван жил Бугат суманд мал малласан. Одоо “Цагаан бороо” номыг нь нийгмээрээ шимтэж байгаагийн нэг шалтгаан бол Номио өв соёлыг арван хэдхэн насандаа мэдэрч малчи9к ангийн 35 жилийн уулзалтАд, уламжлал, өвгөдтэй ойрхон амьдарсан гурван жилийнх нь үнэ цэнэ өнөөдөр гарч ирж байгаа байх аа” гэлээ. Бас сэтгүүлч Л.Эрдэнэмаа, яруу найрагч А.Сүглэгмаа нар байна.
А.Батбаяр, ангийн багш болон
“Өргөн Сэлэнгийн давлагаа” номын зохиогчийн хамт
Л.Оюунчимэг багш СХД-ийн 38 дугаар хорооны “Сайн хөрш 53” СӨХ-ны дэргэд хүүхдийн ном уншлагын төвийг санаачилжээ. Дөрвөн зуугаад айлын мянга орчим хүүхэд бужигнаж байх тус хотхонд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын дэмжлэгээр “Хөх дэвтрүүд- 108 боть”-ийн үргэлжлэл “Эрдэнэсийн сан-50 боть” номтой болсон тус төвийнхөн орой бүр 19:30 цагаас үлгэрийн цаг хичээллүүлдэг. Халиунаа, Энхжин, Номио, Уянга, Г.Түмэнбаяр, Т.Буднямаа зэрэг охид, хөвгүүд болон СӨХ-ийн захирал Н.Амгаа нар үргэлжлүүлэн авч яваа. Нийгмийн соёл, ухамсар муудаж байгааг анзаарч Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараа хотод номын арвин нөөцтэй ордон байгуулсан байна. “Magic box”-оос ч өмнө орон нутагт анх удаа Номын ордондоо хүүхдүүд кофе, цай уунгаа, бүх төрлийн оюуны тоглоомоор тоглоод номоо уншдаг, энэ ажлыг нь “Мөнгөн хараа” чуулгын дарга Б.Дэнсмаа, бизнесмэн Ч.Машбат, сумын Засаг дарга Б.Ганболд зэрэг сайхан сэтгэлт хүмүүс байнга дэмждэгт талархдаг аж.
Орчин үеийн гэр бүл хүүхдийн хүмүүжлийг орхигдуулж байгаад сэтгэл эмзэглэж буй тухайгаа хуваалцсан юм. “Намайг хүүхэд байхад хүн бүр нэг үлгэр ярьж унтдаг, аав, ээжүүд хүүхдээ их хөгжүүлж, урамшуулдаг байсан. Харин бидний тухайд манай гэрийн уламжлал бол хүн бүр гурван онигоо яриад инээлгэсэн нь “супер” болдог байлаа. “Цахим монголчууд” түүхийг сонсохоор хүүхэд эх түүхээрээ бахархаж, шимтдэг юм байна лээ. Тиймээс доктор Д.Өлзийбаатарын 40 цагийн лекцийг орой бүр сонсгож байхыг зөвлөж байна.
Мөн бидний зарим хэсэг нь улс орны амин чухал асуудал яригдаж байхад түүний хажуугаар өнгөрөх мөртлөө сошиалд дэмий зүйлд цаг, сэтгэлээ зарж байна. Үүнээс хол байлгахын тулд бид хүүхдийг багаас нь уншуулж сургах хэрэгтэй. Хүний хөгжил утга зохиолтой холбоотой байдаг, хүүхдийн хүмүүжил, тэр дундаа ном дотоод сэтгэлийн хөгжилд ямар чухал вэ гэдгийг анхаарах шаардлагатайг онцоллоо.
Үүний сацуу бүх зүйл шүтэн барилдлагатай байдгийг, хамт олныг эвсэг, насан туршийн холбоотойгоор удирдаж, зангидаж авч яваа шавь нар, тэр дундаа ангийн дарга Д.Чимгээ, хувьсгалт залуучуудын эвлэлийн дарга С.Цагаанбаатар нартаа талархаж, ном, эрдмээр дамжуулан хүүхдүүдээ ямар сайхан төлөвшүүлж, оюунжуулж байсан юм бэ гэдгийг тэднийхээ ярианаас сонсон талархаж буйгаа мишээл дүүрэн илэрхийлэв.
Эцэст нь монголчууд бид уламжлалаасаа холдож болохгүй. Яг энэ л цаг үед баг, сум, аймаг, хотлоороо Монголчууд минь сэрэх, сэтгэх хэрэгтэй байна. Хүүхдийг зөвхөн аав ээж нь биш хөрш, хороо, гудамж, сумынхан хүмүүжүүлдэг. Ингэж байж шинэ зууны сэхээрсэн, бүтээлч иргэд бий болохыг ИРЭЭДҮЙ хэмээх их өндөрлөг рүү өнөөдрийн замаар тэмүүлж буй үнэ цэнэт хүн бүхэнд хаяглан хэлсэн юм.
Ангийн хөвгүүн МУСТА Ч.Хүрлээгийн үг, ая “Жаргаж амьдрах хорвоо” дууг хүргэж байна.
Өглөө өглөөдөө мандах наран
Өнгөлөг байхад орчлон гэгээлэг
Өөдөсхөн жаахан балчир насандаа
Өхөөрдүүлж өсөх хүүхдүүд жаргалтай
Зөөлнөөс зөөлөн нинжин сэтгэлтэй
Ээжийнхээ хайранд үрс нь жаргалтай
Өгөөж буянтай төгөлдөр аавынхаа
Ивээл буянд гэр бүл жаргалтай…
Шигтгээ
УБДС-ийг багш мэргэжлээр, ТЗУХИнститутийн төрийн удирдлагын ангийг арга зүйчээр, МХХүрээлэнгийн СЗДКурсийг сэтгүүлч мэргэжлээр төгсгөсөн Л.Оюунчимэг багш залуучууд – эвлэл – эмэгтэйчүүдийн байгууллагад олон жил ажиллаж байна. Өдгөө “Номын цагаан хишиг” цуврал номоороо хүүхэд, залуучууд бүхий л насныхны оюуны мэдлэгт хувь нэмрээ оруулсаар явна.
• Эхчүүд- хүүхдийн эрх ашгийг хамгаалах “Ирээдүйн хишиг сан” ТББ”-ын Тэргүүний хувьд “хоёр дахь арван жил”-ийн түүхээ бичилцэж байгаа ба улсын хэмжээнд орон нутагт байгуулагдсан хоёр дахь бие даасан ТББ юм. ЛЭОС-ийн Сэлэнгэ аймгийн тэргүүн байхдаа аймгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн таван том төслийг хэрэгжүүлсэн нь бидний бахархал билээ.
• “Алтай-Гомбо Сан”-гийн тэргүүний хувьд Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 153 тоот тогтоолын хавсралтад зааснаар Говь-Алтайн төвийн нэгдүгээр сургууль Монгол Улсын Гавьяат багш Базарын Гомбын нэрэмжит болсон нь нутийнхны бахархал билээ.
• ГАА-ийн Есөнбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 45 тоот тогтоолоор Нэгдсэн эмнэлгийн шүдний тасаг шүдний их эмч Базарын Цэрэндолгорын нэрэмжит болов.
• Дарви сумын ЕБС-д төр захиргааны удирдах ажилтан Халтархүү Лхагваагийн нэрэмжит ТҮҮХИЙН ХИЧЭЭЛИЙН КАБИНЕТ 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд нээгдсэн болно.
• МБОИЗ-(Монголын байгаль орчны иргэний зөвлөл), “Ногоон парламент”-ын гишүүний хувьд Мандал, Зүүнхараа болон нийт таван сумдад ойн нөхөрлөлийн 200 сая төгрөгийн буцалтгүй төслийг хэрэгжүүлсэн нь байгаль орчныг хамгаалахад оруулсан хувь нэмэр маань байлаа.
• Монголын Ураг удам уламжлалын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сэлэнгэ салбарын Тэргүүний хувьд 2018 оны Тэргүүний салбар зөвлөлөөр шалгарсан нь хамт олон болон аймгийн Засаг дарга Ш.Оргил орон нутгийн дэмжлэг байлаа.
• “Мандлын ногоон дэлхий” ХХК-ийн захирлын хувьд улсын тэргүүний сум, Мандал, Зүүнхараа хотод хүүхэд залууст зориулсан “Ном-Эрдэм Төв”-ийг барьж байгуулсан нь цаг үеэ олсон ажил байлаа. Үүнд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат болон аймгийн Иргэдийн хурлын нэр бүхий долоон төлөөлөгч, сумын 30 төлөөлөгчийн дэмжлэг, туслалцаа байлаа.
А.ГАНАА